Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоон мэдээлэл бүхий энэхүү статистик судалгааг жилд нэг удаа хэрэгжүүлдэг. Уг судалгаанд тухайн жилд үйл ажиллагаа явуулсан нийт хэвлэл мэдээллийн байгууллагын дунджаар 90 орчим хувь нь хамрагддаг.
Судалгааны тайланд сүүлийн 5 жилийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоон өөрчлөлт, тэдгээрийн эзэмшил, боловсон хүчний байдлын талаарх тойм мэдээллээс гадна сонин, сэтгүүл, радио, телевиз, мэдээллийн сайт гэсэн хэвлэл мэдээллийн ангилал тус бүрээр нарийвчилсан мэдээлэл өгдөг. Тухайлбал, үндэсний болон орон нутгийн телевизүүдийн жагсаалт, үүсгэн байгуулсан он, сүүлийн таван жилийн тоон өөрчлөлт, хамрах хүрээ, харьяалал, хөтөлбөрийн бүтэц, боловсон хүчин, цалин хөлс, цахим хаяг, холбоо барих мэдээлэл гэх мэт. Түүнчлэн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн талаар аймаг тус бүрээр мэдээлэхээс гадна хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын боловсон хүчний бүтэц, нас, хүйс, цалин, орлогын дундаж хэмжээний талаарх мэдээллийг авч болно.