“COVID-19”-ИЙГ ТЭД БА БИД ХЭРХЭН СУРВАЛЖЛАВ?

Олон улсын хэвлэлүүдийн тэргүүн нүүр, мэдээллийн хөтөлбөрүүдийн эхний мэдээнээс шинэ коронавирусийн сэдэв буулгүй даруй гурван сарыг үдлээ. Саяхан л НҮБ-ын индэр дээрээс байгаль орчны төлөө цогтой дуугарч, олон улсын хэвлэлээр гарч байсан швед охины талаар сураг алдрав. Мөнхийн сөргөлдөгч талууд болох Израиль, Палестин ч дайтахаа зогсоов…

Дэлхий зогтусаж, их гүрний удирдагч нар барьц алдаж буйг бид харж байна. Халдварт өвчнийг хянах тогтолцоо хараахан үгүй манайх шиг орныг шуурхай зохион байгуулалтад оруулсан энэхүү “Covid -19”-ийг бусад орны сэтгүүлчид ба манай сэтгүүлчид хэр хөндөж ирэв?

Үндэстэн дамнаж үр нөлөөг нь хэлэлцэх шийдэл, гарцыг эрэлхийлэх энэхүү сэдэв /аженда сеттинг ба аженда бийлдинг нэгэн зэрэг болсон/ шинэ коронавирусийн асуудлаар гаднын бас монголын сэтгүүлчдийн сурвалжлах арга барилыг зэрвэс ажигласнаа та бүхэнтэй хуваалцаж байна.

Оны эхний хоёр сард гадаад ертөнц бүхэлдээ цар тахлыг үл тоож, өвчин өөрсдийг нь тойрох юм шиг “хэнэггүйтэж” байжээ. Гэхдээ сэтгүүлчид харин ч эсрэгээр “Covid -19”-ийн тархалтын дата зураглал, өгөгдлийн дүн шинжилгээг хийж, танилцуулж эхэлсэн байв. Тухайлбал, “Вашингтон Пост” сонин нэгдүгээр сарын 25-ны дугаарт Ухань хотоос вирус анх хүнд халдварласан гэх малын зах, түүнээс 800 метрийн зайд орших төмөр замын төв буудлын газрын зургийг нийтэлжээ. Тэрхүү төмөр зам нь 11 сая орчим хүн амтай Ухань хот төдийгүй Хятадын өнцөг булан бүрд хүрдэг байна. Үүний дараа ДЭМБ өөрийн вэбсайтын шинэ хувилбарыг нээж, “Covid -19”-ийн тоон мэдээллийг өдөр тутамд дүрсжүүлэн хүргэж эхэллээ. Энэ нь албан ёсны мэдээллийн чухал эх сурвалж болж байна.

“Форбес” сэтгүүлийн гуравдугаар сарын дундуур хийсэн судалгаагаар ДЭМБ хамгийн нөлөө бүхий нийгмийн сүлжээний хэрэгсэл /сошиал инфлюенсэр/ болсон нь үүнийг мөн гэрчилнэ. Товчоор хэлбэл, “Covid -19”-тэй холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн боломжит бүхий л сувгаар олон нийтэд хүрч, тэдний анхаарлын төвд нэгэнт оржээ.

Тэд, “Stay home” /Гэртээ үлд/ уриа улс орон даяар хэрхэн хэрэгжиж байгааг бүрэн дүүрэн зураглаж харуулав. Жишээ нь, олны танил хүмүүс болон жирийн иргэд гэр гэртээ үлдэн, хорионы хугацааг үлгэр жишээ өнгөрүүлж буй байдал, чухал биш шалтгаанаар гадагш гарч дүрэм, журам зөрчигсдийн зан авирыг тэвчин өнгөрөөж буй журам сахиулагчдын ажил зэргийг тогтмол сурвалжилж байв. Мөн дүрэм журмыг нийтээр хэрхэн мөрдөж байгааг “тайлбаргүй / no comment/”-ээр үзүүлж, гудамж талбайн эзгүйрэл зэргийг харуулна. Жишээ нь гарцаар гарах үедээ ч 1.5 метрийн зай барьж яваа хүмүүсийн дүрс зэргийг үзүүлж байв.

Эдгээр дүр зураг нь тухайн улс оронд гэртээ байх шаардлагыг хүмүүс хэрхэн хүлээн зөвшөөрч буйг ямар ч нэмэлт хачиргүйгээр харуулж буй хэлбэр юм. Түүнчлэн журам зааврыг улиг болтол давталгүйгээр иргэдийн өдөр тутмын амьдралын бүхий л өнгө төрхийг мэдээний хөтөлбөр, сурвалжилгын буландаа тусгасан харагдана. /НТВ, Центральное телевидение, 4 сарын 4; NHK, News Watch 9, 4 сарын 17, 20 цаг/

Бид, “Маскаа зүүцгээе” уриалгад нэгдсэн. Өргөн нэвтрүүлгийн голлох сувгуудаар Их хурал, Засгийн газрын бүрэлдэхүүний дэг журамтай, амны хаалт зүүн хуралдаж буй байдлыг харуулна. Мөн маск зүүж хэвшсэн олон нийтийн дүр зургийг өдөр бүр хэвлэл мэдээллээр харж байна. Гэвч масктай улстөрчид, зарим нөлөөллийн реклам зэргээр телевизийн агуулгууд хязгаарлагдсан байж магадгүй. Хэрэв Налайх дүүрэгт байх худгийн ус түгээгч эмэгтэй шиг ус авахаар ирсэн хүүхдүүдэд маск оёж, тарааж өгсөн тодорхой түүх /itoim.mn-д өгүүлсэн шиг/, мөн теле хичээлийг нь хийлгэнгээ хүүхдийнхээ сургалтад илүү анхаарах болсон эцэг, эхчүүдийн эерэг туршлага, өөр бусад санаачилгын талаар өгүүлсэн сурвалжилга, мэдээнүүд түлхүү хийсэн бол хүмүүст илүү ойр, сонирхолтой хүрэх байж.

Жишээ нь, хотын захаар, эсвэл орон нутагт хүмүүс үнэхээр маскаа зүүж байна уу. Энэ талаар сурвалжилга бараг олж үзсэнгүй. Мөн бага насны хүүхэдтэй ээжүүд гэрээсээ ажиллаж буйг, цаг дулаарч хүүхдүүд хяналтгүй гадаа гарч тоглож байгаа тухай сурвалжлах боломж байсаар л байна.

Хэвлэлийнхэн бид ажлаа дутуу хийж байгаа учир нийслэлд сүүлийн үеэс “Соёлын довтолгоон”-ы үеийн арга болох “цагаан хоолой” хэрэглэхэд хүрэв үү хэмээн бодоход хүрэв.

Тэд ч , Бид ч “Covid -19”-ийн албан ёсны мэдээлэл түгээхийг л чухалчилж байна. Олны санаа бодлыг баталгаагүй, буруу зөрүү, дутуу мэдээллээр төөрөгдүүлэхгүй байх сахилга бат уламжлалт хэвлэл мэдээллийнхний соёл байх учиртай.

Гэхдээ Тэд илүү дайчин, шуурхай, зарим асуудалд шууд хариуцлага нэхсэн өнцгөөс хандаж байв. Цагаан ордны сэтгүүлчид Дональд Трампыг цар тахлын тархалтыг тогтоон барьж чадаагүй хэмээн шүүмжилж, оновчтой шийдвэр гаргалгүй цаг алдсанд буруутгасаар байгаа. Гуравдугаар сарын 13-нд онц байдал зарлахдаа мужуудыг хэсэгчилж тогтоосон, мөн эмнэлгүүд эхэн үедээ оношлуур болон хамгаалалтын хэрэгсэлгүй байснаас үүдэн халдвар илүү өргөн хүрээнд тархсан зэрэг хурц асуултуудаар “Си-Би-Эс”-ийн сурвалжлагч Паула Рейд Трампыг “бөмбөгдөж” байв /bbc.com/.

Вирусийн тархалтыг тогтоон барих Цагаан ордны удирдамжийг мөрдөхгүй байгаа зарим улстөрчийн үйлдэлд тайлбар өгөхийг “Си-Эн-Эн”-ий сурвалжлагч Кейтлан Коллинз шаардаж ерөнхийлөгчөө улалзуулав.

Сүүлийн үед яригдаж буй бас нэгэн жишээ бол Лас-Вегас хотын захирагч Кэролайн Гудмантай “Си-Эн-Эн”-ий Андерсон Купер “мастер класс” /жишиг/ ярилцлага хийж, “буланд шахсан”-ыг “Поинтер” хүрээлэнгийн сайтад гаргажээ. Энэ байгууллага нь ардчилал ба хариуцлагатай сэтгүүл зүйг дэмжсэн үйл ажиллагаа явуулдаг байна. Ярилцлагаар казино болон бусад үйлчилгээг нээх хотын захирагчийн саналыг Купер ямар асуулт тавьж, хэрхэн буулгаж авсныг онцолжээ. Хэдийгээр хотын бизнесийг дэмжих хэрэгцээ шаардлага байгаа боловч одоогийн онцгой нөхцөлд хотын захирагч дэндүү хэнэггүй, хайхрамжгүй байдлаар байр сууриа хамгаалахыг оролдсон хариултууд өгч, шинжлэх ухааны мэдээллийг үл ойшоож өөрийгөө эвгүй байдалд оруулахад хүргэсэн байна. Сэтгүүлч Куперийн ярилцлагаас албан тушаалтнуудтай мэргэжлийн түвшинд хэрхэн харилцах сэтгүүлчийн ур чадвар илт харагдаж байна.

Бид, Улсын Онцгой Комисс, Онцгой Комиссын Шуурхай Штабын мэдээллүүдийг тогтсон цагт нь алгасалгүй, зэрэг зэрэг дамжуулж байна. Шуурхай штабын төлөөлөл бүхий байгууллагуудын статистик мэдээлэл, зарим үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой мэдээлэл, халдварын голомтод ажиллаж буй хүмүүсийн оношилгоо, эмчилгээний үр дүнгийн мэдээллийг хариуцсан албан тушаалтнууд хангалттай хэмжээнд хийж байна. Харин үндсэн мэдээллийн дараах асуулт хариултын цагийг харин сэтгүүлчид маань дутуу ашиглаж байна. Тухайн цаг үед өгсөн мэдээллийг жаахан тодруулаад л өнгөрч байгааг ажиглав.

Трамп болон Европын орны удирдагчид шиг манай дарга нар асуудалд ороогдох нөхцөл байдал төдийлөн үүсээгүй ч сэтгүүлч бол асуулт тавих, сэтгүүлчийнхээ ажлыг л хийх учиртай. Шинэ коронавирус таван шинжээр илэрсэн франц иргэнийг эмчлээд, эдгээгээд гаргасан эмч нартай холбоотой, мэдээлэл өгөх бүрдээ “эмчилгээний тактик” зөв байсан гэх байр суурьтай холбоотой, үзэгч, сонсогч, уншигчийн хувьд үнэхээр чухал, сонирхолтой байж болох асуултууд сэтгүүлчдийн богцонд дутмаг байгааг анзаарав. Эсвэл мэдээлэл дууссаны дараа өөр өөрийн хэрэгсэлд зориулж тусгайлан мэдээлэл авдаг юм уу гэвэл тийм ялгаатай нэмэлт мэдээлэл өгч, үзүүлж буй байдал үнэхээр харагдахгүй байна. Тиймээс, сэтгүүлчдээс бараг асуулт гардаггүй болохоор Шуурхай штабын зарим мэргэжилтнүүд өөрсдийн үйл ажиллагааны талаар арай дэлгэрэнгүй мэдээлэл хийж байна уу гэсэн байдал харагдав…

Дөрөвдүгээр сарын 28-ны мэдээллийн цагаар заалнаас тавьж буй асуулт нь сонсогдоогүй ч Д.Нямхүү даргын хариултад хоёр сонирхолтой зүйл байв. Тэрбээр нэгд, ДЭМБ-ын эмчилгээний удирдамжийн дагуу оношилгоо, эмчилгээ хийгддэг, ардын уламжлалт эмчилгээний аргыг эмчилгээнд хэрэглээгүй, хоёрт, Ц.Чинбаяр эмч Франц иргэнийг дагнаж эмчилсэн, энэ нь тухайн иргэний өөрийнх нь хүсэлт байсан гэсэн хариулт өгөв. Ийм хариулт авахаар асуулт бол оновчтой байв. Энэ мэдээллийг сонссон хүмүүсийн чих лав сортойно. Хүмүүсийн дунд уламжлалт эмчилгээний аргыг ашиглаад илүү үр дүнд хүрч болохгүй юм байх даа гэсэн хүлээлт байсан. Тиймээс, тухайн газар дээр нь харин сэтгүүлчид лавшруулаад хэдийгээр уламжлалт эмчилгээг ашиглаагүй ч хослуулах боломж, санаа байгаа эсэхийг, эсвэл ХӨСҮТ-д өөр эмнэлзүйн практикт ийм арга хэрэглэсэн эсэхийг асууж болно. Учир нь Монголын зарим эрдэмтэн судлаачдын ярилцлагууд бусад хэвлэлээр өмнө нь багагүй гарсан. Мөн эмчлүүлээд эдгэрэгсдийн тоо нэмэгдээд байгаа ч тэдэнтэй ярилцах боломж гарахгүй байгаа юм болов уу гэсэн бодол төрсөн.

Түүнчлэн тэр нэгээс таван шинжээр илэрдэг коронавирус тээгч өвчтөнтэй ямар нэг ялгаа зааггүй эмч эмнэлгийн ажилтнууд ажиллаж байна уу, ер нь хэдэд нь хэдэн шинж илэрсэн, олон шинж бүхий хүмүүстэй ажилласан эмч нар илүү онцгой хязгаарлалт, хамгаалалт хэрэгтэй эсэхийг мөн тодруулбал сонин байх болов уу. Бусад эмч, эмнэлгийн ажилтнуудын ажлын нөхцөл байдал, зохион байгуулалт, эмчилгээ үйлчилгээнд гарч буй хүндрэлтэй асуудал зэргийг огт хөндөхгүй л байна. Зөөвөрлөгдөн ирэхээс бусад тохиолдолд эрсдэл хэр нүүрлэж байна вэ, эрүүл ахуйн дэглэмийн дараачийн шат гэж бий юу гэх мэт асуултууд ч байж болно… УОК юмуу Шуурхай штабаас сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад зориулсан ямар нэг тусгай журам гараагүй болохоор манай сэтгүүлчид онцгой нөхцөл байдалтайгаа уялдуулаад өөрсдийгөө тодорхой хэмжээнд хянаад, болгоомжлоод байна уу гэсэн бодолтой л үлдэв.

Жич: Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр ikon.mn сайтад халдвар авч, эмчлүүлж, эдгэсэн нэгэн эмэгтэйтэй хийсэн ярилцлага гарчээ. “Эмчлүүлж байхдаа “Анх-Отгонтой” таараад англиар мэндлэхэд нь зөрүүлээд францаар мэндэлтэл нүдэнд нь нулимс цийлгэнээд…” гарчигтай ярилцлага жишиг болохуйц ажил болжээ.

Дүгнэвээс Бид, нэгдүгээрт, “Covid -19”-ийн тухай гол төлөв цаг үеийн мэдээллийг хүргэхэд ач холбогдол өгөхийн зэрэгцээ мэдээллийг “сүр дуулиан, сенсааци” болгох зорилго тавиагүй нь харагдаж байна. Цаг үеийн мэдээллийн хүрээнд монгол эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачдын тайлбар ярилцлагууд, гадаадын хэвлэлд гарсан сонирхолтой мэдээ, сурвалжилгуудын орчуулсан бүтээл давамгайлжээ.

Хоёрдугаарт, “Covid -19”-тэй холбоотой сэдэв тун явцуу, албан ёсны мэдээллийг шууд дамжуулж, мэдээлэх л үүрэг гүйцэтгэсэн байна. Цаг үеийн аливаа асуудлыг жижиг гэлтгүй лавшруулж харж, илүү нягт нямбай, бүтээлчээр хандаж, судлах сурвалжлах ажлынхаа цар хүрээг нэмэгдүүлмээр байна. Халдвар тархах хамгийн эрсдэлтэй орны тоонд багтаж байгаа утгаараа шинэ коронавирусийн хор холбогдол, эрсдэлийг хэвлэл мэдээлэл хэрэглэгчдэд зөв ойлгуулах, албан тушаалтнуудыг зөв шийдвэр гаргахад нь нөлөөлөх хэрэгцээ шаардлага хэвээр байна.

Дүгнэвээс, Тэд коронавирусийн сэдвийг өргөн утгаар нь бүрэн хамарч харуулж байна. Цаг үеийн асуудлыг улс төрийн шийдэл, эдийн засгийн хямрал, онцгой нөхцөл дэх төр засгийн лидерүүдийн манлайлал, эрүүл мэндийн салбарын бэлэн байдал, хүчин чадал, энэ цагийн баатар болсон эмч, сувилагч, асрагчдын асуудал, шинэ тутам уг вирусийн судалгаа шинжилгээний үйл явц, хүмүүсийн эрүүл мэнд, нийгмийн асуудал зэргээр цогц харж, бодлогод нөлөөлөхүйц гарч, шийдлүүдийг хэлэлцэж байна. Эдгээрээс хамгийн их хүлээлт үүсгэсэн нь вакцин гаргаж авах эрдэмтдийн судалгаа, эрсдэлтэй нөхцөл байдал буюу галын шугаман дээр ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын асуудлыг онцолжээ.

Үндэсний онцлог ялгааг үл харгалзан Тэд ба Бид “Коронавирусийн хямралыг сөрөхөд хэвлэл мэдээлэл бүхэлдээ жинтэй үүрэг гүйцэтгэж байна” гэсэн “Форбес” сэтгүүл /3 сарын 16/ -ийн судалгааны дүгнэлтийг хангаж байна гэж үзэв.

Ажиглалт хийсэн гадаад, дотоодын мэдээллийн сайт, мэдээллийн хөтөлбөр:

https://www.bbc.com/news/av/world-us-canada-52275939/coronavirus-reporter-grills-trump-on-pandemic-response

https://edition.cnn.com/videos/politics/2020/03/16/collins-trump-nunes-coronavirus-guidelines-sot-vpx.cnn

https://www.poynter.org/reporting-editing/2020/cnn-anderson-cooper-interview-las-vegas-mayor-carolyn-goodman/

news.mn

itoim.mn

ikon.mn

https://ikon.mn/opinion/1v7w?fbclid=IwAR1tKvlzFxWx9JwGvFKCX1T9eBYbGHPTY4oqppjVf6fWxmTBbhzbXhQ4J_c

NHK, News Watch 9, 20.00, 17–04–2020

НТВ, Ценральное телевидение, 2020–04–04

ММ, Цагийн хүрд, 20.00

Ийглийн мэдээ, 21.00