Т.Мөнхбат: Бид сонсогчдодоо илүү ойртсон

2020-07-01 24

Яагаад радиод ажиллах болов?

Бидний үеийнхэн буюу 1980–1995 оныхныг миллениал үеийнхэн гэж нэрлээд байгаа. Энэ үеийнхэн радиог олон цагаар сонсдог байсан. Өмнөх үеийнхэн маань үзэх харах зүйлээр бага, сонголт багатай хар цагаан зурагт, шугамын радиог сонсож хүмүүжсэн бол манай үеийнхэн харьцангуй азтай, дагаж дуурайх зүйл ихтэй өссөн юм болов уу. Тийм болохоор ФМ радиогийн идэвхтэй сонсогч байсан маань хожим радиод ажиллахад нөлөөлсөн.

Радио сэтгүүлч хүн ямар ур чадвар эзэмшсэн байх шаардлагатай вэ. Жишээ нь танай байгууллага ажилтнаа ямар шалгуураар сонгодог вэ?

Радио сэтгүүлчид хүний зүрх сэтгэлд илүү ойр, хүрч ажиллах боломжтой. Манай радиогийн хөтлөгчид 45+ насныхан байдаг. Энэ нь хүний хувьд төлөвшсөн, ажил амьдралын туршлага, аливаа зүйлийг эргэцүүлэх, дүгнэх чадварт хэдийнээ дадсан байдаг учир сонсогчид тэднийг сонсох, ярилцах дуртай байдаг. Хөтлөгч А.Хаш, Б.Энхболд гээд л манай сонсогчид мэднэ дээ. Үүнээс гадна яг мэдээллийн хөтөлбөр дээр ажилладаг, мэдээ гардаж бэлтгэдэг хүндээ бол мэргэжлийн сэтгүүлч байх гэсэн шаардлага тавьдаг. Бусад ярилцлагын нэвтрүүлгүүдэд ажиллаж байгаа хөтлөгч нарын хувьд янз бүрийн мэргэжилтэй хүмүүс бий. Жишээ нь миний хувьд биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй.

Радио сэтгүүл зүйд гарч буй өөрчлөлт, дэвшлүүд гэвэл юуг хэлэх вэ?
Миний хувьд 16 жилийн өмнө “Гэр бүлийн радио 104.5”-аас ажлын гараагаа эхэлсэн. Сүүлийн таван жил “Дэлхийн Монголчуудын-MGLRADIO 88.3”-д ажиллаж байна. Дуу явдаггүй ФМ гэхээр нь эхэндээ гайхаж, нэг л санаанд буухгүй байлаа. 24 цагийн турш ярилцана гэсэн үг. Өөрчлөлтийн тухайд яривал уламжлалт радиогийн хэв маягаас онлайн горимд шилжилт хийж буй нь өөрөө өөрчлөлт юм. Дэлхийн өнцөг булан бүрээс биднийг сонсох боломжтой. Сонсохоос гадна үзнэ харна, шууд холбогдож, харилцаа тогтоон, мэдээлэл солилцоно.
Тухайн цаг мөчид үзэж сонсож амжаагүй бол Youtube суваг болон Soundcloud ашиглан хүссэн үедээ нөхөн сонсохоор байршуулдаг. Бид сонсогчдодоо илүү ойртсон гэж хэлж болох юм.

Ажилтнаа хөгжүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх тал дээр хэрхэн ажилладаг вэ?

Ажлын шаардлагаар хэн ч гэсэн өөрөө өөрийгөө хөгжүүлэх шаардлагатай цаг үед бид амьдарч байна. Шинэ мэдээллийг байнга олж авах, илүү их судалгаа хийх, баримтжуулах гэх мэт шаардлага бол наад захын зүйл. Манай хамт олон тодорхой хугацаанд нэг нэг ном, уншаад хамт олны хурал дээр танилцуулга бэлдэж, ярилцдаг. Хамгийн сүүлд бид “Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал” номыг танилцуулсан.

Судалгааны эх сурвалж: MMCG судалгааны байгууллага

Танайх хамгийн олон сонсогчтой радио гэсэн судалгаа байна. Өдөр тутмын ажлаа хэрхэн явуулдаг вэ?

Нэг хөтлөгч өдөрт ойролцоогоор 3–4 цагийн эфирт суух хуваарьтай. Үлдсэн цагуудад нь өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгээ тэлэх, бэлтгэл судалгаа хийдэг. Өндөр цалинтай ч хөгжихгүй байна гэсэн шалтгаанаар ажлаасаа гарч манай радиод ажилд орох хүсэлт хүмүүс тавьдаг. Радиод ажилладаг хүн хэрвээ нэг зүйлээ л яриад, хийдэг юмаа л хийгээд л байвал аяндаа жилийн дараа эфирээс буух шаардлагатай болно. Тийм болохоор гадны сайн нэвтрүүлгүүд сонсож, шинэлэг бас шуурхай байх нь манай хамт олны өдөр тутмын ажлын шаардлага болдог.

Танай радиогийн сонсогчид хэн бэ ? Хэрэглэгчдийнхээ дата мэдээллийг цуглуулж үүндээ тулгуурлаж нэвтрүүлгээ бэлтгэдэг үү?

Телевизүүд “Максима медиа”-ийн судалгаагаар аль цагт аль суваг хамгийн олон үзэгчтэй байгааг судалж гаргадаг бол радиогийн хувьд аналоги системээр цацдаг учир ямар бүлэг яаж сонсож байгааг тандах боломжгүй. Асуумжийн аргаар судлах боломжтой. Саяхан MMCG судалгааны байгууллагаас манай радиог хамгийн олон сонсогчтой радио гэсэн судалгааны дүн гаргаж бидэнд танилцуулсан. Бид Фейсбүүк дагагчдын тоогоор насны бүлэг, сонирхол, мэргэжил зэрэг хэрэглэгчдийн дата мэдээллийг танддаг. Ерөнхийдөө насны бүлгээр 35–45 насныхан, хүйсийн хувьд эрчүүд давамгайлдаг. 100 сонсогч тутмын 56 нь эрэгтэй гэсэн судалгаа гарсан. Эрчүүд түлхүү сонсдог. Эрчүүд танин мэдэхүйн мэдээлэлд илүү сонирхолтой байдаг гэдэгтэй ч холбоотой байх.

Радио дижитал хэлбэрт шилжвэл танайх бэлэн үү?

Манай радиогийн хувьд бүрэн бэлэн. Дижитал шилжилт бол зөвхөн мэдээллийн технологийн салбарын хөгжлийн асуудал биш бусад салбарыг ч хөгжүүлэх гарц гэж харж байна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос радиог 2025 он гэхэд дижитал шилжилтэд орно гэж мэдэгдсэн байгаа. Ингэснээр радиогийн оройн мэдээний рейтинг гэх мэт өндөр хөгжилтэй орнуудын жишгээр бодит өрсөлдөөн гараад ирнэ. Хаанаас, хэдэн хүн, аль цагт, ямар радиог сонсоод байна гэдэг нь гарч ирснээр бизнесийн байгууллагууд ч реклам сурталчилгаагаа өгөх сонголтоо хийхэд хялбар болно.

Гэрэл зургуудыг Г.Ариунчулуун

FM радиогоос сонсогчид юуг илүүтэй хүлээдэг вэ. Олон улсын чиг хандлага ямар байгаа бол?

Солонгосын SBS, KBS гэх мэт томоохон телевизийн сувгууд дэргэдээ радиотой. Олон улсын чиг хандлага нь олон сувгийг нэгтгэсэн сүлжээг бий болгож байна. Бид эдгээр сувгуудтай хамтын ажиллагаатай бөгөөд туршлага солилцохыг, аль болох сонсогчдын цагийг хий хоосон үрэхгүй байх тал дээр илүү анхаарч ажиллаж байна. Манай радиог сонсож байгаа хүмүүс цаг нөхцөөх гэж биш хэрэгтэй мэдээллээ олж авах, шинэ юм сонсох гэсэн хүсэлтэй байдаг нь анзаарагддаг.

Радиогийн оргил цаг ба хамгийн олон сонсогчтой хөтөлбөр ямар хэв маягтай байдаг вэ?

Аль ч улсад радиогийн оргил цаг ижил. Өглөө бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийг уншиж, үзэх нь бага байхад радиогийн хамгийн оргил үе байдаг. Нийт хэрэглэгчдийн 30 хувь нь радио сонсож байна гэсэн судалгаа байдаг. Хүмүүсийн ажилдаа явдаг үе буюу өглөөний 07.00–10.00 цаг, мөн ажил тарах цаг бол радиогийн оргил цаг. Хөтөлбөрийн агуулгын хувьд танин мэдэхүйн мэдлэг олгох хөтөлбөр, дэлхийн мэдээ, ялангуяа Монголчууд амьдарч буй бүсүүдээр цаг үеийн ямар шинэ мэдээлэл байна гэдгийг шуурхай хүргэдэг.
Оройн цагаар хүнд илүү тайвшрал өгөх улс төр, гэмт хэргээс ангид мэдээллүүд хүргэхийг эрмэлздэг. Жишээ нь 18.00 цагийн “Фейсбүүкийн сонирхолтой постууд” нэвтрүүлгийг ажлаа тараад харьж яваа эсвэл гэртээ оройн хоолоо бэлдэж буй хүмүүс ажлын дараах алжаалаа тайлж сонсох дуртай. Аль нэг шашин, улс төр, өвчин зовлон гэхээс илүү сонирхолтой танин мэдэхүйн бөгөөд хэлэлцүүлэг өрнөх боломжтой сэдвийг сонгодог.

Радиод шинэ залуу туршлагагүй сэтгүүлчдийн гаргадаг нийтлэг алдаа, анхаарах зүйлс юу вэ?

Радиогийн уламжлалт хэлбэрээр бол сул үг, эсвэл бүдүүлэг албаны бус үг хэллэг хэрэглэх нь хамгийн том алдаа байсан. Бас тухайн мөчид яриад өнгөрдөг учир сонсогчид анзаарахгүй байх нь элбэг. Харин дүрстэй явдаг болсноор сул хөдөлгөөн, биеийн хэлэмж гээд л телевизтэй ижил л дээ. Ихэнх радио дуу танилцуулдаг залуу хөтлөгчид байдаг учир тэд ярилцлага хийхдээ магадгүй туршлагагүй, бэлэн биш байдаг байх. Бид сонсогчидтойгоо илүү ойр дотно чөлөөтэй байхыг эрмэлздэг. Мэдээж ярьж байгаа зүйлийнхээ талаар судалгаатай, баримттай, мэдлэгтэй байх нь чухал.

Ярилцсан Б.Туул