Хэвлэл мэдээллийн салбарт хувьсал хийж буй 6 шинэ технологи

Техник технологи үсрэнгүй хөгжихийн хэрээр тэдгээрийг ойлгох, хэрэглэж сурах шаардлага бидний өмнө алхам тутамд тулгарч байна.

Хэвлэл мэдээллийн салбарынхны хувьд бага хүний нөөцөөр илүү бүтээмжтэй ажиллахыг хүсвэл технологийг өргөнөөр ашиглах шаардлагатай гэж үзэн, тийш алхаж эхэллээ. Ингээд уншигч танд хэвлэл мэдээллийн салбарыг өөрчилж буй зарим шинэ технологийг танилцуулж байна.

1. “5G” болон Wi-Fi 6

Интернэтийн сүлжээний тав дугаар үе буюу супер хурдтай утасгүй технологи бүхий “5G” сүлжээ одоо бидний хэрэглэж буй 4G сүлжээнээс ойролцоогоор 10–15 дахин хурдтай. БНСУ энэхүү сүлжээг түрүүлж нэвтрүүлэх нь технологийн тэргүүлэгч гүрнүүдтэй хийх өрсөлдөөний нэг хэсэг гэж үзэн өнгөрсөн онд эхний байдлаар нэвтрүүлээд байгаа. Сүлжээнээс гадна 6 дугаар үеийн Wi-Fi төхөөрөмж буюу Wi-Fi 6 мөн чухал. Энэ Wi-Fi төхөрөөмж нь дата дамжуулах хурдыг гурав дахин нэмэгдүүлж, хамрах хүрээг нь хоёр дахин тэлж, найдвартай ажиллагааг нь дээшлүүлж интернэт тасалдах гэдэг ойлголтыг түүх болгох юм.

Мөн зөөврийн компьютер, гар утас зэрэг төхөөрөмжийн батарейн зарцуулалт багасна гэж инженерүүд үзэж байгаа аж. 5G технологийн хөгжүүлэлт хараахан дуусаагүй. Энэ салбарт Шведийн Exxon, Финляндын Nokia, АНУ-Францын хамтарсан Alcatel групп болон БНХАУ-ын Хуавэй компаниуд зах зээлд гол тоглогч болохоор өрсөлдөж байна.

2. VR буюу Виртуаль дүрслэлийн дуран

Сэтгүүл зүйн мэдээний хамгийн том зорилго бол үйл явдлын талаар бодит байдлыг мэдрүүлэхэд чиглэх тийш хандаж байна. VR буюу Виртуал дүрслэлийн дуран бүтээгчид үүнийг өгөхөөр зорьж байгаа юм. Тиймээс “Нью-Йорк Таймс” зэрэг томоохон медиа компаниуд VR аппликэйшн ашиглаад эхэлжээ. Эхний байдлаар VR нь сэтгүүл зүйд хэрхэн нэвтэрч байгааг эндээс мэдэрч болно. VR ашиглаж үзсэн ямар ч мэдээ хүнд гүн сэтгэгдэл төрүүлнэ гэдэг бүү эргэлзээрэй. Эхэнд өгүүлсэн 5G сүлжээ нь Augmented Reality, Virtual Reality хэрэглээнүүдэд томоохон түлхэц болох юм.

3. Автомат сэтгүүл зүй

Хөгжиж буй технологийн хамгийн сонирхолтой сэдэв бол автомат буюу “Робот сэтгүүл зүй” юм. Робот сэтгүүл зүй нь агуулга боловсруулахын тулд задлан шинжлэх замаар сэтгүүлч болон контент бэлтгэгчдэд туслах зорилготой. Энэ нь одоогоор мэдээллийн эх сурвалж, гарчиг, трэнд сэдвүүдэд хиймэл оюун ухааны тусламжтайгаар өгөгдөл боловсруулах байдлаар ажиллаж байна. “Вашингтон пост” сонины редакц шууд дамжуулж байгаа контентийг шалгах, тэмдэгтийг өөрчлөх боломжтой “Бандито” хэмээх хэрэгслийг хөгжүүлж байна.

4. “Wearable” сэтгүүл зүй

Өмсдөг, зүүдэг технологи нь хэрэглэгчийн мэдээлэл авах арга замыг өөрчилж байна. Жишээлбэл Аpple-ийн цагууд цаг үеийн мэдээллийг тухай бүрт хүргэдэг. Энэ төрлийн технологийн туйлын зорилго бол мэдээллийг маш хурдан уншигчдад хүргэх зорилготой. Нүдний шил, бугуйвч зэрэг ч энэ төрлийн эд зүйлсийн хэрэглээ нэмэгдэж, технологийн хувьд ч хурдацтай хөгжиж байна.
Энэ салбарын өрсөлдөөн ухаалаг утас үйлдвэрлэгч том төлөөлөгчид болох Apple болон Samsung компаниудын хооронд өрнөсөн хэвээр байна. Үүний хажуугаар БНХАУ-ын Хуавэй болон Шиаоми зэрэг компаниуд бүтээгдэхүүнээ хөгжүүлсээр байна.

5. Видео бүтээх технологи

Үзэгчдэд мэдээлэл хүргэх хамгийн шилдэг арга нь магадгүй дуу дүрсний нийлэмж болох видео болон хувирч байна. Интернэтийн хурд нэмэгдэхийн хэрээр энэ талын хэрэглээ нэмэгдэнэ. Үүнийгээ дагаад энэ технологи бараг гэрлийн хурдаар хөгжиж байна. 1080HD нягтаршилтай бичлэг моодноос гарч түүнээс 2 дахин их нягтаршилтай 2160HD бидний хэрэглээнд нэвтрээд удаагүй байгаа билээ. Гэтэл үүнээс дахиад 2 дахин их нягтшилтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нэвтэрчээ. Энэ хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, контент бүтээх нь шинэ тутамд тулгарах сорилт болох нь. Ийм бичлэгт засвар хийж, дээр нь ажиллах боломжтой вэб сайтууд, програм хангамжууд олноор гарч байна. Шинээр гарч буй ийм төрлийн технологиуд нь хэвлэл мэдээллийн салбарыг эрс өөрчилж байгааг харуулж байгаа юм.

6. Дрон сэтгүүл зүй

Нисгэгчгүй агаарын тээвэр гэж нэрлэгддэг Дрон нь хэвлэл мэдээллийн салбарт ч нэгэн чухал хэрэгсэл болж хөгжиж байна. Дрон нь алсын зайнаас удирдах, хурдан маневр хийх, олон цэг өнцөгөөс харах боломжтой. Гал түймэр, газар хөдлөл зэрэг байгалийн гамшгийн үед очих боломжгүй газарт агаарын зураг авалт, видео тандалт хийхэд Дрон нисгэх нь илүү аюулгүй сонголт юм. Европын зарим оронд дроныг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн гол хэрэгсэл болгон ашиглаад эхэлсэн байна. Харин Япон Улсад дрон нисгэхийн тулд заавал зөвшөөрөл авах ёстой байдаг юм. Гэтэл одоогоор Монгол Улсад үүнийг хориглох, эсвэл зөвшөөрөх журам байхгүй бөгөөд бид хүссэнээрээ Дрон ашиглаж болно гэсэн үг юм. Дрон нь дотроо 4 үндсэн төрөл байдаг бөгөөд гэрэл зураг сонирхогч ашигладаг төрөл нь “Multi rotor drone” буюу олон сэнстэй хувилбар юм. Энэ төрлийн дронын үнэ 1 сая төгрөг орчмоос эхлэж байгаа юм байна. Технологийн дэвшил ашиглан тэнгэрт дүүлэн нисэх шонхор мэт байгалийн үзэсгэлэнгээс эхлээд бараг л бүх зүйлийг харах боломж өнөө үед бидэнд тохиожээ.

Технологийн салбарын шинэ бүтээлүүдийг цаг алдалгүй уншигч танд танилцуулахаар төлөвлөөд байна. Манай хуудсыг дагаж мэдээлэлтэй ойрхон байгаарай. Мэддэгээ хуваалцаж амьдаръя.

Фэйсбүүк: https://www.facebook.com/PressInstituteMongolia
Твиттер: https://twitter.com/Press_Institute