Түүхч, сэтгүүлчид хамтран бүтээсэн “Их хааны дархан нутгаар” баримтат киноны нээлт боллоо

2011-06-24 9

Дархан-Уул  аймагт саяхан үйл ажиллагаагаа эхэлсэн “Түүхч” клубээс эрхлэн,  хот байгуулагдсаны 50 жилийн ойдоо зориулан “ИХ ХААНЫ ДАРХАН  НУТГААР” баримтат кино бүтээж нээлтээ хийв.

Энэхүү киног бүтээхийн тулд Дархан-Уул аймгийн газар нутгийг нар зөв тойрч  1100 гаруй км газраар тойрон аялж, эх түүхтэйгээ холбоотой ховор олдвор бүхий уул ус, чулуун хөшөө, эртний хот, сүмийн туурь балгадыг судлан  тодруулжээ. Аялалд түүхч, сэтгүүлч, багш, эмч, бизнесмэн зэрэг янз бүрийн ажил мэргэжлийн залуусаас гадна Америк улсаас ирсэн мотоциклоор аялагчид хамтран оролцсон байна.

Аймагтаа анх удаа газар нутгийнхаа түүх, домгийг судлан тодруулах ажлыг эхлүүлсэн энэхүү 3 бүлэгт баримтат киног, Дархан хотын унаган иргэн, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Авто Тээврийн Газрын дарга Б.Цэнгэл  ивээн тэтгэжээ.

Киноны ерөнхий продюсерээр найруулагч Р.Жавхлантөгс, зөвлөхөөр сэтгүүлч Ө.Рагчаасүрэн нар ажиллаж, уран бүтээлчдийн багт түүх судлаач Д.Жамбалдорж, Д.Дашзэвэг, шашны зан үйл судлаач М.Дэлгэр, зураглаач Л.Баатар, Р.Гантөгс, зохиолч Х.Эрдэв, дууны найруулагч Р.Баясгалантөгс, график дизайнер Б.Түвшинтөгс, А.Мөнхдөл нарын 50 гаруй уран бүтээлчид ажиллажээ.

“Их  Хааны  Дархан  нутгаар” баримтат  кинонд, хорьдугаар зууны хоёрдугаар хагаст суурь нь тавигдсан Найрамдлын шинэ хот нь, одоогоос хоёр мянга  хоёр зуу гаруй жилийн өмнөх Эртний Хүннү гүрнээс наашлаад XIII зуун дахь Эзэн Чингис хааны уугуул нутагт оршин буй үүх түүхийг газар усны баримтан дээр түшиглэн  үзүүлэв.

Эртний Хүннү нарын анхны  хүчирхэг хаан Модун Шаньюгийн өргөө нь Хангайн нуруу, Орхон мөрний хөндийд  буурь сэлгэн байсан нь яах аргагүй энэ л Дархан нутаг юм.

“-Хүннү гүрнээс улбаалан Их эзэн Чингис хааны буурал түүхийн жимээр биднийг хөтөлсөөр эрин цагтай золгуулсан Дархан нутгийн он дарааллын хуудсыг  баяжуулахад  “Их Хааны Дархан Нутаг” баримтат кино нь олон шинэ газар нутгийг тодруулж, судалгаандаа шинжлэх ухаанчаар хандсаны үр дүнд, түүхэн чухал үйл явдлын гэрч баримтыг нээн илэрүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулах бүтээл болжээ” хэмээн  баримтат киноны нээлтэнд оролцохдоо Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэнгийн эрдэмтэн, доктор А.Пунсаг үнэлжээ.

Хойд Бүсийн зохицуулагч Ө.Рагчаасүрэн