Арвайхээрийн “Өсвөрийн сурвалжлагчид” Хэвлэлийн Хүрээлэнгийн багш нартай санал солилцлоо

2009-03-29 84

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын Хүүхдийн Төлөө Хэлтсийн дэргэдэх “Өсвөрийн сурвалжлагч” бүлгэмийн гишүүн сурагчид Хэвлэлийн Хүрээлэнгийн багш нарыг гуравдугаар сарын 28-нд бяцхан “редакцдаа”урьж сэтгүүл зүйн талаар халуун яриа өрнүүлжээ.

“Өсвөрийн сурвалжлагч” бүлгэмийг санаачилсан мэргэжилтэн М.Болортуяа, “Энэ бүлгэмийн долоон сурагч “Гэгээн өглөө сайн байна уу” нэвтрүүлэг бэлтгэдэг байсан. Тэдний үйл ажиллагааг дэмжиж өргөжүүлэхийн тулд манай хэлтэс дэргэдээ энэ бүлгэмийг бий болгоод цаашид олон ажил, аян зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал, манай өсвөрийн сурвалжлагчид дөрөвдүгээр сарын турш аймгийн Хот тохижилт, үйлчилгээний төвтэй хамтран “Хоггүй орчин – Өсвөр үеийн оролцоо” аян зохион байгуулж, радио, телевизийн нэвтрүүлэг бэлтгэж цацна” гэж ярьсан юм.

“Өсвөрийн сурвалжлагч” бүлгэм гишүүдээ өндөр шалгуураар шүүж 58 хүүхдээс зургаагаас аравдугаар ангийн 14 сурагчийг сонгон шалгаруулж элсүүлсэн бөгөөд тэднээс зургаан сурагч Арвайхээрийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад ажиллаж байна.

Хэвлэлийн Хүрээлэн, Өвөрхангай аймгийн ЗДТГ хамтран Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчид, төрийн байгууллагуудын олон нийттэй харилцах ажилтнуудад гуравдугаар сарын 27-29-ны өдрүүдэд богино хугацааны сургалт зохион байгуулсан бөгөөд энэ үеэр хүүхдүүд ийнхүү сэтгүүл зүйн багш нараас хэрэгтэй мэдээллээ лавлаж, санал бодлоо чөлөөтэй ярьжээ.