Мэргэжлийн хяналтынхан сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгууллаа

2009-06-10 111

Өнөөдөр Хэвлэлийн хүрээлэн, Улсын Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газартай хамтран сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгууллаа.

Тус сургалтад 20 гаруй сэтгүүлчид оролцсон бөгөөд мэргэжлийн хяналтын газар болон сэтгүүлчдийн хамтын ажиллагаа, хүндрэл бэрхшээл түүнээс гарах арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр сэтгүүлчид аливаа мэдээ мэдээллийг  түргэн шуурхай хүргэх шаардлагатай байдаг харин мэргэжлийн хяналтын газрынхан мөн мэдээллийг шуурхай хүргэхийг зорьдог ч аливаа зүйлийг баталгаажуулсны дараа мэдээлэх ёстой байдаг  нь зөрчил үүсэх шалтгаан болдог талаар ярилцлаа.

Энэхүү сургалтыг зохион байгуулсны үр дүнд тэд  тус тусын мэргэжлийн онцлог, үүрэг зарчим, ёс зүй хууль дүрмийн талаар ярилцаж тодорхой хэмжээний ойлголттой болсон төдийгүй сэтгүүлчид болон мэргэжлийн хяналтынхан цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал  бодлоо солилцсон явдал байлаа гэж Хэвлэлийн хүрээлэнгийн сургалтын албаны дарга Ч. Байгалмаа хэллээ.

Мөн сургалтын үеэр модны хулгайтай хэрхэн тэмцэж байгаа, импорт экспортын бараа бүтээгдэхүүн болон барилгын салбарт хийсэн ажлын байрны аттестатчиллын шалгалтын дүнгээс сэтгүүлчдэд танилцуулсан юм.

Энэхүү цуврал сургалтыг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Эдийн засгийн бодлогын шинэтгэл төслийн хүрээнд зохион байгуулж байгаа билээ.

19