МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ 1990-ЭЭД ОНД: ШАР СОНИН ТӨРСӨН НЬ

Чөлөөт сэтгүүлчид төрсөн нь

Яруу найрагч, сэтгүүлч Ц.Хулангийн зүйрлэснээр, шинэ хуучин хоёр ерөнхийлөгчийн дунд орхисон шагай шиг, хэн түрүүлж булаасан нь хожих мэт байсан хэвлэл мэдээллийн хуулийн төслөөс болж төрийн эрх баригчид он жилийг дамжин талцан мэтгэлцэж байх үед Монголын хэвлэл мэдээлэл нийгмээ даган өнгө төрхөө өөрчлөн хувиргаж сайн, муутайгаа өссөөр ирсэн билээ.

Сэтгүүлч хүн намч, ангич байж, намын бодлогыг ухуулан сурталчлах үүрэг бүхий дайчин цэрэг байх тухай номлол 70 жилийн турш ноёрхсоны “ачаар” 1990 оноос өмнө хувийн мэдээллийн хэрэгсэл байдаг, байх ёстой гэсэн ойлголт Монголд байсангүй. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа хувийн сонин, сэтгүүл, радио, телевиз хөгжиж эхэлсэн хэдий ч тэдэнд чөлөөтэй ажиллах эрх зүйн орчин байгаагүй, төр засагт үйлчилдэг мэдээллийн хэрэгсэл ноёрхох байр суурь эзэлсэн хэвээр байлаа. Зарим улс төрч мэдээллийн хэрэгслийг чөлөөлснөөс болж гарах аюул заналхийллийн тухай ярьж, радио телевизийн ”сурталчилгаагаар” хүн ардыг хүмүүжүүлэх хэрэгтэй гэж үзэж байв. Сэтгүүлчид өөрсдөө ч мэдээллийн эрх чөлөөний тухай бүдэг бүрхэг ойлголттой байв. Монголын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч асан Ц.Бат-Орших “…Өөрчлөлт шинэчлэлд уриалж, манлайлж, тэмцэж явдаг сэтгүүлч бид сэтгэлгээнийхээ хоцрогдлоос бүрэн гарч чадахгүй байгааг үгүйсгэх аргагүй. Ардчилал шинэчлэлийн төлөө явж байгаа одоогийн хэн ч гэсэн социализмын үеийн бүтээгдэхүүн”1 хэмээн хүлээн зөвшөөрч, сэтгүүлчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхийг чухалчилж байлаа. ( Ц.Бат-Орших “ Салхи хагалах бүр хэцүү”, “Сэтгүүлч” сэтгүүл, 1996/¹¹)

Ард иргэд ч чөлөөт хэвлэл, хэвлэлийн эрх чөлөө гэж чухам яг юуг хэлээд байгааг төдийлөн сайн ойлгодоггүй байсан нь Монгол Улсын Их Сургуулийн социологийн тэнхимээс 1994 оны 4-р сард Улаанбаатар хот, Өмнөговь, Завхан, аймгийн сэтгүүлчдийн дунд явуулсан судалгааны дүнгээс харагдана. Уг судалгаанд оролцогдсон хоёр хүн тутмын нэг нь “амьдралын тухай үнэнийг өгүүлэх нь” чөлөөт хэвлэлийн үндсэн шинж гэж үзэж, гурван хүн тутмын нэг нь сонины чөлөөт байдлыг түүний хараат бус, бие даасан байдалтай холбож байхад 4.2 хувь нь хэвлэл эрх чөлөө гэж нийгмийн доторх хэсэг бүлгийн эрх ашгийг хамгаалахыг хэлнэ, 7.6 хувь нь харьцангуй ойлголт тул нарийн тодорхойлж чадахгүй байна гэжээ.

Цагаан шонхор радио станц ярьж байна

Ийнхүү Монгол улс тэр аяараа ардчиллын шинэ орчин, шинэ шаардлага хэрэгцээнд дасаж, ойлгож, суралцаж ядаж байх тэр үед хэн нэгний хараа хяналт доор ажиллахыг хүсээгүй сэтгүүлч уран бүтээлчид хэдийний замаа хайж эрэлд гарчээ. “Хүмүүст сонголт хийх, бодох, сэтгэх нээлттэй боломж их олон юман дээр бий болж, хүн болгон би хэн билээ, би юу хийж чадах билээ гэдгээ бодож эхэлсэн. Тэр үед манай сэтгүүлчдэд ерөөсөө л олсон мэргэжил, хэдэн жил ажилласан туршлагаас өөр юу ч байгаагүй” хэмээн 25-р телевизийн захирал асан З.Алтай анх хувийн студи нээсэн тухай яриагаа эхэлсэн юм. “Бид анх 93 онд бие даасан радио нэвтрүүлэг хийж, бас хувийн телевизийн студи байгуулъя гэж санаа нэгдэхдээ нарийн тооцоо хийгээгүй, бидэнд чинь ер нь юу байгаа билээ гэдгээ ч бодолгүйгээр, сэтгэлийн хөөрлөөрөө л ажлаасаа гарчхав. Ямар ч л байсан Хууль зүйн яаман дээр гүйж очоод бүртгүүлчихлээ, нэг тамга хийлгэчихлээ. Байгаа хөрөнгө нь л тэр. Тэгээд дээрээс нь сэтгэл, итгэл, зүтгэл… Хөрөнгө мөнгөгүй хүмүүс чинь тэр үеийн ерөнхий сайд асан Бямбасүрэнд хандаж тусламж хүслээ. Түүний тусламжтайгаар бид “Цагаан шонхор” компанийн эзэн Энхтайвантай уулзаж, тэдний компаниас хөрөнгийнхөө эх үүсвэр болох хэдэн төгрөг гаргуулж, нэг радио нэвтрүүлэг бичих жижигхэн төхөөрөмж худалдаж авлаа.Тэгтэл нэвтрүүлгээ цацах төхөөрөмж нь байдаггүй, ямар өөрсдөө нэг өрөөнд нэвтрүүлэгтэй хальсаа тэврээд суугаад байлтай нь биш. “Монголын радио” нэвтрүүлгээ дууссаны дараа 30 минутаас нэг цаг орчим хугацаанд өөрсдийнхөө нэвтрүүлгийг цацаж байхыг зөвшөөрөв. Ингээд 23 цагаас сүлд дуулал аялаад дуусмагц “Цагаан шонхор радио станц ярьж байна хэмээн бидний нэвтрүүлэг эхэлдэг болов. “Монголын радио”-гийн долгионыг ашигласныхаа төлөө бид мөнгө төлдөггүй байсан, түүнд нь баярлаж л явдаг юм. Гэхдээ л хэн нэгнээс хараат, нэвтрүүлгийн орон зай гуйсан маягаар ажиллах нь бидний хүсэж байсан зүйл биш байсан. Ямар ч л байсан өөрсдийн цацах станцтай, бие даасан байгууллага байх хэрэгтэй гэдгийг ойлгоод наймаа хийж эхэллээ. Өөр яаж мөнгө олох вэ дээ…” Алтайгийн ширээн дээрх утас байнга хангинаж, хэн нэгэн ярьж, хонгилд хүмүүс инээлдэж, хажуугийн өрөөний хаалга онгойход, ямар нэгэн кинонд дуу оруулж байгаа бололтой элдвийн дуу чимээ холилдон солигдож байхад, энэ бүхэнд тэрээр тэгтлээ дассан уу, аль эсвэл ярьж буй зүйлдээ бүхэлдээ ууссан уу, түүний энгийн бөгөөд сонирхолтой хүүрнэл тасалдахгүй үргэлжилсээр.

“Нэхий ч бөөндөж үзлээ, хөдөө аж ахуйн машин, халаалт сантехникийн сэлбэг хэрэгсэл, радиатор, ерөөсөө л Монголд хэрэгцээтэй байсан бүхий л барааг хаа нэгэн газраас зөөж хэн нэгэнд өгөөд хэд гурван төгрөг унагаж хоёр жил гаруй явлаа. Иймэрхүү жижиг наймааг тэр үед хүн бүхэн шахам л хийж байсан. Үнэндээ бид ажлыг хар бор, сайхан муухай гэж ялгалгүй, “арай ч дээ би ийм юм хийж явахдаа яах вэ дээ” гэсэн ойлголт үгүй, айж ичих гэдгийг умартсан байж дээ. Харин бид хүн хуураагүй, хулгай хийгээгүй, банкнаас зээл аваагүй, яг л өөрсдийнхөө хөдөлмөрөөр хэдэн төгрөгтэй болж, цацах станцаа ч авлаа. Антентай байх ёстой гээд энэ өндөр байшинд байр хайлаа, гэтэл үнэ төлбөр гэж жигтэйхэн. Харин өндөр байшингийн подвалд нэг нийтийн жорлон байсан өрөө олж, засаж янзлаад өөрийн гэсэн жижигхэн радио студитэй болсон доо. Анхны нэвтрүүлгээ 1995 оны 12 сарын яг 31-нд “ЖААГ FM — 107 ярьж байна” хэмээн эхэлсэн, үнэндээ тэр бол бидний хамгийн сайхан үе байсан. Өөрсдийнхөө дуу хоолойг сонсох гэж гарч гүйгээд л, “сонсогдож байна!!!” гэж хөөрч буцаж давхиад л. Хэдийгээр нэг муу хуучин жорлон янзлаад орсон ч гэсэн, хэдэн жил зүтгэснийхээ хүчинд ямар ч л байсан өөрийн гэсэн юмтай, өөрийнхөө сэтгэлээр, өөрийнхөө тааваар хэн нэгний захиргаанд орохгүйгээр хүссэн зүйлээ хийх шиг сайхан зүйл байдаггүй юм билээ. Яваандаа тэгээд анх ярьж байснаараа бас телевизийн студитэй болохын төлөө зүтгэсэн. Телевизийн тоног төхөөрөмж бол асар үнэтэй, тэгээд ч мэргэжлийн техник нь дэлгүүрт зараад байдаг эд биш. Найз нөхдийн дэмжлэг татаас их тус болсон, гэхдээ хамгийн гол нь итгэл үнэмшил, өөртөө зорилготой байх. Юу ч үгүй байж л болно, бүтнэ, би үүний төлөө ажиллах ёстой, хийх ёстой, би хийхгүй юм бол хэн хийх юм бэ гэсэн сэтгэлгээ. Сайн баг байсан л даа: эв нэгдэлтэй, зорилготой, хариуцлагатай. 1996 оны өвөл телевизийн анхны нэвтрүүлгээ хийх гэж бас л бөөн шуугиан, сэтгэлийн хөөрөл боллоо. Эфирт гараад бүгдээрээ суучихсан, мэндчилгээгээ хийгээд, баахан л ярилаа. Гэтэл гараад ирсэн чинь техникийн гэмтлээс болоод нэвтрүүлгийн маань дуу байдаггүй. Телевизээр баахан хүн суучихсан, нүд нь гялалзаад л, ам нь ангалзаад, осолдохгүй л нэг юм яриад байдаг, тэрийг нь хүмүүс үзээд, бас ойлгоод байдаг ч бололтой. Иймэрхүү л байдалтай эхэлсэн юм даа. Монгол телевизийнх шиг бэлэн материаллаг бааз, техниктэй, хүн хүч, байр савны зардлаа улсаас авдаг газартай харьцуулахад бол бидэн шиг өөрийн бүхэл бүтэн студи байгуулаад, улсаас нэг ч төгрөгийн татаас авахгүйгээр өдөр бүр 4–5 цагийн нэвтрүүлэг бэлдэж гаргаад байна гэдэг бол хэцүү л дээ. Гэхдээ л өнөөдөр бид өөрийн гэсэн байнгын үзэгчтэй болсон, энэ л бидэнд урам хайрладаг юм. “
1997 онд Шинжлэх ухааны академийн социологи, эрхийн хүрээлэнгээс Улаанбаатар хотод зохион явуулсан судалгааны дүнгээс үзэхэд, “МН-25 дугаар суваг “ телевизийн нэвтрүүлэг аль нэг шалтгаанаар зогслоо гэхэд судалгаанд хамрагдагсдын 46.2 хувь нь “би харамсана”, 35.2 хувь нь “одоо яая гэхэв дээ гэж бодно” гэсэн бол 4.8 хувь нь “ байсан ч байгаагүй ч би огтхон ч анзаарч үгүйлэхгүй” гэжээ.

Шар сонин төрсөн нь

90 ээд оны эхэн үед “ Ардчилал“, “Үг” зэрэг аль нэг намын буюу байгууллагын сонин эрч хүчээ авч байсан үе түүх болон үлдэж, төр засгаас ч, аль нэг байгууллагаас ч хараат бус, чухамхүү “чөлөөт” сэтгүүлчид 90-ээд оны дунд үеэс нийгмийн аль нэг хэсгийг цочроож, нөгөөг эгдүүцүүлэн бухимдуулж, сайн, муу аль ч утгаараа олон түмний сэтгэлийг эзэмдэж, сонирхлыг дэвэргэн, мэдэх, мэдсэнээ хуваалцан шагшрах хүслийг төрүүлэх болов.

1996 онд “Оны залуу”гаар шалгарч, 1998 онд ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвшиж байсан олны танил улс төрч, УИХ–ын эрхэм гишүүн Э.Бат-Үүл чөлөөт сэтгүүлчид хэрхэн яагаад “шарлаж” буйг тайлбарласан ”Шар хэвлэлийг устгах миний төлөвлөгөө “ хэмээх илтгэлдээ, “зохиох, гүтгэх зэргээр сенсац үйлдвэрлэх явдлыг шар сэтгүүл зүй хэмээдэг ажээ… Шар хэвлэл үүссэн цагаасаа ер нь сайн юм бүтээж байсан нь үгүй. Ийм хэвлэл нийгмийг худал мэдээлэл, тодорхой зорилго бүхий гүтгэлэг сенсацаар бөмбөгдөж ухаан санааг нь самууруулдаг. Хамгийн гайхалтай нь хүн ардын эрүүл ухаан булингартахын хэрээр шар сэтгүүлчдийн олох, овойх нь ихэсдэг болой. Шар хэвлэлийг устгах хамгийн үр дүнтэй арга нь хэвлэл мэдээллийн зах зээл дээрх төр, засгийн эгнэшгүй хүчирхэг байдал нь шар хэвлэлийг төрүүлж байгаа юм” гэжээ.

“Шар хэвлэл” эрхлэн гаргах нь хэвлэн нийтлэх эрх чөлөөнд хамаарах бөгөөд үүнийг бүхлээр нь устгах бус, гагцхүү хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчдийг мэргэжлийн ёс зүй, хууль тогтоомжийн хүрээнд ажиллах механизмыг л бий болгох хэрэгтэй болов уу. Төрийн мэдээллийн ноёрхол нь чөлөөт өрсөлдөөний орон зайг эзэлж буйгаараа чөлөөт хэвлэлийн хөгжилд чөдөр тушаа болж байгаа нь үнэн боловч, шар хэвлэлийг төрүүлээд байгаа нь юу л бол. Мэдээллийн зах зээл дээрх төрийн монопол устлаа гэхэд шар хэвлэл үгүй болохгүй нь лавтай.
Учир нь элдвийн шуугиан, сонин хачин солио гажиг итгэж үнэмшихэд бэрх мэдээ мэдээллийг сонирхох хүн хэзээд байсаар л байх бөгөөд нийгмийн хөгжлийг дагаад магад зөвхөн агуулга нь өөрчлөн хувьсаж байх байх болов уу.

Чухам энэ хэрэгцээний өнгө төрхийг мэдэрч чаддагт 90-ээд оны сүүл үед хамгийн олон уншигчтай байсан “Сэрүүлэг“ сонины эрихлэгч С.Баярмөнхийн амжилтын нууц нь байна гэж хэлж болно.
Тэрээр 90 ээд оны эхээр үеийнхээ олонх залуучуудын нэгэн адил наймаа хийж, урд хойд хоёр хөрш орны хилийн дээсийг нэг бус удаа алхахдаа энд тэндхийн сонин сэтгүүлийг, ялангуяа оросын хэвлэл мэдээллийн салбарт болж буй өөрчлөлтийг ажиглан, дотроо нэгийг бодон явдаг байжээ. “Монгол үнэхээр хаалттай орон байсан, юун тэр эротик, эр эмийн явдал энээ тэрээ. Би харин Батлан Хамгаалах Яамны сонинд ажиллаж, нэг талаар хатуу дэглэмд сурсан, нөгөө талаар юм л бол удирдлагад дуудагдаж донгодуулсаар байгаад дөжирчихдөг ч юм уу, айж ичихийг мэдэхгүй, харин бүр болохгүй бүтэхгүй юм ч санаанд багтаад байдаг болсон. Би өөрөө секст тийм дуртайдаа ч биш, Монголд энэ талаар юу ч байдаггүй л болохоор нэг тийм эротик сонин гаргая гэсэн санаа төрсөн” хэмээн Баярмөнх Монголыг нэг хэсэгтээ л шуугиулсан “Халуун хөнжил” сонин гаргасан тухайгаа ярьсан юм.
Тэр үед ”Бэр цэцэг” хэмээх анхны эротик сонин гарчихсан байсан боловч Баярмөнхийн тодорхойлсноор, тэр нь маш даруухан, болгоомжтой, үнэндээ хүнд хүрэхээр юм хийгээгүй. Харин ”Халуун хөнжил “-ийг хууль зүйн яаманд бүртгүүлэх гэж очиход хүлээж аваагүй. Үүний түрүүнд гарсан “Бэр цэцэг” бол мэргэжлийн хүн гаргаж байгаа учраас өөр хэрэг хэмээн түүнд тайлбарлажээ.

Иймээс “Халуун хөнжил” –ийг Хууль зүйн Яамны зөвшөөрөлгүйгээр цэргийн хэвлэх үйлдвэрт (мөнгийг нь дараа өгнө гэж хэлээд ) 5000 ширхгийг хэвлүүлсэн аж. Тэр үед байнгын сонин борлуулагчид байгаагүй учир гудамжинд ном зардаг байсан хүмүүсийг сониноо зарж өгөөч гэж гуйжээ. Гэтэл тэд нар өөдөөс нь “Наадах заваан балиар юмаа аваад эндээс бушуухан яв! “ хэмээн зандарч хөөсөн тул яалт ч үгүй сониноо гудамжинд барьж зогсоод өөрсдөө зарж эхэлсэн байна. Гэтэл үнэхээр гайхмаар юм болох нь тэр. Сонины үнэ дунджаар 1 төгрөг 50 мөнгө байсан тэр үед “Халуун хөнжил”-ийг 5 төгрөгөөр зарахад нүд ирмэхийн дотор дуусаж, зах дээр хүмүүс 15 төгрөгөөр дамлаж байжээ. Дараагийн дугаараа 40 мянгаар, тэрний дараагийнхыг нь 60 мянгаар хэвлүүлэхэд маш хурдан борлогдсоор л байсан аж.Тэр бүү хэл “Халуун хөнжил”- ийг байнга худалдаж авч борлуулж өгдөг бүхэл бүтэн систем ч бий болсон гэнэ. “Тэр үед “Халуун хөнжил”-ийг гаргаж байсан бид дөрөв хамгийн өндөр орлоготой сэтгүүлчид байсан. Бидний ердийн цалин 4000 мянга орчим төгрөг байхад, 400000- 500000 төгрөг чөлөөтэй хийдэг байлаа. Мэдээжийн хэрэг бид дөрвийг Хууль зүйн яаман дээр дуудаж бөөн юм болсон. Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтад ч орлоо.Хууль зүйн яамнаас биднийг садар самууныг сурталчилсан эсэхийг тогтоох тусгай комисс байгуулагдаад тэр нь харин бидэнд овоо нааштай хандаж, яваандаа бидэнд үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.“

Наяад оны сүүлээр “Үнэн”, 90 ээд оны эхээр “Монголын залуучууд”, “Ардчилал” сонин Монголын уншигчдыг байлдан дагуулж байсан бол 93–94 онд “Халуун хөнжил “ ийнхүү монгол хүмүүсийг цочроожээ. “Тэр үед бид нар хүмүүсийн сэтгэхүйгээр л сайн тоглож чадсан юм “ хэмээн Баярмөнх үнэнээ өчив. “Эр эмийн явдал бол Монголд хамгийн хаалттай сэдэв байсан, гэхдээ үүнийг хүмүүс хэчнээн их сонирхож байгааг тэр үед манайд дэлгэрч эхэлсэн эротик болон порно видео киноны эрэлт хэрэглээ харуулсан л даа.”

Хэдэн арван жил мэдээллийн хаалттай орчинд амьдарч, юу уншихаа нам засгаас заалгаж ирсэн монголчууд эдүгээ юуг сонирхож, юунд илүүтэй амтшиж байгааг мэдрэх, мэдсэн санаснаа бас бодит зүйл болгон хэрэгжүүлэх чадвар нь Баярмөнхийг “Халуун хөнжил”-ийн дараа “Гайхмаараа” сонин гаргахад нь ч түшсэн ажээ.

“Халуун хөнжил”-ийн дараа Монголд эротик сонин өч төчнөөнөөрөө гарч эхэлмэгц хүмүүсийн сонирхол нь нэг үеэ бодвол буурч, өөр зүйл рүү хошуурах болов. Хойд хөрш улсад “Очень страшная газета”, “Сумасшедший дом” гэх мэтийн сонин уншигч олныг гайхуулан цочроож, “Америкт хоёр толгойтой хүүхэд төрлөө”, “Зургаан хөхтэй хүүхэн” гэх мэтийн урд нь дуулж байгаагүй тийм сонин хачин мэдээг булаацалдан уншиж, ам дамжин ярих болсныг Баярмөнх анзаарчээ. Харин түүний ярьснаар, “Гайхмаараа” сониныг олны танил болгоход “Халтар царайт” л туслах ёстой байв. 1995 онд Монголыг эзэмдсэн энэхүү савангийн дуурийн баатрууд Монголчуудын яриа хөөрөөний гол сэдэв болон, тэд Санта-г үзэн ядаж, Мигельд хүүхнүүд дурлаж, Стерлиттаг залуучууд шүтэн биширч, бүх нийтээрээ тэдний хувь заяаны төлөө санаа зовж байсныг уншигч та санаж байгаа биз ээ. Чухам яг энэ үед “Гайхмаараа” сонин уг киноны баатруудын тухай цуврал гаргаж, тэр ч бүү хэл, “Мөнгөн аяга “ компанитай хамтран Стерлитта, Мигель хоёрыг Монголд ирүүлж, шүтэн бишрэгчидтэй нь уулзуулж дөнгөжээ. “Халтар царайт”, “Баян хүнийг балаг тойрохгүй” зэрэг телевизийн цувралын оргил үе өнгөрч, монголчууд ч өөрсдийнхөө амьдралаас тэс ондоо үл таних ертөнцийн тухай тэгтлээ сонирхохоо больж ирэх тэр үед Баярмөнх ахиад л “Одоо Монголд ямар сонин хэрэгтэй вэ?” гэдгийг бодож үзжээ. Оросын сонинуудын нийтлэлийн бодлого, арга хэлбэр өөрчлөгдсөнийг ч анзаар ч, барууны сэтгүүлд ДОХ- оор өвчилсөн хүний тухай бичихийн сацуу улс төрчид, соёл урлагийн оддын тухай сүүлийн үеийн сонинуудын тухай дуулгадгаас ч жишээ авч нэгэн шинэ сонин гаргав. Энэ нь Монголчуудын хүрээлэн буй орчны шинэ сонин үйл явдал, элдэв зөвлөгөө, сэрэмжлүүлэг, уншигчдын таньдаг, тэдний шүтэн биширдэг, эс бөгөөс дургүйцэн зэвүүцдэг хүмүүс, хамтлаг, ший жүжиг гэх мэт маш олон сэдвийг хамруулсан “Сэрүүлэг” сонин байлаа. Ийнхүү нийгмийн бүхий л хүрээнд хүрч мэдээлэл олдог, түүнийгээ энгийн хөнгөн маягаар уншигчдад хүргэдгээрээ “Сэрүүлэг” сонин Монголд анхдагч нь байсан бөгөөд түүний араас ийм төрлийн сонин нэлээд хэд гарчээ.

Хэвлэлийн эрх чөлөөний хууль ба “усан бантан”

Ийнхүү мэдээллийн эрх чөлөөний тухай ойлголт бий болж, чөлөөт мэдээллийн хэрэгсэл үүсэж төлөвшсөн ээдрээтэй үйл явц нь 1990-ээд онд монголын хэвлэл мэдээллийн салбарт гарсан гол өөрчлөлт гэж хэлж болох болов уу.

Нэгтгэн дүгнэвэл: Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг үндсэн хуулиараа баталсан боловч мэдээллийн хэрэгслийн хараат бус байдлыг хангах эдийн засаг, эрх зүйн зохицуулалт үгүй, хэн дуртай нь сонин хэвлэл эрхлэн гаргах эрхээ эдэлж буй мэт авч чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь жинхэнэ утгаараа хөгжиж бэхжээгүй, сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчид ардчилал, зах зээлийн зарчимд суралцах хүндхэн сургуулийг давахад нь тус дэм болох төрийн цэгцтэй бодлого үгүйлэгдсээр арваад жилийн нүүрийг үзлээ. Удтал шуугьж, талцан мэтгэлцсэн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль 1998 оны 8 сарын 29 –нд батлагдсанаар, Монголын мэдээллийн зах зээл дээр дангаар ноёрхож байсан төрийн статустай мэдээллийн хэрэгслүүд 1999 оны 1 сарын 1-ээс татан буугдах буюу хувьчлагдах болов.
Төр засгийн хараа хяналтаас хэвлэл мэдээллийн хэрэгслийг чөлөөлөх үндсэн санааг агуулсан уг хуулийг хэрхэн хэрэгжүүлэх талаар төсөл боловсруулахыг УИХ-аас томилсон ажлын хэсэгт даалгасан билээ. Хуулийн үзэл санааг улс төрч, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын дийлэнх нь сайшаан дэмжиж байсан хэдий ч, олон хүн хэрэгжилтэд нь эргэлзэж, санаа зовж байсан юм. “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч асан Б. Монхоо “Энэ хуулийг гаргасан нь сайшаалтай боловч үнэндээ бол олон түмэнд мэдээллийг хүргэх, мэдээллийн монополыг арилгах гэсэн дотоод санаа байгаагүй мэт санагдаж байна. Энэ бол зүгээр л цаг үеийн давлагааг ашиглаж, байгаа бүтцийг хадгалж үлдэх зорилготойгоор буюу, Их хуралд байсан сониныг эвсэл авч, засгийн газарт байсныг нь Хувьсгалт нам авахаар гаргасан хуулиа эвтэйхэн найруулаад, дээгүүр нь улс төрчид шуурч, доогуур нь ард түмэн алмайраад л хоцрох зүйл. Эцсийн эцэст энэхүү монопол байдлыг сэтгүүлчид өөрсдөө алдаад, улс төрчид үүн дээр нь тоглож байна” хэмээн хууль хэрэгжиж эхлэхээс сарын өмнө ярьж байлаа.

“МН 25-р суваг” телевизийн захирал асан З.Алтай ч “Шинэ хууль гарснаар мэдээллийн хэрэгслийн салбарт нэг их өөрчлөлт гарахгүй л болов уу ..” гэсэн бодлоо “Хэдийгээр төрийн харьяалалтай сонин хэвлэл үгүй болно гээд байгаа ч гэсэн, тэр их материаллаг бааз, төрийн татаасан дээр суурилсан монопол байдал нь хадгалагдана, тэгээд дээрээс нь зар сурталчилгааны зах зээлийг эзэлсэн байдал нь хэвээрээ үлдэхэд бидэнд хөгжих орон зай хаа байна. Улсаас татаас авдаг олон нийтийн телевизтэй боллоо гэхэд зар сурталчилгаагаар мөнгө олдог эх үүсвэрийг хязгаарлаж, хаанаас ч мөнгө авдаггүй хувийн телевиз хөгжих нөхцөлийг бий болгох хэрэгтэй. Ийнхүү эрх тэгш хөгжих эдийн засгийн хийгээд хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөөгүй байхад бид энэ хуулийг нэг их баяртайгаар хүлээж аваад байх явдал алга” хэмээн тайлбарлаж байв.

Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэлийн ерөнхийлөгч асан Ц.Дашдондов: “Дэлхий дахинд мөрддөг чөлөөт хэвлэлийн хартийн 10 зарчмын зургааг нь манай улсад зөрчиж байна. Ийм нөхцөлд хуультай болох нь том алхам. Чамлахаар чанга атга гэдэгчлэн бага шиг мунгинаж, даруйхан хуулиа хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй” гээд, хэрэгжүүлэх арга замын төлөө санаа зовж, хууль хэрэгжтэл амжиж завших, хувааж авах давхар заль мэх нуугдаж байгаа юм биш байгаа даа хэмээн сэтгэл түгшиж байгаагаа нуусангүй.

Энэ үед төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажиллаж ирсэн хэсэг сэтгүүлч төр, засгийн хэвлэлийг “тэг” гараанаас эхлүүлэх нь монголын сэтгүүл зүйд ололт бус ухралт болно хэмээн анхааруулж, Монголын зах зээл ядуу учир “ганц нэг том сонин байхад л хангалттай, том сонинууд байхгүй бол жижиг сонинууд үгүй болно” гээд төр засгийн хэвлэл монополыг устгах шаардлагыг “Ардын эрх”- ийг унагах гэсэн хуйвалдаан хэмээн тодорхойлж, улмаар сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалахад хүчээ “нэгтгэх” зорилго бүхий “Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбоо”- г байгуулснаа албан ёсоор зарлаж байв.

Ийм нөхцөлд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийн гишүүн Э.Бат-үүл, асуудлыг чухам “эхийг нь эцээлгүй, тугалыг нь тураалгүй шийдвэрлэх арга хайж буй” тухай ярьж, Ерөнхийлөгчийн тамгын газрын мэдээлэл харилцааны албаны дарга асан Н.Энхболд “Одоо төрийн мэдэлд байгаа сонинууд өнөөгийн монопол байдлаа ирэх оны захиалгын тоогоо ахиулах хэрэгсэл болгохыг хориглох арга хэмжээг төрөөс авах бололцоо одоохондоо байна” гэж мэдэгдсэн хэдий ч, ажлын хэсгийнхэн тогтоолын төслийн тухай нэгдсэн шийдэлд хүрэлгүй алгуурлаж, энэ хооронд “Засгийн Газрын Мэдээ” шинэ оны захиалгад “Засгийн мэдээ” нэрээр,”Ардын эрх” сонин “Ардын Үндэсний эрх” нэрээр орж, “таны танил сонин, танил сэтгүүлчид” хэмээн сурталчилсаар шинэ оны гараагаа аль хэдийн эхэлжээ…

1999 он гарахад “Засгийн газрын мэдээ” сониныхон бүрэн бүрэлдэхүүнээрээ, эдэлж хэрэглэж байсан байр сав, тоног төхөөрөмжөө ашиглан “Зууны мэдээ”-г гаргаж, “Ардын эрх”-ийнхэн мөн л хамт олноороо “Үндэсний эрх” сонинд “уригдан” ажлаа үргэлжлүүлэв.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиар, төрийн монополчлолоор олж авсан нэр нөлөөг бусдад ашиглуулахгүйн үүднээс “Ардын эрх“, “Засгийн Газрын Мэдээ” сонины нэрийг таван жилийн хугацаанд дахин ашиглахыг зориудаар хорьсон боловч, төрийн мэдэлд байсан хоёр сониныхон шууд болон шууд бус бүхий л аргаар “энэ бол таны хуучин танил сонин шүү “ гэдгийг уншигчдын ой тойнд шингээхийг хичээж, Хууль зүйн яам ч энэ тухай мэдэн будилж, олны дарамтад арга буюу “Ардын үндэсний эрх “ –ийг улсын бүртгэлээс хасаж байгаа дүр үзүүлснээ төдөлгүй шийдвэрээ түдгэлзүүлж, сонины захиалга дуусаж байхад “захиалга үргэлжлүүлэхийг хориглосон” тогтоол гаргав. Төрийн өмчийн хорооныхон дээрх сонины өмч хөрөнгийг 1998 он дуусмагц лацдаж ломбодож төрийн эзэмшилдээ эргүүлэн авснаа орон даяар зарласан боловч, сүүлдээ сонины байр савыг “Үндэсний эрх”, “Зууны мэдээ” сониныхонд түрээсээр эзэмшүүлж “ашигтай” ажиллаж байгаагаа мэдэгдлээ.

Чөлөөт хэвлэлийнхэн үүнийг цэвэр луйвар хэмээн үзэж, эсэргүүцэл илэрхийлэхэд, төрийн байсан хувийн хоёр сонин “эв эеийг хичээж, эв түнжингээ эрхэмлэхийг” уриалав.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх арга замын тухай тогтоолын төслийг ажлын хэсгийнхэн аль 1998 оны 10 дугаар сарын 15 –ны дотор УИХ-д өргөн барих ёстой байсан авч, 1999 оны 1 сарын 22-нд сая хэлэлцүүлэн хагас дутуу шийдвэрлүүлсэн нь хэвлэл мэдээллийн салбарт хурцадсан зөрчлийг эцэс болгосонгүй, чөлөөт хэвлэлийнхний тэмцэл дээр нэмж “усан бантан” авсан “төр засгийн” сониныхны дургүйцлийг нэмэв.

Мэдээллийн эрин болох шинэ зууны босгон дээрх буурай Монгол орныхоо шинэ түүхийн нэгэн хуудсыг сөхөхүй, хормын зуур баярлан бахархавч бодролын хэлхээ тасрахгүй … Үнэнч зүтгэл, чин санааг эрхэмлэн, цэх шударга ил тод байдлыг дээдэлж, түмэн олонд итгэх, итгүүлэхийг гол бодлогоо болгож, дэг журмыг чандлан хүндэлдэг Монголын уламжлалт төрийн ёс эдүгээ бидэнд хүртээлгүй болоо юу. Монголын ард түмэн мэдээллийн нээлттэй нийгэм, ардчилал, ил тод байдлын шинэ орчинд хөлөө олоход чиг баримжаа мэдлэг туршлагаар дутаж, эдийн засгийн дорой байдал нь ёс суртахууны хэм хэмжээ алдагдахад хүргэж буй өнөөгийн нөхцөлд чухам мэдээллийн харилцааны дэд бүтцийг хөгжүүлэх төрийн тусгайлсан цэгцтэй бодлого юунаас чухал болоод байна.

Мэдээллийг гардан бэлтгэгч болох сэтгүүлч хүн хэзээд хүрээлэн буй орчин тойрон, байгууллагынхаа ашиг сонирхол, нийгмийн нөхцөл байдалд захирагдаж байдаг боловч, тэрээр үй олон үйл явдлаас аль нэгийг сонгож, түүнийхээ тухай хэр зэрэг тодорхой, хэл найруулгын ямар аргаар, ямар үг хэллэг хэрэглэж олон нийтэд дамжуулах тухай шийдэх хувийн эрх мэдэлтэй байдаг. Тиймээс ч, төрийн зүгээс эрх чөлөөтэй ардчилсан сэтгүүл зүйг хөгжүүлэх нөхцөл бололцоог бий болгох, хэвлэл мэдээллийн байгууллагад тавих шаардлагыг өндөржүүлэхээс гадна сэтгүүлч хүний хувийн ухамсар хариуцлагаас олон зүйл шалтгаална. Монголын олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд өнөөдөр юунаас ч илүү дутагдаж, ирээдүйд өөдөө дэвжихэд нь хамгаас чухал амин дэм бол өөрийн гэсэн бодол санаа, бусдаас ялгарах онцлог шинжээ хадгалсан, үүрэг хариуцлагаа ухамсарлах чадвартай, чин санааны сэтгүүлч хүний хүчин юм.

Улаанбаатар хот, 1998 оны 11-р сар