МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ 20 ЖИЛД…

Хэвлэлийн Хүрээлэн 1996 оноос хэвлэл мэдээллийн салбарын судалгаа, шинжилгээг хийж байна. Тэр дундаа “Монголын Хэвлэл мэдээллийн мониторинг” төслийг 1999 оноос хэрэгжүүлж 20 жилийн хугацаанд салбарын бодит байдал, түүхэн өөрчлөлтийг бүрэн дүүрэн бүртгэж, зурагласаар ирэв. Тодорхой хэлвээс: ямар сонин, сэтгүүл хэчнээн хувь борлогддог, аль хэвлэл, аль тв, радио ямар байгууллагад харьяалагддаг, хэвлэлийн салбарт хэчнээн хүн ажилладаг, тэдний хэд нь сэтгүүлч болох, тэд ямар боловсрол эзэмшсэн, ямар техник хэрэгсэл ашиглаж байгаа тухай шинжлэх ухааны үндэслэл бүхий мэдээлэл гаргаж, жил бүр шинэчилж, харьцуулж байна.

20 жилийн тоон тоймыг 3–5 жилийн тодорхой өөрчлөлтүүдийн хамт өгүүлж, хэвлэл мэдээлэлтэй холбогдох зурвас үйл явдлуудыг мөн нэрлэхийг оролдов.

***
1997 оны сүүлээр “Сэтгүүлч” сэтгүүлд тэр жилийн улс төрийн салбарын “Оны шилдэг залуу”-гаар тодорсон УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн нийтлэл гарчээ. “Шар хэвлэлийг “устгах” миний төлөвлөгөө…” нэртэй тэрхүү нийтлэлд: тухайн үеийн “Засгийн газрын мэдээ” сонин 80 гаруй хүнтэй, өөрийн хэвлэх үйлдвэртэй аварга том байхад “Маш нууц” хэмээх сонин 10-хан хүнтэй… хэмээн бичиж чөлөөт хэвлэлүүд төр засгаас санхүүждэг хэрэгсэлтэй өрсөлдөх аргагүй болохыг өгүүлжээ. Гээд бас шар хэвлэлийн толгойг илээд байя гэсэнгүй, зохицуулалт хэрэгтэйг дурдаад өнөө ч яригдсаар байгаа гүтгэлэг, доромжлолын асуудлыг Иргэний хуулиар шийдэх боломжтой гэж бичсэн байв. Удалгүй УИХ-аар Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцүүлж 1998 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглов.

Яг энэ үйл явдлын дараа Хэвлэлийн Хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн мониторингийн судалгааг явуулж эхлэхэд Хууль зүйн яаманд бүртгэлтэй мэдээллийн хэрэгслийн тоо 1130 байснаас 197 нь тогтвортой ажиллаж байлаа.

***
2000 оны “Өдрийн сонин”-д нийтлэлч Баабар “Чөлөөт хэвлэл ба түүний дайснууд” нэртэй нийтлэл гаргажээ. Хэвлэгддэг учраас л хэвлэл гэж нэрлэдгээс сэтгүүл зүй гэх юмаар тун маруухан болох тухай, түүгээр зогсохгүй шар хэвлэлүүд хэдий өөрсдийгөө “чөлөөт” гэж нэрлэвч ардаа өөрийн захиалагчтай, эзэнтэй тухай тэнд өгүүлжээ. Товчхондоо чөлөөт хэвлэлийн дайсан нь чөлөөт хэвлэл өөрөө юм гэсэн санаа түүний шүүмжээс харагдана.

2000 оны эцэст Монголын нийт сонины тоо 163 болж нэмэгдлээ. Түгээмэл хэрэглэдэг сонинууд дунд өдөр тутмын хэвлэлээс гадна “Хүмүүс”, “Дээдсийн хүрээлэн”, “Хонгорзул”, “Симба” зэрэг сонинг уншигчид олноороо захиалжээ.

Ташрамд: Хэвлэлийн Хүрээлэнгээс Их Британийн номын сангийн дэмжлэгээр 1990–1995 онд хэвлэгдсэн 59 сонины 5000 гаруй дугаарыг хожим цахим архив болгон хадгалсан билээ. Чөлөөт хэвлэлийн түүхийг өгүүлэх тэдгээр сонинг эндээс үзнэ үү.

***

2004 оны эхээр гарсан “Сэтгүүлч” сэтгүүлд тухайн үеийн УИХ-ын гишүүн Р.Ганди ярилцлага өгчээ. Төрийн мэдээллийг түгээх механизмыг хуульчлах хэрэгтэй тухай тэрбээр яриад Үндэсний радио, телевизийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болгон өөрчлөх хуулийг намын мөрийн хөтөлбөртөө оруулсан гэв.
Мөн тэр жилийн долоодугаар сарын 2-ны өдөр Ардчилсан намын гишүүн Э.Бат-Үүл, Л.Гүндалай нар намын дэмжигчдийн хамт Үндэсний телевиз рүү дайран орж, сонгуулийн үеэр тэнцвэртэй мэдээлэл дамжуулаагүй хэмээн үймээн тарилаа.

Хэвлэлийн Хүрээлэнгийн судалснаар 2004 онд Монголд 24 сая сонин хэвлэгдэж, 177 мянга гаруй цагийн радио нэвтрүүлэг, 36 мянган цагийн телевизийн нэвтрүүлэг үзэгчдэд хүрчээ.

***
2006 оны дөрөвдүгээр сард Хэвлэлийн Хүрээлэнгээс явуулсан судалгаагаар хэвлэл мэдээлэлд итгэх иргэдийн итгэл үнэмшил 2004 онд хийсэн судалгаатай харьцуулахад 50 хувиар унажээ. Хэвлэл мэдээлэлд итгэх иргэдийн итгэл үнэмшил цаашид хэрхэх нь сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, хариуцлагаас хамаарахыг тэр жилийн “Сэтгүүлч” сэтгүүлийн зурваст доктор М.Мөнхмандах дурджээ.

Мөн хэвлэл мэдээлэл эрс өөрчлөгдөж буй тухай Америкийн сэтгүүл зүйн жишээн дээр Миссурийн сэтгүүл зүйн сургуулийн төгсөгч, сэтгүүлч А.Оюунгэрэл бичив. Интернэт нь сэтгүүлчийн ёс зүйн стандартыг эвдэж буй талаар Америкийн судлаачид зовинож эхэлжээ. Редакторын гараар дамжаагүй, шууд хайперлинк холбодог, баримт, үзэл бодлыг зааглаагүй гэх мэт сэтгүүл зүйн наад захын шаардлага хангаагүй контентууд уншигчдыг залахыг оролдоно. Зугаа цэнгээний мэдээг уншигчид сэтгүүл зүйн мэдээнээс салгаж ойлгохгүй байгаа тухай мөн энэ үеэс яригдаж байв.

***
2010 онд Монгол Улсын хэмжээнд 383 мэдээллийн хэрэгсэл байгаагаас 88 хувь буюу 337-г нь Хэвлэлийн Хүрээлэнгийн судлаачид мониторингдоо хамруулав. Энэ үеэс эхлэн хэвлэл мэдээлэл хэрэглэгчийн мэдээлэл хүлээн авах түгээмэл хэрэгслийн бүтцэд өөрчлөлт орж буй нь тод анзаарагдаж эхэллээ. 1988 онд иргэдийн мэдээлэл авдаг гол суваг радио байсан бол 1999–2009 онд телевиз, сонин, радио гэсэн дарааллын араас интернэт орж ирэв.

“Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өдөрт зарцуулдаг цаг. 2010 он”

Энэ үед Монголын анхны мэдээллийн сайтуудын үйл ажиллагаа жигдэрч эхэлсэн бөгөөд Olloo.mn сайтыг эрхлэн гаргагч “Оллоо” ХХК нь 2007 онд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс анх удаа IPO хийж олон нийтэд хувьцаагаа гаргаад байлаа. 2010 оны хамгийн хүртээмжтэй 5 сайтаар Gogo.mn, Olloo.mn, Zaluu.com, Banjig.net, News.mn сайтууд нэрлэгдэв.

2011–2013 оны хооронд сайтын тоо 30–71 болж нэмэгджээ.

***
2014 он. “Монголын Хэвлэл мэдээллийн мониторинг” 15 дахь жилдээ гарахад 506 хэвлэл мэдээллийн хэрэгсэл тоологджээ. Энэ үед нийт хэвлэл мэдээллийн хэрэгслийн 11.5 хувийг 9 компани эзэмшиж байв. Уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төвлөрөлтэй зэрэгцэн хэвлэл мэдээлэл хэрэгслийн ашиглалтын цагт өөрчлөлт орж, интернэт, сошиал медиа ашиглах нь эрс нэмэгджээ. Хэрэглэгчид интернэтийг өдөрт 1–4 цаг ашигладаг бол сонин, сэтгүүл, радиод 30 минутаас 1 цагийг зарцуулж байв.

Өдөр тутмын ихэнх сонин цахим хэлбэрт шилжиж, зарим сайт, сэтгүүлүүд ухаалаг утсанд зориулсан аппликейшн хөгжүүлсэн байна.

***
2017 он. УИХ-аар хэлэлцэж байсан Зөрчлийн тухай хуульд хэвлэл мэдээллийн хэрэгслийг боомилох заалт орсонд эгдүүцсэн хэвлэлийнхэн нэгдэж тэмцэв. Өдөр тутмын сонинууд эхний нүүрээ харлуулж, мэдээллийн сайтууд онцлох буландаа анхааруулах зураг нийтлэв. Мөн өргөн нэвтрүүлгийн телевизүүд эсэргүүцлээ илэрхийлэн эфирээ хааж, түгшүүрийн дохио дуугаргав.