Хэвлэлийн Хүрээлэнгийн удирдах зөвлөлөөс хойд бүсийн төвд гэнэтийн айлчлал хийлээ

2011-02-25 111

Хэвлэлийн Хүрээлэнгийн Удирдах Зөвлөлөөс бүсийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж  үнэлэлт өгөх аяллаа Хойд Бүсийн төвөөс эхэллээ. Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Орхон аймаг багтдаг тус төвд энэ удаагийн  томилолтоор Удирдах Зөвлөлийн гишүүн Ү.Хүрэлбаатар, У.Булган, Ц.Чимиддондог, Ц.Сүхбаатар нар ажиллав.

Тэд Дархан хот дахь төвийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцан, 2009 онд байгуулсан урт хугацааны гэрээгээр Хэвлэлийн Хүрээлэнгээс нийлүүлсэн техник, тоног төхөөрөмжийн тооллого явуулж, ашиглалт, бүрэн бүтэн байдалд нь үзлэг хийв.

Хойд Бүсийн төв нь, фото студийн өнгөт хэвлэгч, зургийн аппаратыг ашиглан, орон нутгийн “Шинэ мэдээ”, “Гэгээ”, “Хойморь” сонин болон  e-darkhan.com, biz-darkhan.mn зэрэг  вэб сэтгүүлүүдэд  2009-2010 онд шинэ сэргэг мэдээ, мэдээллийг 30 гаруй гэрэл зурагтай  нийтлүүлж иржээ. Мөн бүсийн сэтгүүлчдэд гэрэл зураг угаах, олшруулах үйлчилгээ үзүүлж, Дархан-Уул аймгийн фото сэтгүүлчдийн нэгдлийг байгуулах эхлэлийг тавьж, гишүүнээр элсэх  хүсэлт гаргасан  8 хүнийг бүртгээд байна. Фото сэтгүүлч Г.Анхбаярын тайлан үзэсгэлэнг 2010 онд гаргаж олон нийтэд үзүүлснээс гадна залуу сэтгүүлч Б.Энхболдын гэрэл зургийн үзэсгэлэнг  энэ онд гаргах юм.

Хойд Бүсийн төв нь  компьютерийн цахим сүлжээг ашиглан аймгийнхаа бүх хэвлэл мэдээллийн байгууллагууд, төрийн бус байгууллагууд, орон нутгийн удирдах байгууллагуудтай холбогдож мэдээллээ харилцан солилцсоны үр дүнд Дархан-Уул аймгийн “Иргэний Нийгмийн Зөвлөл”-ийн 2010 оны “Мэдээлэл түгээгч шилдэг 5 байгууллага”-ын нэгээр тодорсон байна.

Бүсийн төв нь цахим сүлжээгээрээ өнөөдөр улсын хэмжээнд  Хэвлэл Мэдээллийн 24 байгууллага, Төрийн Бус 38 байгууллага, Олон улсын  12 байгууллагаас гадна  21 аймгийн ТВ, Радио, сонинуудтай байнгын харилцаа тогтоожээ. Мөн АНУ, Дани, Голланд, Хятад, Орос, Япон зэрэг гадаадын 12 орны хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчидтэй мэдээлэл тогтмол солилцож байгааг Удирдах Зөвлөлийн гишүүд онцлон үнэллээ.

Удирдах Зөвлөлийн гишүүд энэ үеэр бүсийн төвийн мэдээллийн санд нь сэтгүүл зүйн гарын авлага, ном, сэтгүүл бэлэглэв.

Хойд Бүсийн зохицуулагч Ө.Рагчаасүрэн