Дархан-уул аймгийн “байгаль орчин-сэтгүүлч” клубийн гишүүд, АНУ-ын зочин Стив фриштэй уулзаж ярилцлага хийв

2011-11-23 44

Дархан-Уул аймгийн  “Байгаль орчин-Сэтгүүлч” клубийн гишүүд, АНУ-ын  “Сьерра Бизнес Консул”-ын ерөнхийлөгч Стив Фриштэй  уулзалт ярилцлага хийв. Уулзалтанд Шинжлэх Ухаан Технелогийн “Дархан” Их Сургуулийн уул уурхайн инженерийн ангийн оюутнууд оролцож  өөрсдийн сонирхсон асуудалдаа хариулт авсны зэрэгцээ санал бодлоо ч илэрхийллээ.

Ноён Стив Фришийн талаар товч танилцуулахад, тэрбээр Калифорни, Невада мужийн зааг дээр оршдог Сьеррагийн уулархаг нутгийн байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  750  гаруй байгууллагыг багтаасан төрийн бус байгууллагыг тэргүүлдэг ажээ.

АНУ-ын Калифорни муж  нь алтны нөөцөөрөө дэлхийд  хоёрдугаарт  бичигдэж байсан хэдий ч энэ баялгийн дийлэнх нь мужийн ард иргэдэд биш өөр хот улс руу явжээ. Мөн алтны уурхай, мөнгөн усны хор, мод бэлтгэлийг ихээр хийснээс үүдсэн хохирлыг эдгээр мужийн иргэд өнөөдөр ч гэсэн амсаж байдаг байна.

“- Калифорнид 1850 оноос эхэлсэн алт олборлолт, түүнийг дагалдан гарсан нийгэм, байгаль орчны өөрчлөлт, мөн хууль зүйн зохицуулалт нь,  Монгол Улс өнөөдөр байгалийн их хэмжээний баялгаа ашиглаж эхлэх гэж байгаатай яг ижил санагдаж байна”  хэмээн ноён Стив Фриш хэлэв. Тэрбээр үргэлжлүүлэн “- Тийм учраас Монгол улс нь АНУ-ын алдааг давтахгүйн тулд байгалиа хамгаалах тал дээр үр дүнд хүрсэн үйл ажиллагаа, арга барилаас нь суралцах нь зөв байх. Байгал орчин газар дэлхийгээ эвдэн сүйтгэхийн уршигт үр дагварыг хамгийн гол нь тэр ухамсаргүй үйлдэл хийсэн тухайн үеийн хүмүүс биш харин ямар ч буруугүй хойч үеийнхэн нь амсдаг “ гэдгийг анхааруулав.

“ЛХА” телевизийн сэтгүүлч Т.Гэрэлцэцэг хэлэхдээ “Сэтгүүлчид бид, эх байгалиа ирээдүй хойчдоо бүрэн бүтнээр нь  өвлүүлэхийн тулд  компаниуд болон алт олборлогч  иргэдийн буруу үйлдлийг таслан зогсоож, тэдний ухамсар сэтгэлгээг өөрчлөх нийтлэл, нэвтрүүлгээ улам  чанаржуулах шаардлагатай. Харин ингэж ажиллахад  мэдээлэл олж авах, эх сурвалжаа хамгаалах тал дээр эрх зүйн хамгаалалт  дутагддаг” гэдгийг сануулав.

“RGB” телевизийн сэтгүүлч Н.Отгонбаатар “- Байгаль орчныг нөхөн сэргээхэд онцгой үлгэр жишээ болж байгаа зарим аж ахуйн  арга ажиллагааг бусдад нь  дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн оролцоо их чухал.Бид энэ сэдвээр нэвтрүүлэг явуулсан  хэдий ч үүнийг маань  орон нутгийн Байгаль Орчны Газар олзуурхан анхаарч ач холбогдол өгсөнгүй. Бидний нийтлэл  нэвтрүүлгийн үр нөлөөг дээшлүүлэхэд  төрийн байгууллагын дэмжлэг хэрэгтэй байна” гэв.

“ОРХОН” телевиз, радиогийн сэтгүүлч Р.Жавхлантөгс  “Дархан-Уул аймгийн нутагт байгаа түүхэн дурсгалт газрууд, хөшөө чулуунууд нь  алт ухагчдын дайралтанд өртөж байгааг бид нэвтрүүлгээрээ мэдээлсэн. Орон нутгийн хариуцсан байгууллагууд нь одоо болтол арга хэмжээ авахгүй байгаа учраас клубийн бүх сэтгүүлчид нэгэн дуугаар шаардлага хүргүүлье” хэмээн санал гаргав.

 

Бүсийн зохицуулагч Ө.Рагчаасүрэн