Сэтгүүлчдэд санал болгох программ: Болор дуран 2.0

СУРВАЛЖИЛГА хэмээх үгийг сурвалжлага авах, сурвалжлага хийх гэж буруу ярьж, бичээд дадчихсанаа манай сэтгүүлчид өдий хүртэл залруулж завдаагүй явна. Үүнийг шалгахаар “Сурвалжлага” гэх үгээр “гүүглдэж” үзэхэд 1.2 сая илэрц харагдах бол зөв хувилбар болох “Сурвалжилга” гэж бичихэд харьцангуй цөөн буюу 327 мянган илэрц олдож байна. Мэдээллийн томоохон сайтууд ч “сурвалжлага” хэмээн ташаарч буйг анхаарууштай.

Угтаа Сур+валж+л+га (үйл үгийн үндэс сурвалжил-) учраас сурвалжилга, сурвалжилж, сурвалжилна гэж бичих нь зүйтэй болно.

Зөвхөн сэтгүүлчдээр зогсохгүй хүн бүрийн алддаг бас нэгэн жишээ бол “Хүн бүрт” гэдэг алдаа юм. “Бүр” хэмээх энэ үгэнд өгөх оршихын тийн ялгалын “Д” залгах дүрэмтэй. Яагаад “Т”-г залгахгүй вэ? Өгөх оршихын тийн ялгалын “Т” нөхцөлийг “Г” ба өмнөө эгшигтэй “С” гийгүүлэгчээр төгссөн тогтворгүй “Н” -гүй үгэнд залгана гэсэн дүрэм бий.

Жишээ нь: худагт, Нацагт, нутагт, хэлтэст гэх мэт. “Д” “нөхцөлийг дээрхээс бусад үсгээр төгссөн үгэнд бичнэ. Жишээлбэл: ахад, шилд, сард, хүн бүрд гэх мэт.

Сурснаараа бичих биш дүрмийн дагуу бичих нь

Яаж зөв, бурууг ялгаж хэлээд байна вэ? гэвэл зөв бичих алдаа шалгуур программ Болор дуран 2.0 зөв бичих дүрмийн алдаа шалгуур ашигласан юм. 1983 онд гарсан “Монгол үсгийн дүрмийн толь”-ийг баримтлан уг алдаа шалгуурыг хөгжүүлжээ. Хөгжүүлсэн компани нь программ зохиохдоо Монгол Улсын Их Сургуулийн багш нартай хамтран ажилласан байна. Уг нь бол нь монгол хэлээр зөв бичих ганц суурь зарчим бий. Тэр нь “Сурснаараа бичих биш, Зөвхөн дүрмийн дагуу л бичих” юм. Нэг үгийн өөр өөр хувилбар гэсэн ойлголт монгол хэлэнд байхгүй.

Болор дуран нь дэлхийн хамгийн том бичвэрийн программ болох Microsoft office-той холбогдон ажилладаг тул хүн нэгэнт хэрэглээд дадчихвал санаатай, санамсаргүй алдаагаа аяндаа цэгцлээд явах боломжтой. Microsoft компани үнэ төлбөргүй программыг Microsoft office-той холбогдон ажиглахыг зөвшөөрдөггүй учир Болор дуран нь төлбөртэй байдаг аж.

Программ учраас ямар нэгэн хувийн үзлээр юм уу, өөрийн сурснаар биш ганцхан дүрмийг баримтална гэдгийг санах хэрэгтэй. Автомат тооцоолуур учир алдана гэсэн ойлголт байхгүй. Сэтгүүлчид хэрхэн бичиж буй Болор дуран алдаа шалгуур ашиглан шалгаж үзье.

Дахин сануулахад:

Болор дуран 2.0 бол программ учраас сэтгүүлч таныг, танай редакцыг буруутгах “хувийн сонирхол” байхгүй гэсэн үг.

Ингээд Alexa.com сайтад хандалтаараа тэргүүлж байгаа (4 дүгээр сарын 16-ны байдлаар) мэдээллийн 5 сайт болох Gogo.mn, Ikon.mn, News.mn, Xopom.com, Zarig.mn сайтын 50 орчим мэдээ материал тийш Болор дуранг хандуулав.

Зөв бичих дүрмийн алдаанаас гадна хайхрамжгүй байдлаар гаргасан алдаа мөн цөөнгүй тааралдав.

Сэтгүүлчдийн гаргаж байгаа хамгийн түгээмэл алдаа бол аливаа үгэнд харьяалахын тийн ялгал залгах, эр эм үгэнд нөхцөл залгах нь хамгийн эргэлзээтэй зүйл байдаг нь харагдаж байна. Мөн заримдаг гийгүүлэгч эгшигтэй, эгшиггүй бичигдэх дүрмийн алдаанууд цөөнгүй байв.

Bolor.app онлайн алдаа шалгуурыг ашиглая

Ингэж явсаар хатуу, зөөлний тэмдэг зөв бичих дүрмийн алдаа олонтаа гарч байв. Ямар үед, ямар эгшиг юм уу гийгүүлэгчийн ард хатуу, зөөлний тэмдэг ашигладгийг эргээд нэг санацгаая.

Бүр болохгүй бол веб сайтаас хандах хувилбар буюу Bolor.app онлайн алдаа шалгуур ашиглан алдаагаа засах боломжтой. 800 хүртэлх тэмдэгт шалгахад “Үнэгүй”. Үүнээс их тэмдэгт нэг дор шалгахыг хүсвэл Болор дуран 2.0 программыг худалдаж авах шаардлагатай юм.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын постыг дурандахад:

Сайтуудын мэдээ, нийтлэлүүдийг хэсэг дурандаж үзээд улстөрчдийн албан ёсны нийгмийн сүлжээний хаягуудыг дурандаж үзэв. Тэд ч мөн зөв бичих дүрмийн алдаа гаргадаг нь доорх зургуудаас харагдана.

Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа ховор нандин хуучны үгийг сэргээж, эх хэлэндээ “ээлтэй” явсан экс Ерөнхийлөгчийн нийтлэлийг дурандахад ийм байна.

Хэдийгээр бид сүүлийн жилүүдэд “Журамласан толь” гаргаж үг үсгийг журамлаж чамгүй амжилттай байгаа боловч зөв бичихийг эрмэлзэхгүй, дүрмийн алдаа гаргасаар байгаа нь энэ бичвэр дэх жишээнүүдээс тодорхой харагдаж байгаа биз ээ. Иймд зөв бичих дүрмийн алдаа нэг бүрийг сайтар анхаарч, болохгүй бол технологиор шийдээд явах боломжтойг дахин сануулъя.

Жич: Энэхүү бичвэрийг Болор дуран 2.0 программаар дурандав.