Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех Улсын Шадар сайд бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хэргийн сайд Мариан Юречка тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт манай улсад айлчилсан юм. Энэ үеэр Монгол Чех хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
-Юуны өмнө Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийг онцолж ярилцлага өгч буйд талархал илэрхийлье. Монголын талаарх таны сэтгэгдлээс ярилцлагаа эхэлье гэж бодлоо…
-Би Монгол оронд анх удаагаа ирж байна. Энэ удаагийн айлчлалаас сэтгэгдэл өндөртэй буцаж байна. Монгол орон гайхалтай сайхан байгальтайн дээр баялаг түүхтэй, хүмүүс нь найрсаг байсан нь надад маш их таалагдлаа. Чех Монгол хоёр улс дипломат харилцаа тогтоосон 70 жилийн харилцааныхаа түүхэнд маш их зүйлийг хамтдаа даван туулсан ба тэдгээр үйл явдал нь аль аль талдаа ихээхэн ижил төстэй байлаа. Түүний адилаар ирээдүйд бид маш их зүйлийг хамтдаа бүтээх бололцоо бий гэж бодож байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн онд Шарм Эль-Шейх хотноо болсон Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцох үеэрээ Чех Улсын Ерөнхий сайд П.Фиалатай уулзсан. Энэ оны эхээр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНЧУ-д айлчилсан. Энэ удаа та манай оронд ирээд байна. Айлчлалууд ийн ойр ойрхон өрнөж байгаа нь өмнө тохиролцсон ажлууддаа үнэлэлт дүгнэлт өгөх, дараагийн ажлын явцыг идэвжхүүлэх бололцоог нээж байгаа хэрэг гэж ойлгож байна?
-Өндөр түвшний айлчлалуудыг харилцан хийж байгаа тохиолдолд хоёр улс хоорондын харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин гүнзгийрэх бололцоог нээж байдаг гэж би үздэг. Түүний нэг жишээ болгож хэлэхэд, энэ удаагийн айлчлалаар Монголоос Чех рүү ажиллах хүчнээр явах монгол иргэдийн тоог ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс гурав дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн явдал юм. Манай улс өмнө нь жилд 1000 хүнийг ажиллах хүчнээр хүлээж авдаг байсан бол ирэх онд 3000 иргэнийг хүлээн авах болоод байна. Мөн эрдэм шинжилгээ, судалгаа шинжилгээний салбарынхан, их сургуулийнхан, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд тодорхой аяллын үүд хаалга нээгдэж байгааг дуулгая.