“ХЭВШМЭЛ ХАНДЛАГААС ТАТГАЛЗЪЯ” УРИА БҮХИЙ “ЗӨВ ОЙЛГОЛТ” АЯН ӨРНӨЖ БАЙНА

2018-08-30 19

Жендэрийн тэгш байдлын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг сайжруулах, хэвшмэл буруу ойлголтыг халахад хувь нэмэр оруулах зорилго бүхий “Зөв ойлголт” мэдээллийн аян үндэсний хэмжээнд хэрэгжиж байна.

Аяны хүрээнд мэдээллийн цахим хуудас, пэйж хуудас тогтмол ажиллаж, мэргэжлийн хүмүүс хэвшмэл буруу ойлголт, жендэрийн тэгш байдал, сургуулийн орчин дахь жендэрийн асуудал, жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн сэдвээр сургалт, хэлэлцүүлэг, подкаст хөтлөн явуулах тул жендэрийн тэгш байдлын талаарх зөв ойлголт, мэдээллийг эдгээр эх сурвалжаас авч, цааш түгээх, санал хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалж байна.

Түүнчлэн аяны хүрээнд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг мэргэшүүлэх сургалт, Дорноговь, Сэлэнгэ аймгийн төрийн албан хаагч, дунд сургуулийн багш, төрийн бус байгууллагын ажилтнуудын чадавхыг бэхжүүлэх сургалт, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл явдлууд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мэдээллийн аян нь Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран Японы Ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Салбар, орон нутгийн хөгжлийн жендерийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслийн хүрээнд хэрэгжиж байна.