Эрчим хүчний найдвартай хангамжийн сэдвээр мэргэжилтнүүд сэтгүүлчидтэй дахин ярилцлаа

2010-12-13 9

Эдийн засгийн сэтгүүлчдийн клубээс төлөвлөсөн энэ оны хамгийн сүүлчийн  мэдээллийн чанартай арга хэмжээ  “Нүүрс тээвэрлэлт ба эрчим хүчний найдвартай хангамж” сэдвээр өнгөрсөн баасан гарагт буюу 12-р сарын 10-нд Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвд боллоо.

Эрчим хүчний салбарын үндсэн түлш болох нүүрсийг төмөр замаар тээвэрлэдэг. Гэтэл Улаанбаатар төмөр зам зардлаа нөхөж чадахгүй байгаатай холбогдуулан өнгөрсөн намар ачаа тээврийн үнэ тарифаа нийтэд нь нэмсний дотор нүүрс тээвэрлэлтийнхээ тарифыг 25 хувиар нэмсэн билээ. Энэ нь тэртэй тэргүй тэнцэж ядан байгаа эрчим хүчний салбарт нэмэлт ачаалал болж ар араасаа асуудал дагуулан тэдгээрийг цаг алдалгүй яаралтай шийдвэрлэхийг шаардаж байгаа юм.

Ийм нөхцөлд олон нийтэд үнэн бодитой, зөв мэдээлэл хүргэх үүрэг бүхий сэтгүүлчдийн анхаарлыг тулгамдан буй асуудалд хандуулж эрчим хүчний талаарх мэдлэг, мэдээллийг нь сайжруулахын тулд УБТЗ, Эрчим хүний зохицуулах газрын мэргэжилтнүүд өөрсдийн салбарын нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлж, илэн далангүй ярилцсан юм.

Тэдний мэдээлснээр бол “Манай улсын эдийн засгийн суурь салбар, улсын гал голомт болсон түлш, эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд санхүүгийн хувьд үлэмж доройтож их хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа. Тухайлбал, 2008 онд салбарын дүнгээр балансын алдагдал 24,4 тэрбум төгрөгт хүрч 2007 оныхтой харьцуулахад 6 дахин өссөн. 2009 он гарсаар байдал улам дордож, улирал бүр алдагдал нэмэгдсээр 2009 оны жилийн эцэст 69,8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

Бусад салбараасаа түрүүлж явах ёстой энэ салбар өнөөдөр зах зээлийн харилцаанд бүрэн шилжиж чадаагүй, сүүлийн жилүүдэд эрчим хүчний шинэ эх үүсвэр огт баригдаагүй, байгаа хэд нь хуучирч муудан технологи нь хоцрогдсоор байна. Эрчим хүчний найдвартай ажиллагаа алдагдаж системийн таслалт, хязгаарлалтын тоо 1990-ээд оны аваарийн байдалтай байх үеийнхтэй дөхөж очсон гэх мэдээлэл ч  байдаг” аж.

УИХ-ын гишүүдийн амлалтандаа хүрэх гэсэн явуургүй оролдлого, улс төрийн тодорхой ашиг сонирхол тухайн салбарын жам ёсны хөгжлийг боогдуулж байгаа энэ ээдрээтэй үед сэтгүүлчид ард түмэнд үнэнийг ойлгуулах нь амин чухал болохыг мэргэжилтнүүд бидэнд ийнхүү ахин дахин учирлаж байна.

С.Отгонцэцэг