Австрали сэтгүүлч Өвөрхангайн сэтгүүлчдээс ярилцлага авчээ

2009-03-29 44

Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн урилгын багш, Австралийн сэтгүүлч Китти Хамилтон “Хэвлэлийн эрх чөлөө – Монголд” баримтат киноныхоо зураг авалтыг гуравдугаар сарын 27-29-ний өдрүүдэд Өвөрхангай аймагт хийлээ. Тэрээр сэтгүүлчдийн ажлын орчинтой танилцан, хэвлэлийн эрх чөлөөний талаар санал солилцжээ.

Уулзалтын талаар тэрээр “Хөдөө орон нутгийн сэтгүүлчид Улаанбаатарынхаас эрс өөр, олон төрлийн бэрхшээл, сорилттой тулгардаг юм байна. Тэнд эздийн харъяаллын асуудал, арилжаа сурталчилгааны хязгаарлагдмал байдал зэрэг нь чөлөөт, бие даасан хэвлэл мэдээллийг хөгжүүлэх боломжийг хумьж байна. Сэтгүүлчид ч мөн  алслагдсан айл өрх, малчдад мэдээллээ түгээх боломжоор хомс байдгаа ярьж байсан. Австралид бол өөр. Тэнд хөдөө орон нутгийн иргэд ч ялгаагүй хэн хүссэн нь интернэт ашиглаж мэдээлэл аван, сонин уншиж, телевиз болон бусад холбоо харилцаагаар үйлчлүүдэг” гэж ярьлаа.

Австрали сэтгүүлчид Өвөрхангай аймгийн Хүүхдийн Төлөө Хэлтсийн дэргэдэх “Өсвөрийн сурвалжлагч” бүлгэмийн сурагчид өндөр сэтгэгдэл төрүүлсэн гэнэ. “Тэд өдий багаасаа ийм их хүсэл эрмэлзэлтэйгээр сэтгүүл зүйд орж байна. Би өндөр хөгжилтэй Австрали оронд ч энэ ийм тохиолдол хараагүй. Энэ бол миний Монголд ажилласан үеийн хамгийн онцгой тохиолдол байлаа” гэж Китти Хамилтон ярьлаа.