СЭТГҮҮЛЧДЭД ХУУЛЬ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО

2018-04-04 75

Хууль, эрх зүйн талаарх мэдээллийг иргэдэд түгээх нь зөвхөн төрийн чиг үүрэг бус хэвлэл, мэдээллийн байгууллагын нийгэмд хүлээсэн үүргийн нэг байдаг. Хуулийн нэр, томьёо, ойлголт тодорхойлолтыг энгийн ойлгомжтойгоор мэдээлэхэд сэтгүүлчээс багагүй ур, чадвар мэдлэг шаарддаг.

Иймээс Хууль зүйн Үндэсний Хүрээлэн, Хэвлэлийн Хүрээлэн ТББ нар хамтран ажиллаж, сэтгүүлчдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Сургалтаар хууль, эрх зүйн мэдлэгийг иргэдэд ойлгомжтойгоор хүргэх арга барил болон сэтгүүлчдийн ихээр сонирхож буй зөрчлийн хуулийн талаарх ойлголт мэдээллийг өгч, сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

Сэтгүүлчдийн арга барилын хувьд аливаа хуулийг хэн санаачилж, хэзээ, ямар ирцтэйгээр хэлэлцэж баталсныг мэдээлэхээс илүүтэйгээр тухайн хууль хэзээ үйлчилж эхлэх, ингэснээр иргэдийн өдөр тутмын амьдралд ямар өөрчлөлт гарч болохыг мэдээлэх нь илүү зохистой гэж сургалтыг зохион байгуулсан багш нар онцолж байлаа. Түүнчлэн, шинээр хууль, эрх зүйн баримт бичиг батлагдахад сэтгүүлч бүгдийг нэг дор мэдээлэх гэсэндээ алдаа гаргадаг. Харин, шинэ хуулийн агуулгыг хэсэгчилж, эсхүл шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулсан хэсгийг өмнөхтэй нь харьцуулах хэлбэрээр мэдээлэх нь илүү ач холбогдолтой бөгөөд сонирхолтой гэдгийг ч зөвлөж байлаа.

Сургалтыг Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн мэргэжлийн багш нар удирдан явуулсан бөгөөд цаашид жил бүр сэтгүүлчдэд зориулан энэхүү үйл ажиллагааг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.