ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛЫН ҮНДЭСНИЙ СҮЛЖЭЭ БАЙГУУЛАГДЛАА

Thursday July 2nd, 2020 304

Өнөөдөр Монгол Улсад 500 орчим мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж, нийгмийн мэдээллийн сүлжээг нийт 2,2 сая хүн хэрэглэж байна.

Гэвч, хуурамч мэдээллийг таних, сэтгүүл зүйг нийгмийн мэдээллийн сүлжээнээс ялгах, аливаа мэдээлэлд шүүн тунгаах сэтгэлгээгээр хандах зэрэгт олон нийтийн мэдлэг ойлголт дутагдаж байгаа нь сүүлийн үед хийгдсэн судалгаа, тоо баримтаас харагдсаар байна.

Иймд, Монгол улсад хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг нийгмийн бүхий л хүрээнд хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, шийдвэр гаргагч болон олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлагыг дээшлүүлэх, бодлого шийдвэрт нөлөөлөхөд оролцогч талуудын нэгдмэл хүчин чармайлт, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх зорилготой Үндэсний сүлжээ байгуулах гэж байна.

Үндэсний сүлжээнд төр, төрийн бус, хувийн хэвшлийн төлөөлөл нийт 15 байгууллага оролцож буй бөгөөд өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, сүлжээ байгуулагдсаныг албан ёсоор зарлаж байна.

Үндэсний сүлжээ байгуулах санаачилгыг Хэвлэлийн Хүрээлэн, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс гаргасан бөгөөд Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг, БСШУСЯ-ны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төв, “Бүх нийтийн боловсролын төлөө” Иргэний Нийгмийн Үндэсний Эвсэл, Глоб интернэйшнл төв, Д.Нацагдоржийн нэрэмжит төв номын сан, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, МҮОНТВ-ийн Гэр бүлийн суваг, УИХ-ын Тамгын газрын ХМОНХХ, Faro foundation Mongolia, Харилцаа Холбооны зохицуулах хороо, Хүүхэд Хамгааллын Үндэсний сүлжээ, ХХМТГ-ын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын газар гэсэн байгууллагууд нэгдэж байна.