МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ 1990-ЭЭД ОНД

  1. Чөдөртэй эрх чөлөө

“..Чамд хоёр л зам байна. Нэг бол сэтгүүлч нэртэй бялдууч болох, эсвэл мэргэжлээ солих. Ах нь чамд туршлагаасаа ярьж байна. Сэтгүүлч хүн шударга байх арга алга. Лав л Монголд…”

Олон жилийн өмнө буюу 1991 оны зун Залуучуудын байгууллагын 70 жилийн ойн баярын хүлээн авалт дээр учирсан нэгэн танил сэтгүүлч маань ийн ярьж билээ. Сэтгүүлч хүний шинэ эрх чөлөөнд баярлаж, олны анхаарлыг татсан хурц нийтлэлээрээ бахархаж, дүрсгүй хүүхэд шиг нүдээрээ дамшиглан инээж явдаг энэ хүн тэгэхэд танигдахын аргагүй гундуу байсан нь санаанаас ер гардаггүй юм. Гуньсан сэтгэлээ засах гэж өмнөө байсан хундага архийг хөнтрөөд, толгойгоо гудайлган бодолхийлэх тэр мөчид цонхны цаана пижигнэх ёслолын буудлагын гэрэл гэгээ түүний уйтгар дүүрэн нүдэнд тусан замхарч билээ.

80-аад оны дунд үед Монголд өрнөсөн эдийн засгийн өөрчлөн байгуулалтыг хэрэгжүүлэх улс төрийн арга нь ил тод байдлыг дэмжих буюу нийгэмд хэвшсэн царцанги байдлыг эвдэж, олон түмний бүтээлч сэтгэлгээг сэргээхэд оршиж байсан гэдэг. Энэхүү дээрээс тогтоосон хэмжээ хязгаарт эрх чөлөө нь социалист тогтолцоог мухардлаас гаргах зорилго агуулж байсан хэдий ч нийгмийн харилцааг, юуны өмнө мэдээллийн хэрэгслийг нойрноос нь сэрээсэн түүхтэй. Чухам энэ л үед монголын сэтгүүлчид онгон дагшин… хэмээн бахархаж байсан байгаль орчны сүйрлийн тухай ам нээж, эх нялхсын эндэгдэл, гэмт хэрэг, улс төрийн хэлмэгдлийн тухай сэтгэл сэрдхийлгэсэн тоо баримтыг ил гаргаж зүрхэлсэн юм. Зүрхлэх гэдгийг учрыг уншигч та ойлгож буй биз ээ: тэр үеийн өөрчлөн байгуулалт нь социалист нийгмийн тогтолцоог халах бус “аврах” учиртай байсан тул нийгмийн бүхий л салбарт ноёрхогч намын удирдан чиглүүлэх үйл ажиллагаа үргэлжилсээр байсан. 1989 онд МАХН-ын ТХ-ны дэргэдэх хэвлэл , утга зохиол хянах газар татан буугдаж, сэтгүүлчид хэвшил болсон социалист шүүмжлэлийн хүрээнээс хальж илүү чөлөөтэй бичих болсон ч, хуулиар баталгаажсан эрх чөлөө хараахан байгаагүй билээ. Ийм нөхцөлд нийтлэлийн бодлогодоо өөрчлөлт оруулах, “хэцүү” сэдвийг хөндөж түүнд олны анхаарлыг хандуулах нь сэтгүүлч хүнээс ихээхэн эх зориг, хариуцлага шаардаж байсан юм.

“Ил тод байдал энээ тэрээ гэсэн ч Намын Төв Хороо байж л байсан. Миний ажиллаж байсан Батлах Хамгаалах яамны сонинд бүр ч хатуу. Социализмын хянаж шахдаг бүхий л булхайтай юм чинь манайд хамгийн тодоор илэрдэг байлаа. Элдвийн болохгүй юм бичвэл шууд л дуудагдана…”

Сэрүүлэг сонины эрхлэгч асан С.Баярмөнх хуучин ЗХУ-ын Львов хотод сэтгүүлчийн мэргэжил эзэмшээд 1989 онд эх орондоо эргэж ирэхэд, өөрийнх нь тодорхойлсноор “Энд амьдрал ёстой гоё, нэг тийм … дэлбэрэлттэй. Улс төрийн халуурал бүр 42 хэм хүрсэн…” байсан ч, “хамаагүй чанга дуугарсан хүн хэл аманд өртдөг байсан… Тэгэхэд надтай хамт ажиллаж байсан Элбэгдорж нэг удаа ирээд, би удахгүй дуудагдаж магад, тэгвэл ийм утсаар ийм хүнтэй ярьж хөөцөлдөөрэй гэж билээ” хэмээн адал явдалт кино ярьж буй мэт нүдээ гялалзуулан хүүрнэх нь энэ цаг үе түүний сэтгэлд чухам мартагдашгүй дурсамж болох үлдэж дээ гэлтэй.

Харин 1990 оны хавар ардчилсан хүчнийхний шахалтаар Засгийн газар огцорч, улмаар МАХН нийгмийг удирдах үүргээсээ татгалзсанаар хэвлэл мэдээллийнхэн намын зааварчилгаа, улс төрийн шууд нөлөөнөөс ангижраагүй юм гэхэд ямар ч байсан эрх чөлөөний уур амьсгалыг мэдэрч, эрүүлжих өөдрөг үзэл тэдний дунд бий болсон болов уу. Гэтэл надад мэргэжлээ солихыг зөвлөж байсан танил сэтгүүлч маань тэгэхэд юунд тэгтлээ гутарсан хэрэг вэ…

1990 оны 2 сард Монголын ардчилсан холбооноос “Шинэ толь” сонин гарч, түүний араас чөлөөт хэвлэлийн “үер” буусан тухай манай улс төрчид, сэтгүүлч, эрдэмтэд тоо баримт татан ярих дуртай. 1989 онд зуугаад сонин сэтгүүл гарч байсан бол 1991 оны 7 сар гэхэд 155 сонин шинээр гарч, нүүдлийн соёл уламжлалаа хадгалж ирсэн Монгол орны сонин сэтгүүлийн тоо 1993 онд 270-аас илүү болсон тухай барууны судлаачид ч мэргэжил нэгт нөхдөдөө сонирхуулан дурдсан байдаг.

Өнөөдөр Хууль Зүйн Яаманд бүртгүүлсэн сонин хэвлэлийн тоогоор бол Монголд хэвлэл мэдээллийн эрх чөлөө амжилттай хөгжин цэцэглэж байгаа дүр зураг гарна. Үнэхээр ч 90 оноос өмнөх Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн дүр төрх, тоо ширхэг, нийтлэл нэвтрүүлгийн агуулга, тэр үеийн сэтгүүлчдийг өнөө үеийнхтэй харьцуулахын арга үгүй юм. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхны корпорац болох “Монгол ньюс” компанийн захирал Ц.Балдорж асан “Нийгмийн бусад салбартай харьцуулах юм бол монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, ардчилсан нийгэмд орох шилжилтийн үеэ амжилттай даван туулж байна” хэмээн 90-ээд оны сүүл үед сэтгэл хангалуун тэмдэглэж байсан. Гэвч Монголын олон нийтийн мэдээллийн хэрэгслийн шинэ түүх буюу өнгөрсөн 8 жилийн үйл явдлын тухай эргэцүүлэн бодвоос, ялангуяа энэ салбар дахь өөрчлөлт хөгжил нэлээн ээдрээ төвөгтэй явагдсан, өнөөгийн уур амьсгал ч амар тайван биш байгааг ойлгож болох юм.

Ардчилсан нийгэмд тухайн улсын иргэд мэдээлэл авах, нийтэд чухал, нийгэм, улс төрийн ач холбогдолтой асуудлын талаарх бодлоо ил тод чөлөөтэй илэрхийлж, харилцан санал солилцох гол индэр нь байх үүргийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гүйцэтгэдэг. Мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар бүрэлдэн төлөвшиж, эргээд түүнд тусгалаа олдог нийгмийн санаа бодол нь төр засгийн бодлогод нөлөөлж гэмээ нь ардчилсан засаглал буюу ард түмний засаглал бодит биеллээ олдог болов уу. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл тийнхүү ард түмнийг төр засагтай нь холбох гүүр байхаас гадна төр засгийн үйл ажиллагааг хянах байгууллага байж, тэдний бодлого, шийдвэр, үйл ажиллагааг олон түмэнд ил тод байлгах үүрэгтэй. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл энэ үүргээ юуны өмнө төрийн оролцоогүйгээр, нийтлэлийн бодлогын хувьд бие даасан байж чадсан нөхцөлд л бүрэн дүүрэн биелүүлэх боломжтой юм. Иймээс ч ардчилсан нийгэм байгуулахыг зорьж буй улсад төр засаг нь мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөг хамгаалах, чөлөөт олон ургалч мэдээлэл түгээх хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлж өгөх үүрэгтэй байдаг.

Монголын сонин хэвлэл, радио телевиз нь 70 жилийн турш төр засгийн бодлогыг “тайлбарлан таниулах” үүрэгтэй явж ирсэн бөгөөд ардчиллын тугийг намируулж, социалист нийгмийн тогтолцоог халах түүхэн үедээ ч “сурталчлах” үүрэг бүхий төрийн мэдээллийн хэрэгсэл байх ёстой гэсэн ойлголтоосоо ангижирч чадсангүй. Нийгэмд шинэ нөхцөл байдал үүсэж буйн улмаас шинэ бодлогоо тайлбарлан таниулах хэрэгтэй гэж үзээд 1990 оны зун БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 42 дугаар тогтоолоор төрийн төв хэвлэл болох “Ардын Эрх” сониныг бий болгож, намар нь Засгийн газрын төв хэвлэл болох “Засгийн газрын мэдээ” гарсан юм. “Ардын Эрх” сонин 1998 оныг дуустал Монголын хамгийн олон уншигчтай өдөр тутмын сонин байв. АИХ-ын тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн сонин сэтгүүлийн нэгдсэн редакцын удирдлагаар үйл ажиллагаагаа явуулах ёстой тус сонины газрын орон тоо, цалингийн санг СНЗ баталж байв. Төрийн өндөрлөгөөс ардчилсан нийгэм байгуулах зорилго тунхаглаж, хэвлэлийн эрх чөлөө бодит биеллээ олсон хэмээн зарлаж байсан хэр нь хууль тогтоох байгууллагаас ерөнхий эрхлэгчийг нь баталж, чиглэлийг нь тодорхойлж өгдөг төрийн статустай сонин бий болгосон нь ардчиллын зарчимтай зөрчилдөж, энэ нь монголын мэдээллийн хэрэгслийн түүхэнд ул мөрөө үлдээсэн юм. Ялангуяа 1990–1992 онд Улсын Бага Хурлын зарим гишүүн, “Ардын Эрх” -ийн хооронд зөрчил үүсэж, зарим дарга нийтлэлийг үзүүлсэнгүй, нэгдүгээр нүүрэнд тавилаа, товч мэдээлж болох байсан гэх мэтээр зэмлэх нь бүү хэл, “ноцтой” мэдээлэл нийтэлсний учир сониныг Улсын Бага Хурлаар авч хэлэлцэж байсан нь социализмын үеийн хатуу хяналтыг дэндүү санагдуулах бус уу ?

Нөгөө талаар “Ардын Эрх” сонин өөрөө аливаа туйлшралаас ангид байж, бодит мэдээллийг олон түмэнд хүргэж ирсэн хэмээн зарлахын сацуу “Бид хүч чадал, нөөцийнхөө хэрээр төрийн өндөрлөгүүдийн тусын тулд ажилласаар ирсэн… Шинэ тогтолцооны үед төр төвхнөх үйл явцад төр өөрийн сонинтой байх нь зүй ёсны өвөрмөц онцлог байлаа. Төр энэ зэвсгээрээ олон түмэнд өөрийгөө ойлгуулж, мэдрүүлж, сэтгүүлж байсан нь үнэн” гэдгийг хүлээн зөвшөөрч байсан нь “Ардын эрх — Өнөөдөр”1 сонинд дурайж байдаг юм. (АЭ Өнөөдөр ¹ 140, 1996–07–16)

Харин Монголын төрд бие даасан чөлөөт хэвлэл бус, чухамхүү өөрт нь үйлчлэх зэвсэг хэрэгтэй байсныг ойлгоход тийм ч бэрх биш биз ээ. 1990-ээд оны эхэн болон дунд үед “Ардын Эрх”-ийн статусын тухай нэг бус удаа хэлэлцэж, олон нийтийн зүгээс төрийн төв хэвлэл, радио телевизийг чөлөөт болгохыг олон дахин шаардаж байжээ. 1996 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд МҮАН-МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл олонхын суудал авч ялалт байгуулахдаа хэвлэлийн чөлөөт байдлыг улс төрийн салбарт хийх гол өөрчлөлтүүдийн нэг хэмээн сонгогчидтой хийх гэрээндээ тусгасан юм. Сонгуулийн дараахан буюу 7 сарын 5-ны дугаартаа, “Ардын эрх” сонин өнгөрсөн хугацаанд чөлөөт хэвлэл байх эрмэлзлээ алхам алхмаар, бололцооныхоо хэрээр хэрэгжүүлж ирснээ дурдаад, “эвслийн бодлогыг бүрнээ дэмжиж эдийн засаг, материаллаг баазын хувьд өөрийн үйл ажиллагаагаараа нэгэнт бие даасан учир төрийн төв хэвлэл статусаасаа татгалзаж чөлөөт хэвлэл болсноо мэдэгдэж байна”3 хэмээн зарласан билээ. Сонины эрхлэгч Ц.Балдорж асан энэ тухай тайлбарлахдаа, “Өөрийн гэх нэг мөнгөний дансгүй” анхны дугаараа гаргаж, төрөөс татаас дэмжлэг авалгүйгээр өөрөө өөрийгөө бие даан аваад явах бэлтгэлийн үндсэн дээр “Ардын эрх” өөрөө төрийн статусаасаа татгалзах алхам хийсэн нь хэвлэлийн чөлөөт байдлыг хангахыг амласан шинэ парламент, засгийн газрынхан урьдчилан баяр хүргэх ёстой зүйл гэжээ.4 Харин төрийн шинэ эрх баригчид нь “Ардын эрх” сонин, Улсын их хурлын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн статусаа өөрчилсөн, төрийн төлөө үйл ажиллагаа явуулдаг хэр нь ашгаасаа олсон хөрөнгөөр ХХК-ийн дүрмийн сангаа бүрэлдүүлсэн хэмээн буруушааж “Ардын эрх”-ийн шийдвэрийг хүчингүйд тооцсон юм. 1996 оны 9 сараас Ц.Балдоржийн асны байгуулсан “Монгол ньюс” компани Монголд анх удаа төрийн бус өдөр тутмын “Өнөөдөр” сонин гаргаж, уг сонин нь төр засгийн сонины сөрөг хүчний байр суурийг эзэлсэн юм. “Өнөөдөр” сонин ерөнхийлөгч, Хувьсгалт намын ашиг сонирхлыг хамгаалдаг, эвслийнхээ эсрэг бодлого явуулдаг хэмээн шүүмжлэх хүн олон байдаг. Тус сонины ерөнхий эрхлэгчийн нэгдүгээр орлогч асан, улс төр судлаач Б.Монхоогоос энэ талаар түүний байр суурийг сонирхоход, “Энэ үнэний хувьтай гэдгийг бид үгүйсгэхгүй. “Ардчилсан холбоо” эвслийнхэн төрийн төв хэвлэлийг өөрсдийнхөө ашиг сонирхлыг хамгаалах зэвсэг болгон ашиглаж байна. Гэтэл үүнийг хүмүүс тэр болгон ойлгохгүй, өрөөсгөл мэдээг бодит мэдээ хэмээн хүлээн авч байгаа. Энэ нөхцөл байдал арилаагүй байхад бид байр сууриа хадгалсаар байх болно. Өөрөөр хэлбэл, цаг үе биднийг сөрөг хүчин, эвслийнхний шүүмжлэгч байхыг шаардаж байна” хэмээн тайлбарласан юм.

Хамгийн хүртээмжтэй бөгөөд нөлөөтэйд тооцогддог радио телевизийн салбар ч төрийн хараа хяналтаас мултарсангүй. 1991 онд Монголын радио телевизийн захирал байсан сэтгүүлч З.Алтай “Монгол улсын засгийн газрын дэргэдэх радио телевизийн бүтэц, зохион байгуулалт үйл ажиллагааг шинэчлэн өөрчлөх тухай” санал боловсруулсан нь дэмжлэг хүлээсэнгүй өнгөрчээ. Үүнээс хойш 3 жилийн дараа Монгол телевизийн 9 хүн хамтарч “Монгол телевизийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн шинэчлэх хөтөлбөр” боловсруулж, олон нийтийн мэдээллийн бодлого, санхүүжилтийн хувьд бие даасан үйл ажиллагаатай Монголын Үндэсний Төв Телевиз байгуулан өндөр хөгжилтэй орнуудын олон нийтийн телевизийн жишгээр ажиллахыг санал болгож байсан авч Монгол Телевиз, Монголын Радио нь төрийн мэдэлд үлдэж, мэдээллийн зах зээлд монопол байр суурь эзэлсээр нэлээд олон жилийг үдсэн билээ.

Хөгжлийнхөө хэдэн зуун жилийн турш ардчилалд суралцаж, олон ургалч үзэл, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлын учир холбогдлыг биеэрээ мэдэрч ухаарсан хөгжингүй улс орныхонтой бидний Монголчууд яаж дүйх вэ. Бүртгэх, хянах, зөвшөөрөл олгох буюу хорих сэтгэлгээнээсээ тийм ч амархан салж чадаагүй. Ардчиллын бороо орж чөлөөт хэвлэл мөөг мэт ургаж эхэлмэгц даруй 1991 онд хэвлэл эрхлэн гаргагчдыг хууль зүйн яаманд бүртгүүлж зөвшөөрөл өгч байх шинэ горим тогтоов.

Сэтгүүлчид Монгол улсын иргэний хувьд үндсэн хууль болон бусад хууль журмыг даган мөрдөх үүрэгтэй атлаа хэвлэлийнхээ нийтлэлийн бодлогыг хуулийн хүрээнд явуулах тухай давхар тайлбар хийж, эдийн засгийн тооцоо, санхүүгийн эх үүсвэрийнхээ тухай тайлан тавих хэрэгтэй болов. Энэ талаар хэвлэл эрхлэн гаргагчид янз бүрийн бодолтой байх агаад ялангуяа 1990-ээд оны сүүл үеэр үүнийг буруушаах хүмүүс олширсон юм. “Амьдралд шалгарч үлдэх ёстой юмыг Хууль зүйн яам урьдчилан зохицуулах гээд байх юм. Оюуны өмчийн хувьд эрхлэн гаргагчийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс бүртгэж байвал өөр хэрэг л дээ. Харин үүнийг оюуны өмчийг хамгаалах газар хийх ёстой атал төр засаг хийх ёсгүй юмаа хийгээд байдаг” хэмээн Монхоо гуай шүүмжилж байна. “Сэрүүлэг” сонины эрхлэн гаргагч асан С.Баярмөнх “Хууль зүйн яаманд бүртгүүлэх чинь ямар аюултай байдгийг сая л ойлгосон. Хууль зүйн сайд асан Амарсанаагийн тухай нэгэн нийтлэл гаргасныхаа төлөө Хууль Зүйн Яамтай зөрчилдөж, манай сониныг бараг хаах дээрээ тулж байсан шүү. Бид эрхийг нь өгсөн юм чинь хаах ч эрхтэй” гэж тэд нар хэлж чадаж байгаа юм даа” гээд толгой сэгсэрнэ. Харин тухайн үед Хууль Зүйн Яамны Эрх Зүйн Бодлогын хэрэгжилтийг хариуцаж байсан А.Энхбаяр “Энд ер нь эмзэглээд байх юм байхгүй, бусад газрын бүртгэлийн журам үүнээс ч ширүүн байдаг, харин ч хэвлэл мэдээллийнхнийг бүртгэх горим чинь их либерал байгаа” хэмээн ширүүхэн мэдэгдээд, өөдөөс нь харж суусан намайг нэг хэсэгтээ мартчихав уу гэлтэй шүүгээнээсээ хоёр хайрцаг чүдэнз гаргаж нэгийг нь нөгөө рүү юүлж нэлээн удаан дуугүй сууснаа арай зөөлөн дуугаар “ер нь ч энэ горим чинь нэлээд дээр үед, бүр шинэ үндсэн хууль батлагдахаас өмнө гарсан л даа. Өөрчилмөөр байвал тэр хууль тогтоодог байгууллагадаа хандахгүй юу, пожалуйста” гээд яриа дууссан бололтой ширээнийхээ араас босож цонх руу харан зогссон юм. Харин уг яамны гэмт хэрэгтэй тэмцэх бодлого зохицуулалтын албаны дарга Г.Даштүдэв гуай энэ талаар арай өөр бодолтой байдгаа нуусангүй. “Хэн нэгэн бүртгэж л таараа, манайд биш юмаа гэхэд өөр нэгэн газар. Харин хүнд суртлыг нь багасгах л хэрэгтэй, энэ мэтийн олон асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай байна. Сэтгүүлчид өөрсдөө эрх ашгаа хамгаалж чадахгүй, өөрсдийгөө унагааж, улс төрчдийн тоглоом болоод байх юм, энэ бол манай Монголын хувьд хамгийн эмгэнэлтэй зүйл.”

Гэтэл 1990 оноос хууль тогтоогч эрхмүүд чамгүй олон зүйлд суралцаж буй хэдий ч ардчиллын амин сүнс болох хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн таатай орчныг бүрдүүлж хүчлэхгүй, өөр хоорондоо ч санал зөрөлдөж, эрдэмтэд сэтгүүлчдийн дунд ч маргаан тасрахгүй 8 жилийг барав.

1992 оны ардчилсан Үндсэн хууль иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, мэдээлэл авах эрхийг хуульчилсан билээ. Гагцхүү энэ эрхийг бодит амьдралд хэрэгжүүлэхийн тулд хэвлэлийн болон мэдээллийн эрх чөлөөг баталгаажуулаагүй учир өнөөг хүртэл Үндсэн хуулиар тунхагласан дээрх эрх чөлөө хагас дутуу биелж буй.

Улс төрийн үзэл суртлын дарангуйллаас ангижирч, олон ургалч үзэл бодлыг хүндэтгэн, иргэн бүрд нийгэм улс төрийн үйл явцад оролцох боломжийг олгохын тулд хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол олон нийтийн мэдээллийн хэрэгслийн салбар дахь өөрчлөлт билээ. Гэтэл дээр тэмдэглэснээр, энэ ажил тийм ч эрчимтэй өрнөөгүй нь нэг талаар үнэхээр мэдлэг туршлага дутагдсаных байж болох ч, нөгөө талаар, ялангуяа төр засгийн мэдээллийн хэрэгслийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлаас харахад улс төрийн тоглоомын шинжтэй зүйл байгааг ч үгүйсгэхийн аргагүй.

Цензурийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага 1989 онд татан буугдсан боловч 1998 оны 8 сар хүртэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хянахыг шууд хорьсон хуулийн заалт үгүй байв. Төрийн төв хэвлэлийн статусын тухай асуудал хөндөгдөх бүрд үүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай тусгай хуулиар зохицуулах болж хойшлуулж байсан хэр нь, ийм хууль угаасаа шаардлагатай эсэх талаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдах хүртэл санал зөрөлдсөөр ирсэн билээ. 1994 оны 4 дүгээр сард ардчилсан хүчний шахалтаар Монгол улсын Ерөнхийлөгчийн захирамж гарч, Хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдав. УИХ-ын гишүүн асан Б.Ганболдын ярьснаар, “Ерөнхийлөгчөөс томилсон ажлын анхны хэсэг хэвлэл мэдээллийн олонх нэгжийг хамарсан томоохон хэсэг байсан боловч ерөнхийдөө хэл амаа ололгүй үр дүнгүй тарсан… Анхнаасаа маргаантай байгуулагдсан ажлын дараагийн хэсэг ганц ч удаа цугларч ажил төрөл хэлэлцсэн удаагүй. Асуудал хариуцсан холбогдох хүмүүс ч аль болохоор үүнийг мартагнахыг оролдож байлаа.”5 Ингээд Америкаас уригдан ирсэн мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар боловсруулсан хуулийн төсөл нь 1995 оны намрын чуулганаар хэлэлцэх ёстой байсан авч хойшлуулагдсаар хэлэлцүүлэгт оролгүй өнгөрөв. Үүнээс хойш дахин хоёр ч хуулийн төсөл гарсан боловч УИХ-аар хэлэлцүүлж “амжилгүй” даруй 3 жил өнгөрчээ.
Монгол оронд сонин, сэтгүүл, радио, телевиз нь анх олон түмний хүртээл болж эхлэхдээ л тэднийг хүмүүжүүлэх, үзэл бодлыг нь төлөвшүүлэх үүрэгтэйгээр хөгжиж ирсэн. Мэдээллийн хэрэгсэл хүмүүжүүлэх зэвсэг байх ёстой гэсэн ойлголт одоо хэрнэ ужгиран ноёрхсоор байгаа нь улс төрчдийн ярианд илхэн. УИХ-ын 1998–2002 оны гишүүн Л.Лувсан-Очир “Мэдээллийн хэрэгслийг чөлөөтэй тавиад, хэн нь юу гэж ярихыг мэргэн оюунд нь даатгавал ардчилсан нийгмийн сэтгэлгээ төлөвшөөгүй, ард түмний амьдралын түвшин ядуу дорой энэ үед ямар аюул авчрахыг төсөөлөхөд бэрх” хэмээн сэтгэл түгшиж “Ардчиллын шинэ нийгэмд ард түмнийхээ шинэ сэтгэхүйг төлөвшүүлэхийн тулд төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байх нь зайлшгүй шаардлагатай”6 гэж байв. Үүнтэй нэгэн адил УИХ-ын гишүүн асан Х.Хулан “Манайд иргэний нийгэм хараахан төлөвшөөгүй байна… Монголын ард түмэн цаашид төлөвшиж хөгжихөд үндэсний үзэл санаа хэрэгтэй. Үүнийг төр л иргэний толгойд суулгаж өгнө. Үүний тулд хэвлэл хэрэгтэй”7 гэсэн байдаг. УИХ-ын гишүүн Т.Очирхүү мөн л “одоогийн нөхцөл байдлын” тухай онцлон тэмдэглэхдээ “ардчилсан нийгэмд бусдын эрхийг хүндэлж байж эрхээ эдлэх зарчимтай. Гэтэл манай иргэдэд ийм үзэл бодол төлөвшөөгүй… Бие даасан эдийн засгийн чадвартай, ардчилсан ухамсар төлөвшсөн иргэнийг төлөвшүүлэхийн тулд төр хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглахаас өөр аргагүй”8 гэжээ. Гэтэл олон түмнийг мэдээллээр хангах, тэдэнд ардчилсан үзэл баримтлалыг төлөвшүүлэх ёстой төрийн мэдээллийн хэрэгсэл нь үнэхээр ийм үүргийг дан ганцаараа гүйцэтгэж чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Учир нь нэгэнт Үндсэн хуулиараа мэдээллийн эрх чөлөөг тунхаглаж, төрийн бус хэвлэл үй олноороо хэвлэгдэн гарч, дотоод гадаад мэдээллийн чөлөөт урсгал хүчтэй болж хүмүүсийн үзэл бодол, амьдралын хэвшилд зохих нөлөө үзүүлсээр байхад, төрийн зүгээс мэдээллийн монопол тогтоох нь нийгэмд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн салбарт зөрчил үүсгэж ард түмний санааг төлөвшүүлэх нь бүү хэл харин ч тогтворгүй байдал бий болгох болов уу. Нөгөө талаар сэтгүүлчдийн ёс зүйн мэдлэг хангалтгүй, үнэн зөв мэдээлэл өгөх, төрийн бодлогыг зөв тайлбарлах тал дээрээ дутагдалтай учир бодит мэдээлэл түгээх гол үүргийг (нэг хэсэгтээ) төр хүлээх ёстой гэсэн үзэл баримтлал нь өөрөө сэтгүүлчдийн төлөвшил, бодит мэдээллийн чөлөөт урсгалыг чөдөрлөж байж болох юм.
Энэхүү Монголын олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлзүйг ардчилсан нийгмийн шаардлага хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөн хөгжүүлэх хамгийн ээдрээтэй үед Дани улсын олон улсын хөгжил, тусламжийн агентлаг “ДАНИДА”-гийн буцалтгүй тусламж, санхүүжилтээр “Чөлөөт хэвлэл” төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь бие даасан чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд үлэмж чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Уг төслийн хүрээнд цагт 25,000 ширхэг сониныг дээд зэргийн чанартайгаар үйлдвэрлэх хүчин чадал бүхий “Чөлөөт хэвлэл” хэвлэх үйлдвэр байгуулагдсан нь Монгол улсад хувийн хэвшлийн тогтмол хэвлэл бүрэлдэн тогтоход онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Мөн төслийн дагуу бий болсон Монголын Хэвлэлийн Хүрээлэн нь хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдэд зориулсан урт богино хугацааны сургалт, уулзалт, зөвлөгөөн зохион байгуулах, тэднийг мэдээлэл, судалгааны материал, гарын авлагаар хангах зэрэг өргөн хүрээтэй үйл ажиллагаагаараа мэдээллийн хэрэгслийн ардчилсан хөгжлийг дэмжиж, ахархан хугацаанд нийгэм улс төрийн амьдралд болон нэн ялангуяа хэвлэл мэдээллийн салбарт ихээхэн ач холбогдолтой байгууллага болж чадсан юм.

Үргэлжлэл бий…

Улаанбаатар хот, 1998 оны 11 дүгээр сар