ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ОРОН НУТГИЙН ДЭД ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ХЭВЛЭЛИЙН ХҮРЭЭЛЭН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

2018-04-06 195

Дорноговь аймагт хүн амын хүйсийн тэнцвэрт байдал хангагдаж байгаа хэдий ч эрэгтэйчүүдийн нас баралт өндөр, хөвгүүдийн сургууль завсардалт нэмэгдэх хандлагатай, боловсролын салбарт эмэгтэйчүүд давамгайлдаг, хүчирхийллийн хохирогч болсон охид, эмэгтэйчүүдийн тоо буурахгүй байгаа зэрэг жендэрийн тулгамдсан асуудлууд байсаар байна.
Зарим статистикийг дурдвал, эмэгтэйчүүдийн сарын дундаж цалин 700,8 мян.төгрөг, эрэгтэйчүүдийнх 854,3 мян.төгрөг байгаа нь эрүүл мэнд, боловсрол, худалдаа зэрэг цалин багатай үйлчилгээний салбарт эмэгтэйчүүд давамгайлан ажиллаж, уул уурхай, барилга зэрэг харьцангуй тогтвортой, өндөр цалинтай салбаруудад, мөн төрийн албаны удирдах түвшинд эрэгтэйчүүд давуу тоогоор ажиллаж байгаатай холбоотой. Түүнчлэн, хөдөлмөрийн харилцаанд хүйсээр ялгаварлан гадуурхах байдал гарсаар байгааг цаашид анхаарах шаардлагатай болохыг судлаачид тодорхойлсон байна.

Иймд, тус аймагт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор орон нутгийн дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж эхэллээ.
Орон нутгийн дэд хөтөлбөрийг боловсруулахад Жендэрийн Үндэсний хорооны ажлын алба, Жендэрийн зөвлөх баг болон Азийн хөгжлийн банкны “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа” төсөл хамтран ажиллаж дэмжлэг туслалцаа үзүүлсэн бөгөөд орон нутгийн дэд хөтөлбөрийг албан ёсоор гардуулах ажиллагаа өнгөрсөн долоо хоногт Дорноговь аймагт боллоо.

Хөтөлбөрийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Жендэрийн Үндэсний хорооны ажлын албаны дарга Т. Энхбаяр, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгийн газрын дарга Б.Ганзориг, Аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Н.Хонгорзул болон орон нутгийн жендэрийн хорооны гишүүд оролцлоо. “Энэхүү хөтөлбөр нь орон нутгийн онцлог, хэрэгцээнд нийцсэн эрэгтэй, эмэгтэйчүүд, охид, хөвгүүд, нийгмийн бүлгүүдийн нөхцөл байдлыг олон талаас нь үндэслэлтэй харах боломжийг олгох төдийгүй үндэсний хэмжээнд жендэрийн тэгш байдлыг хангахад чухал хувь нэмэр оруулна” гэж үзэж байгааг Жендэрийн Үндэсний хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр онцоллоо.
Харин, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганзориг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусган ажиллахаа илэрхийлсэн юм.

Цаашид хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай сургалт сурталчилгааг өргөжүүлэх, төрийн албан хаагч, иргэний нийгмийн төлөөллийг сургах, сэтгүүлчдийг мэргэшүүлэхэд Жендэрийн Үндэсний хорооны ажлын алба, Азийн хөгжлийн банк хамтран ажиллах бөгөөд Хэвлэлийн Хүрээлэн энэхүү үйл ажиллагааг гардан хэрэгжүүлэх юм.