ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН “СТАРТ АП”-УУД ХЭРХЭН ОРШИН ТОГТНОХ ВЭ?

Тогтвортой ажиллаж буй уламжлалт хэвлэл, мэдээллийн хэрэгслийн тоо жилээс жилд буурч, байгаа нь судалгаанаас харагдана. Хэвлэл мэдээллийн бизнесийн тогтвортой байдалд нийгмийн сүлжээ, интернэт, харилцаа холбооны технологийн хөгжил онцгой сорилт, бэрхшээлийг дагуулсаар.

Хэвлэл мэдээллийн бизнесийг тогтвортой удирдаж амжилтад хүрэх нь орчин үеийн менежерүүдийн томоохон асуудал болж буй тул энэ салбарт шинээр төрж буй гарааны бизнесүүд хэрхэн ажиллах, “амьд үлдэх” төдийгүй амжилтад хүрэх талаар зарим санааг хуваалцахаар ээлжит бичвэрээ хүргэж байна.

Хэдхэн сарын өмнө АНУ-ын Элчин сайдын яам, Мидас ТББ, Хэвлэлийн Хүрээлэн хамтарсан TechCamp сургалтын явцад ч хэвлэл мэдээллийн оршин тогтнохуйн асуудал нэг чухал сэдэв болж байсан. Энэ үйл явдлын үеэр Unread Media компанийн хамтран үүсгэн байгуулагч Д.Ганзориг бусадтай туршлагаа хуваалцсан бөгөөд түүний ярьсан зарим зүйлсийг энд дурдалгүй өнгөрч боломгүй.

Юуны өмнө Unread анх үүсгэн байгуулагдаад “Hub Innovation Center”-ийг санхүүгийн ашиг харалгүйгээр, менежментийн гэрээтэй ажиллуулж эхэлсэн байна. Улмаар тэд чанартай контент үйлдвэрлэх, бусдаас “өвөрмөц” байхад илүү ач холбогдол өгдөгт гол онцлог нь оршиж буйг үүсгэн байгуулагчид өөрсдөө ч, хэрэглэгчид ч хэлсэн байдаг. “Unread”-чүүд анх эхлэхдээ шинээр төрж буй гарааны бизнес, үйлчилгээ, аппликэйшн, ном танилцуулж, хэрэглэгчдэдээ хүрэх талбарыг бий болгох санааг дэвшүүлсэн бөгөөд зорилтот бүлгээ 20–35 насныхан буюу залуучууд байхаар сонгосон ажээ. Бусдаас өөр байхын тухайд цахим сайтууд хурдаараа уралдаж, аль болох олон мэдээллийг цаг алдалгүй нийтлэхийг хүсдэг бол, харин тэд өдөрт нэг л чанартай контент уншигчдаа хүргэх зорилго тавьсан нь хэрэглэгчдийн цаг хугацааны боломжид хүндэтгэлтэй, мэдрэмжтэй хандсаныг илэрхийлэл болж, үнэнч хэрэглэгчийг татах ухаалаг шийдэл болжээ. Өөрөөр хэлбэл, олон нийтийг мэдээллээр дарж, залхаан цээрлүүлэх, бухимдуулах хэрэгсэл биш соён гэгээрүүлэх, шинэлэг мэдээлэл, өөдрөг үзэл бодлоор хэрэглэгчдээ манлайлах шинэ орон зайг харж чадсан байна. Тийм ч учраас 2015 онд анх үүсгэн байгуулагдсанаас хойш шинэлэг булангуудыг уншигчдадаа тасралтгүй танилцуулсаар иржээ.
Орлого олох эх үүсвэрийн тухайд ч хязгаарлагдмал бус олон янзын эс үүсвэртэй байх зарчмыг Unread тэргүүн болгосон. Тиймдээ ч “content marketing” зарчмаар төлбөртэй нийтлэлийн жишиг тогтоосон. Нөгөөтээгүүр дахиад л бусдаас өвөрмөц байх зорилгоор үйл явдал зохион байгуулж эхэлснээр Unplug хэмээх хэлэлцүүлэг, шинэ бүтээгдэхүүн танилцуулах, үзэсгэлэн, шагнал гэсэн хэсгээс бүрдсэн гарааны бизнес эрхлэгчдийн хамгийн том цугларалтыг 2016 оноос хойш жил бүр зохион байгуулж эхэлжээ.

Өөрөөр хэлбэл Unread-ын бизнесийн загвар нь чанартай контент хийх, үйл явдал зохион байгуулах, олон нийтийн хүрээлэл үүсгэх болон арилжаа гэсэн чиглэлүүдээрээ уламжлалт хэлбэрээс ялгарсан дотоодын сайн жишээ мөн.

Гарааны бизнест орлого хэрхэн бүрдүүлэх тухай асуудал Монголд төдийгүй дэлхий дахинаа амин чухал асуудалд болдог.
Хэвлэл мэдээллийн бизнест орлого олох орчин үеийн шийдэл нь хэрэглэгчдийн хүлээлт, хэрэглээний олон янзын загвар, үр өгөөжийг урьдчилан тооцсоны үндсэн дээр боловсруулсан илүү нарийн арга тактикт суурилж буйг хэвлэл мэдээллийн менежментийн багш, судлаачид хэлж байна. Өөрөөр хэлбэл, орлогын эх үүсвэрийг хэдий чинээ “солонгоруулна”, төдий чинээ боломж нэмэгдэнэ. Иймд, “солонгорсон” эх үүсвэрүүдийн талаар энэ бичвэрт онцгойлон танилцуулж байна. Гэхдээ энэ бол зөвхөн зарим нэг жишээ гэдгийг анхаарахад илүүдэхгүй биз ээ.

Эх үүсвэр 1. Төлбөртэй контент, түүний төрлүүд

Хэвлэл мэдээлэлд “төлбөрт контент” гэдэг нь “захиалгат сэтгүүл зүй” гэсэн нэр томьёоны дүйвээнд заримдаа хэтэрхий өрөөсгөл, “сөрөг” утгаар ойлгогддог. Мөн чанарыг нь эхлээд ухах хэрэгтэй. Ямар контент төлбөртэй байж болох вэ? Ямрыг нь зүй бус хэмээн үзэх вэ? Өдөр тутмын үйл явдлын мэдээ, эрэн сурвалжлах бүтээл зэрэг сэтгүүл зүйн чанар чансааг сорьсон бүтээлүүд төлбөртэй байж боломгүй. Харин зарим үед “хэрэглээний сэтгүүл зүй” гэж нэрлэгддэг хүний амьдралын хэв маяг, сонголт, хэрэглээтэй холбоотой сэдвүүд эрүүл мэнд, хооллолт, хувцас, ном, кино, кофе шоп гэх мэт бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай контент төлбөртэй байх нь хэвийн зүйл. Ийм контентыг төрлийг тусгайлан хөгжүүлэх нь гарааны бизнесүүдийн хувьд орлогын нэг эх үүсвэр байж болох юм.

Эх үүсвэр 2. Орлого олох уламжлалт загвар

Мэдээж, уламжлалт зар сурталчилгаа, маркетингийн аргууд одоо ч “хүчинтэй” хэвээр. Иймд цоо шинэ эх үүсвэрээс гадна уламжлалт бизнес эрхлэгчидтэй харилцах сонгодог арга хэлбэрийг орхигдуулах хэрэггүй.

Эх үүсвэр 3. Хандив /Donation/

Бусад улс оронд тухайн контентын зорилго чиглэлийг дэмжсэн хандивын аян өрнүүлэх аргыг хэвлэл мэдээллийн олон хэрэгсэл өргөнөөр ашигладаг. Цөөнхийн дуу хоолойг сонсох, нийтийн сонирхол бүхий асуудлыг хөндөж түгээх, өндөр зардал бүхий эрэн сурвалжлах бүтээлийг хараат бусаар хийх нийгмийн сайн сайхны төлөөх зорилгоо нийтэд зарлан дэмжлэг хүртэх боломж бий. Манайд төдийлөн хөгжөөгүй энэ боломжийг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Гагцхүү энэ тохиолдолд бүтээлийн хараат бус байдалд хандивлагч нөлөөлөхгүй байх тохироог хийх, хандив өсгөж үүнд оролцсон хувь хүн, байгууллагыг олон нийтэд ил тод зарлах шаардлагатай.

Эх үүсвэр 4. Захиалга /Subscription/

Олон нийтийн дэмжлэгийг авах, тухайн бүтээлийг илүү дэлгэрэнгүй, олон цувралаар, олон дугаараар хүлээн авах боломжийг хэрэглэгчид олгох хувилбар бол захиалга юм. Орчин цагт хэрэглэгч хүссэн контентоо захиалан үзэх боломж зөвхөн сонин, сэтгүүлд бус ТВ, радио, цахим хэрэгслийн аль ч төрөл дээр, тэр бүү хэл тодорхой нэвтрүүлэг, нүүр хуудас, буланг тусад нь захиалах боломжтой болсон. Цахим гүйлгээ, санхүүгийн үйлчилгээ хөгжиж буй Монгол улсад ч нь энэ боломж нээлттэй байна.

Эх үүсвэр 5. Хөрөнгө босгох /Crowdfunding/

Зорилтот төсөл санаачлах хэлбэрээр нээлттэй цахим хуудас, талбараар дамжуулж, олон нийтэд хандах, гадаад дотоодын олон хэрэглэгч, сонирхогч талуудын дэмжлэгийг хүртэх замаар хөрөнгө босгох боломж сайжирч байна. Сүүлийн жилүүдэд сошиал медиа ашиглан тухайн нийтлэл, нэвтрүүлгийн гол баатарт зориулж хандив цуглуулах албан болон албан бус аккаунтууд ажиллаж эхэлж байгаа нь хөрөнгө босгох үйл ажиллагааны эхлэл боловч энэ нь зарим үед эрсдэл дагуулж байдгийг санахад илүүдэхгүй. Тухайлбал, бүтээлийн гол баатрын нэрийг барьж, бусдаас их хэмжээний хандив цуглуулж хувьдаа завших, цахим залилан хийх зэрэг эрсдэлүүд албан бус аккаунтын ард гарч болзошгүй, ийм тохиолдолд ч цөөнгүй бүртгэгдсэн байдаг. Иймд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд олны танил болсон тодорхой контентыг тогтвортойгоор үргэлжлүүлэн бүтээхэд зориулж, эсвэл тодорхой зорилгод хүрэхэд чиглэсэн контент үйлдвэрлэлийн хөрөнгө босгох төслийг санаачлан, хөрөнгө босгох үйл ажиллагааг ил тодоор, эрсдэлгүйгээр зохион байгуулбал чанар хийгээд цаашдын нэр хүндийг ч өсгөх боломжтой юм.

Эх үүсвэр 6. Нийгмийн сүлжээний төлбөр /Socialpaywall/

Нийгмийн сүлжээг ашиглаж, орлого олох олон төрлийн боломж бий. Гагцхүү одоогоор Монголын нөхцөлд гадаадын зарим улс оронд бүртгэлтэй аккаунтууд л энэ боломжийг илүү түлхүү ашиглаж байна. Иймд өөрийн хийж буй контент, гарааны бизнестээ “social pay” хийх боломжийг судалж, эх үүсвэрээ нэмэгдүүлж болох юм.
Эцэст нь хэлэхэд Та, Таны ажиллаж буй шинэхэн редакц, хэвлэл мэдээллийн байгууллага оршин тогтнох санхүүгийн үндэс сууриа баталгаажуулмаар байвал нэн тэргүүнд орлогын эх үүсвэрээ солонгоруул, бизнесийн загвараа эргэн харахыг санал болгоё.

Ташрамд дурдахад Хэвлэлийн Хүрээлэн 2019 онд ЮНЕСКО-ийн дэмжлэгтэйгээр хэвлэл мэдээллийн менежментийн сургалтын хөтөлбөрөө шинэчилж, хэвлэл мэдээллийн бизнесийн загвар, цахим шилжилттэй холбоотой шинэ сэдвээр баяжуулсан бөгөөд редакцын захиалгаар сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлж буй болно.