АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн дэмжлэг бүхий Азийн сан болон Олон улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX)-гийн хамтарсан “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд “Хамтын эрэн сурвалжилга” эрэн сурвалжилах сэтгүүл зүйн үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийг Хэвлэлийн Хүрээлэнгээс 2024 оны 04 дүгээр сараас 10 хүртэлх зургаан сарын хугацаанд хэрэгжүүлж байна.
Монгол Улсад эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх, эрэн сурвалжлах сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа, мэдлэг, ур чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн уг хөтөлбөрийн хүрээнд дөрвөн удаагийн онол, дадлага хосолсон 12 өдрийн танхимын сургалт, хөтөлбөрийн мөн чанар, ач холбогдлыг холбогдох иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн редакцийн удирдлагуудад таниулах, улмаар дэмжлэг авах зорилготой нэг удаагийн “IJ lab” арга хэмжээ, эрдэмтэн судлаачид, туршлагатай сэтгүүлчдийг оролцуулсан, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн нийгэмд үзүүлэх үр нөлөө, үүнд саад болж буй хүчин зүйлийг үнэлж, хэлэлцсэн хоёр удаагийн “Networking event” үйл ажиллагааг Хэвлэлийн хүрээлэнгийн баг тус тус амжилттай зохион байгуулаад байна.
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн чадавхыг бэхжүүлэх цуврал сургалтанд сууж, интерактив уулзалт, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцсон, хот хөдөөгийн нийт 15 суралцагчид нийгэмд асуудал болж буй аливаа нэг сэдвийг сонгон авч, таамаг дэвшүүлэн, бүтээл гаргах үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийн гол хэрэгжүүлэгчид нь юм. Өөрөөр хэлбэл ментор багшийн удирдлага дор тэд багаараа хамтран, эрэн сурвалжилсан бүтээлээ бичиж, 2024 оны 9 сарын 15 гэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлүүлж, олны хүртээл болгохоор ажиллаж байна. Түүнчлэн хөтөлбөрийн оролцогчид нийтлэлээ бичих явцад шаардлагатай тохиолдолд хэрэгжүүлэгч байгууллагаас хууль эрх зүйн иж бүрэн дэмжлэг авах боломжоор хангагдах юм.