Бүрэн бус, гуйвуулсан, худал мэдээлэл сонгуулийн үеэр фэйсбүүкээр өндөр хувьтай түгээгджээ

2020-12-07 221

Хэвлэлийн Хүрээлэнгээс Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн, Ардчиллын Төлөө Үндэсний Сангийн дэмжлэгтэйгээр Монголд анх удаа Улсын Их Хурлын сонгуулийн үеэр олон нийтэд хүрсэн мэдээллийн цар хүрээ, шинж чанарын цогц судалгаагхийж, үр дүнг танилцууллаа.

Судалгааны хүрээнд үндэсний хэмжээний өдөр тутмын хоёр сонин, хоёр телевиз, хамгийн олон хэрэглэгчтэй 10 Фэйсбүүк хуудас болон 10 группээр сонгуулийн сурталчилгааны албан ёсны хугацаанд буюу 2020 оны 6 дугаар сарын 2-22-ны хооронд түгээсэн сонгуультай холбоотой мэдээллийг шүүж, тодорхой аргачлалын дагуу задлан шинжлэв. Мөн мэдээлэл хүлээн авагчдын зан үйлийг судлах зорилгоор 40 хүртэлх насны хот, хөдөөгийн 500 иргэний дунд мэдээлэл хүлээн авах, ашиглах, шүүмжлэлтэйгээр дүгнэх, бүтээх, бусдад дамжуулах зан үйлийн судалгааг хэрэгжүүлэв.

Улс төрийн холбогдол бүхий төрөл бүрийн мэдээлэл хэрхэн, ямар утга агуулга, суваг, хэлбэр, арга тактикаар тархаж, иргэд хэрхэн хүлээж авч, оролцож байгааг тандахад, сонгуулийн албан ёсны сурталчилгаагаар Фэйсбүүкээр түгээсэн, сонгуультай холбоотой мэдээллийн 80 гаруй хувь нь ил, далд ухуулга, сурталчилгаа болон өрөөсгөл, дэгсдүүлсэн, бүрэн бус, гуйвуулсан мэдээлэл байв.

Бүрэн бус, гуйвуулсан, төөрөгдүүлсэн, худал мэдээллийг аль болох олон хүний анхааралд хүргэхийн тулд ашиглаж буй арга техникийг бүртгэж ангилбал 10 гаруй төрлийн, бусад улс оронд ч түгээмэл ашигладаг арга ажиглагдаж байна. Эдгээрээс хэрэглэгчдийн сэтгэл хөдлөлөөр тоглохын тулд хэтрүүлэх, хэт ерөнхийлөн хялбаршуулах, шоолох, гоочлох, эрс тэс зүйлсийг харьцуулах, сэтгэл хөдлөлөөр баримтыг бүдгэрүүлж дарах зэрэг техникийг ашиглах нь хамгийн түгээмэл байв.

Судалгааны хүрээн зохион байгуулсэн мэдээллийн хэрэглээний зан үйлийг тандалтаас харахад, оролцогчдын 88 хувь нь Фэйсбүүкийг мэдээллийн гол эх сурвалж болгон ашигладаг, бөгөөд тэдний 60 орчим хувь нь өөрийгөө мэдээллийн хэрэгсэлд шүүмжлэлтэй хандах чадвартай хэмээн үнэлсэн боловч “шүүмжлэлтэй хандах” гэдгийг “шүүмжлэх”, эсхүл нийгмийн мэдээллийн сүлжээг бүхэлд нь үгүйсгэх хэмээн ойлгож байв. Мөн судалгаанд оролцогчдын 74 хувь нь өөрийгөө “Мэдээллийн хэрэгслийг хариуцлагатай ашиглах чадвартай” хэмээн үнэлсэн боловч 80 орчим хувь нь сэтгүүл зүйн мэдээний хэлбэрээр бэлтгэсэн, аль нэг талыг баримталсан өрөөсгөл мэдээллийг ялгаж мэдэхгүй байна.

Судалгааны талаарх дэлгэнгүй мэдээлэл, дүгнэлт, зөвлөмжийг pim@pressinst.org.mn, www.pressinst.org.mn цахим хаягаар хандан авна уу.