Хэвлэлийн Хүрээлэн төрийн бус байгууллагын дүрэм

1. УДИРТГАЛ

1.1. Монгол Улсын Засгийн газар болон Данийн Вант Улсын Засгийн газрын хооронд 1995 оны 5 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “Чөлөөт, хараат бус хэвлэл – Улаанбаатарт Монголын хэвлэлийн хүрээлэн болон Сонины хэвлэх үйлдвэр байгуулах” төсөл (цаашид “Чөлөөт хэвлэл” Төсөл гэх)-ийн тухай Хэлэлцээр /цаашид “Хэлэлцээр” гэх/-ээр тогтоосон “Чөлөөт хэвлэл” төслийн хугацаа дуусах болж байгаатай холбогдуулан уг Хэлэлцээр болон түүний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох Меморандум, Дүрмийн үндсэн дээр Монгол Улсад анх үүсгэн байгуулагдаж‚ үйл ажиллагаа явуулж байгаад Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу Монгол Улсын Хууль зүйн яаманд 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шинэчлэн бүртгүүлсэн “Монголын Хэвлэлийн хүрээлэн” Холбоо (цаашид “Холбоо” гэх)-ний үйл ажиллагааг Хэлэлцээрийн Наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар үүсгэн байгуулагчаас олгосон бүрэн эрхэд үндэслэн энэхүү Дүрмийн 1.2 дугаар зүйлд заасан шинэ төрийн бус байгууллагад эрх‚ үүрэг‚ өмч хөрөнгөө залгамжлуулан шилжүүлэх нөхцөлөөр дуусгавар болгохоор шийдвэрлэв.

1.2. Холбоо нь Монгол Улсын Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасныг үндэслэн өөрийн хэрэгжүүлж байсан чиг үүрэгтэй адил чиг зорилго бүхий нийгэмд үйлчилдэг, гишүүнчлэлгүй “Хэвлэлийн хүрээлэн” ТББ-ыг Монгол Улсад шинээр үүсгэн байгуулахаар шийдвэрлэж, үүний тулд энэхүү Дүрмийг үйлдэж батлав.

1.3. Оноосон  нэр: “Хэвлэлийн хүрээлэн”‚ оршин байх газар буюу албан ёсны хаяг нь: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Их тойруу 54

1.4.“Хэвлэлийн хүрээлэн” ТББ /цаашид “ХХ” гэх/ нь нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус, гишүүнчлэлгүй төрийн бус байгууллага мөн.

1.5.ХХ-г үүсгэн байгуулж‚ улсын бүртгэлд бүртгүүлэх болон Холбооны эрх‚ үүрэг‚ өмч хөрөнгийг ХХ-д шилжүүлэхтэй холбогдсон Үүсгэн байгуулагчийн бүрэн эрхийг Холбооны Удирдах зөвлөл‚ ХХ-г улсын бүртгэлд бүртгүүлсэн өдрөөс эхлэн Үүсгэн байгуулагчийн бүрэн эрхийг ХХ-ийн Удирдах зөвлөл тус тус хэрэгжүүлнэ.

Энэхүү Дүрмийн 1.1-1.2 дугаар зүйлүүдийн заалтад нийцүүлэн ХХ-г улсын бүртгэлд бүртгүүлж Гэрчилгээ авсан явдал нь Холбоог улсын бүртгэлээс хасуулах эрх зүйн үндэслэл шалтгаан болно.

1.6. ХХ нь өөрийн өмч хөрөнгөд үндэслэн өөрийгөө удирдах зарчимд тулгуурлаж үйл ажиллагаагаа явуулна.

1.7.ХХ нь аливаа улс төрийн нам, эвсэл, хөдөлгөөн, бүлгийн сонирхлоос хараат бус байж гагцхүү сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын эрх ашигт үйлчилнэ. ХХ нь хувь хүн, эсвэл нэг буюу хэсэг бүлэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, улс төрийн намд үйлчлэхгүй бөгөөд улс төрийн болон шашны бие даасан үйл ажиллагаа явуулахгүй.

1.8.ХХ нь өөрийн тэмдэг, бичгийн хэвлэмэл хуудас, бэлгэдэлтэй  байна.

1.9.ХХ–гийн албан ёсны хэл нь монгол хэл байна.

2. ХХ–ГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ, ЗОРИЛГО

2.1. ХХ нь дор дурдсан зорилго бүхий үйл ажиллагаа явуулна.  Үүнд:

  • Монголын сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилго бүхий албан ба албан бус боловсролын үйлчилгээ
  • Монголд бие даасан, хараат бус, чөлөөт, олон эшт хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий уулзалт, дугуй ширээний ярилцлага, хэвлэлийн бага хурал зохион байгуулах, судалгаа шинжилгээний болон ном товхимол хэвлүүлж борлуулах ажил
  • Нийгэм, эдийн засгийн хөгжлийн бүхий л үйл явц дахь мэдээллийн уялдаа холбоо болон мэдээллийн ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилго бүхий олон нийттэй харилцах болон сурталчилгааны ажил,
  • Монголын хэвлэлийн редакци, сэтгүүлчид болон олон улсын хэвлэл, мэдээллийн салбар хоорондын мэргэжлийн харилцааг хөгжүүлэх зорилго бүхий хамтарсан уулзалт, аялал, эрдэм шинжилгээний ба олон улсын хурал зэрэг багтана.

2.2.ХХ нь Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын хуулийн этгээдийн хувьд өмчилж буй байр, эд хөрөнгөө түрээслүүлэх, бусад байгууллага, хувь хүнтэй гэрээ хэлцэл байгуулж төлбөртэй үйлчилгээ үзүүлэх зэрэг нийгмийн тусын тулд болон үйл ажиллагааныхаа зорилго, зарчимд харшлаагүй, хууль тогтоомжоор хориглоогүй  бусад үйл ажиллагаа явуулж болно.

3. ХХ–ГИЙН ЕРӨНХИЙ ЧУУЛГАН

3.1. ХХ-гийн эрх барих байгууллага нь Ерөнхий чуулган (цаашид “ЕЧ” гэх) байна.

ЕЧ-ы гишүүн/төлөөлөгчөөр хэвлэл, мэдээллийн дараах үндсэн таван салбар дахь бие даасан хуулийн этгээдийн эрх бүхий байгууллага тус бүрээс төлөөлөгч сонгоно. Үүнд:

а) Сонин, сэтгүүл

б) радио,

в) телевиз

г) мэргэжлийн холбоод

д) цахим мэдээллийн сайт, мэдээллийн агентлаг

3.2. Энэ Дүрмийн 3.1 дүгээр зүйлийн (а), (б), (в), (г), (д)–д дурдсан байгууллага тус бүрээс ажиллаж буй сэтгүүлч болон удирдлага эздийн төлөөлөл бүхий төлөөлөгчдийг тус тус сонгоно

3.3.ЕЧ-д сонгогдох төлөөлөгч нь энэхүү Дүрмийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг болох 1 дүгээр хавсралтад тодорхойлсон шалгуурыг хангасан байх ёстой бөгөөд тэдгээр нь хувийн, төрийн, олон нийтийн болон орон нутгийн зэрэг аль ч хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөгч байж болно. Хавсралтад Удирдах зөвлөлийн шийдвэрээр тухай бүр нэмэлт‚ өөрчлөлт оруулж болно.

3.4.ЕЧ-ны бүрэлдэхүүнд хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөөс гадна ХХ–гийн орон тооны ажилтнуудын төлөөлөгч оролцоно.

3.5.ЕЧ-ны анхдугаар хуралдаанд оролцох төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг ЕЧ-д төлөөлөгчдөө илгээх эрх бүхий хэвлэл мэдээллийн байгууллага тус бүрээс итгэмжлэн олгосон баримт бичгийг үндэслэн энэхүү Дүрмийн 1.5 дугаар зүйлд заасан үүсгэн байгуулагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэгч баталж, зарлан хуралдуулна. Анхдугаар чуулганаас хойших жил бүрийн чуулганд оролцох төлөөлөгчид нь чуулган эхлэхээс өмнө өөрийн байгууллагаас олгосон итгэмжлэл/мандатыг үндэслэн бүртгүүлнэ.

3.6. ЕЧ нь өөрийн хуралдааны дэгийг анхдугаар хурлаараа баталж мөрдөнө. ЕЧ нь гишүүд/төлөөлөгчдийн гуравны хоёр хувь нь оролцсоноор хүчин төгөлдөр гэж тооцогдоно. Чуулганаар хэлэлцсэн асуудлыг энэхүү Дүрэмд буюу тухайн тохиолдолд Чуулган өөрөөр заагаагүй/тогтоогоогүй бол ердийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Чуулган нь хуралдааныг удирдах, түүний явц болон зохион байгуулалттай холбогдсон асуудлыг шийдвэрлэх, сонгууль удирдан явуулах, чуулганы шийдвэрийг хэлбэржүүлэн бэхжүүлэх зэрэг үүрэг бүхий чуулганы хуралдаан даргалагчийг тухайн хуралдаанаас сонгоно. Чуулганы явцыг протоколд тэмдэглэж‚ хуралдаан даргалагч‚ протокол хөтлөгч нар гарын үсэг зурна.

3.7. Ээлжит чуулганыг Удирдах зөвлөл  4 жил тутам зарлан хуралдуулна. Ээлжит чуулганыг Удирдах зөвлөл захидлаар‚ эсвэл факсаар гишүүн нэг бүрд зарлан мэдэгдсэнээс хойш ажлын хорин нэгэн (21) хоногийн дараа хуралдуулна.

3.8.Ээлжит бус чуулганыг ЕЧ-ы гишүүнээр сонгогдсон хэвлэл мэдээллийн аль нэг салбарын төлөөлөгчдийн олонхын, эсхүл Удирдах зөвлөлийн дарга‚ эсхүл аудиторын шаардлагаар хуралдуулж болох бeгeeд Удирдах зөвлөл чуулганы гишүүдэд захидлаар эсвэл факсаар зарлан мэдэгдсэнээс хойш ажлын таван (5) өдрийн дараа хуралдуулна.

4. ХХ-ГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

4.1.ХХ–гийн удирдах дээд байгууллага нь ЕЧ-аас дөрвөн (4) жилийн хугацаагаар сонгогдсон энэхүү Дүрмийн 4.2 дугаар зүйлд заасан бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх) байна.

4.2.Зөвлөл арван гурван (13) гишүүний бүрэлдэхүүнтэй байна:

– Дарга

– Энэхүү Дүрмийн 3.1 дүгээр зүйлийн (а)‚ (б)‚ (в), (г), (д)-д  заасан хэвлэл, мэдээллийн салбар тус бүрээс сонгогдсон хоёр (нэг нь сэтгүүлчдээс, нөгөө нь удирдлага эздээс) төлөөлөгч;

– ХХ-гийн ажилтнуудын төлөөлөл болох хоёр төлөөлөгч

Зөвлөлийн гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд түүнийг орлон ажиллах Зөвлөлийн орлогч гишүүнийг энэхүү Дүрэмд заасан нөхцөл‚ журмын дагуу сонгоно. Хэрэв гишүүний үндсэн ажил (харьяалал) нь анх сонгогдсон хэвлэл мэдээллийн салбараас өөрчлөгдвөл орлогч нь Зөвлөлийн гишүүнээр шууд жинхэлнэ.

4.3.Зөвлөлийн гишүүд нь сонгогчдынхоо өмнө ажлаа тайлагнах үүрэгтэй.

4.4.Зөвлөлийн даргыг ЕЧ дөрвөн жилийн хугацаагаар сонгох бөгөөд тэрбээр нийтэд нэр хүндтэй, Зөвлөлийн даргын үүргийг гүйцэтгэх мэдлэг чадвар, дадлага туршлага бүхий хүн байх ёстой. Хэрэв ЕЧ-аас Зөвлөлийн даргад итгэл хүлээлгэхгүй гэсэн шийдвэр гаргавал огцруулна. Зөвлөлийн даргын бүрэн эрхийн хугацаа дуусах үед ЕЧ-ы бүх гишүүд даргад нэр дэвшигчдийн жагсаалтыг санал болгож ЕЧ-д оруулж, хоёроос илүү нэр дэвшигч байгаа тохиолдолд 2 үе шаттай сонгоно. Эхний санал хураалтаар хамгийн өндөр санал авсан 2 нэр дэвшигчийг дараагийн шатны санал хураалтад оруулж ердийн олонхын саналаар сонгоно. Зөвлөлийн дарга бүрэн эрхийнхээ хугацаа дуусахаас өмнө албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд Зөвлөл дотроосоо Зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгчийг ээлжит бус ЕЧ хуралдаж Зөвлөлийн даргыг сонгох хүртэл сонгон ажиллуулна.

4.5.Зөвлөлийн гишүүн бүр саналын нэг эрхтэй байна. Гүйцэтгэх захирал нь Зөвлөлийн гишүүн байж болохгүй.

4.6.Зөвлөлийн гишүүн нь үүргээ гүйцэтгэх явцад гарсан зардлын нөхөн төлбөрөөс бусад цалин, аливаа шагнал авахгүй.

4.7.Хуралдааныг Зөвлөлийн дарга (түүний эзгүйд тухайн хурлаас сонгогдсон аль нэг гишүүн) даргална. Зөвлөлийн хурлыг жилд 4–өөс доошгүй удаа хийх ба хуралдаан хийх хугацаа, хэлэлцэх асуудлыг гишүүдэд хуралдаан эхлэхээс ажлын 3–аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ.

4.8.Зөвлөлийн гишүүдийн талаас дээш хувь нь оролцож байвал хуралдаан хүчин төгөлдөрт тооцогдох ба хэлэлцэж буй асуудлыг энэхүү Дүрэмд өөрөөр заагаагүй тохиолдолд гишүүдийн ердийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Санал тэнцсэн тохиолдолд Зөвлөлийн даргын санал шийдвэрлэх эрхтэй байна.

4.9.Зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлаар гишүүн сонирхлын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтад оролцохоос татгалзах үүрэгтэй. Зөвлөлийн дарга сонирхлын зөрчилтэй байвал хуралдааныг өөр гишүүн даргалах ба дарга санал хураалтад оролцохгүй. Энэ нөхцөлд санал тэнцвэл уг асуудлыг баталсанд тооцохгүй.

4.10.Зөвлөл нь хуралдааныхаа дэгийг анхдугаар хурлаараа баталж мөрдөнө. Хуралдааны явцыг протоколд тэмдэглэх бөгөөд хуралдаанаас тогтоол гаргаж, оролцсон гишүүд түүнд гарын үсэг зурна.

4.11.ЕЧ-ы чөлөөт цагт түүний бүрэн эрхийг Зөвлөл хэрэгжүүлнэ.

4.12.Зөвлөл нь дор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Үүнд:

а) ХХ–гийн бодлого‚ хэтийн төлөв‚ үйл ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойлох‚

б) ХХ-гийн тухайн жилийн ажлын үндсэн чиглэл буюу төлөвлөгөө, төсвийг батлах,

в) ХХ-г өөрчлөн байгуулах‚ татан буулгах (энэхүү Дүрмийн 8.1 дүгээр зүйлд заасан журмаар)‚

г) Энэхүү Дүрэмд нэмэлт‚ өөрчлөлт оруулах (энэхүү Дүрмийн 7.1 дүгээр зүйлд заасан журмаар)‚

д) ХХ–гийн жилийн ажлын (Гүйцэтгэх захирлын) тайлан болон санхүүгийн жилийн тайлан тэнцлийг  хэлэлцэж батлах‚

е) ХХ–гийн орон тоо, зохион байгуулалтын бүтэц, Зөвлөлийн гишүүдийн нөхөн төлбөр, аудиторын урамшууллын хэмжээ, тэдгээрийг олгох журмыг тогтоох,

ж) Гүйцэтгэх захирлыг сонгох, чөлөөлөх, түүнд олгох цалин, урамшууллыг тогтоох,

з) ХХ–гийн өмч хөрөнгийг захиран зарцуулах,

и) ХХ–гийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах талаарх Гүйцэтгэх захирлын эрх хэмжээг тогтоох,

к) ЕЧ-ыг зарлан хуралдуулах,

л) ЕЧ-ны онц бүрэн эрхэд хамаарахаас бусад бүх асуудал

4.13.Шууд буюу шууд бусаар ХХ–тэй гэрээ хэлцэл байгуулан ажиллах буюу энэ талаар санал хүсэлт тавих хувийн сонирхолтой гишүүн байвал энэ тухайгаа Зөвлөлийн хуралд мэдэгдэнэ. Ийм тохиолдолд уг гишүүн нь тухайн асуудлаар санал өгөх эрхгүй.

5. ХХ-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

5.1.ХХ–гийн өдөр тутмын үйл ажиллагааг Гүйцэтгэх захирал удирдан зохион байгуулна. Гүйцэтгэх захирлыг Зөвлөл дөрвөн жилийн хугацаагаар дор дурдсан журмаар сонгоно.

  • а/ Гүйцэтгэх захирал (ГЗ)-ын албан тушаалд нэр дэвшүүлэх тухай нийтэд зарлан мэдээлэхдээ уг албан тушаалын үндсэн чиг үүрэг‚ бүрэн эрх‚ нэр дэвшигчид хувь хүнийх нь болон мэргэжлийн хувьд тавигдах шаардлагууд болон нэр дэвшигчийн бүрдүүлбэл зохих мэдээ‚ баримт бичгүүдийг тодорхойлон заана;
  • б/ Зөвлөл нь ГЗ-ын ажил үүргийн хуваарь‚ албан тушаалын зааврыг баталж‚ ХХ-ийн тухай мэдээллийн хамт танилцах боломжийг нэр дэвшигч бүрд олгоно;
  • в/ Зар мэдээний дагуу ГЗ-д нэрээ дэвшүүлэхээр өөрийн тухай шаардагдах мэдээ‚ баримт бичгүүдийг хавсаргасан өргөдлөө ирүүлсэн хүмүүсээс Зөвлөл гурав (3)-аас доошгүй хүнийг шүүлэг ярилцлагад оруулахаар сонгоно;
  • г/ Зөвлөлийн хурлаар шүүлэг ярилцлага хийсний үндсэн дээр ГЗ-ыг томилох шийдвэр гаргана;
  • д/ Дээр дурдсан шийдвэрийг Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална;
  • е/ ГЗ-тай байгуулах гэрээг Зөвлөлийн нэрийн өмнөөс ГЗ-ын бүрэн эрхийн хугацаагаар Зөвлөлийн дарга хийх бөгөөд ГЗ-ын цалин, урамшуулал, ажлын нөхцөл‚ эрх‚ үүргийн талаар Зөвлөлөөс баталсан ерөнхий удирдамжийн хүрээнд гэрээний нөхцөлүүдийг нарийвчлан тогтооно;

5.2.Гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний хугацааг Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар сунгаж болно. Гэрээг сунгах удаа болон хугацаанд хязгаарлалт тогтоохгүй. Гэрээг сунгахад Гүйцэтгэх захирлыг шилэн сонгож томилох дээр дурдсан журмыг хэрэглэхгүй.

Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар болон Гүйцэтгэх захирлын өөрийнх нь хүсэлтээр түүнтэй байгуулсан гэрээг цуцалж болно. Энэ тохиолдолд гэрээг цуцлахыг санаачилсан тал нь гэрээг цуцлахаар товлосон өдрөөс 3 сарын өмнө нөгөө талд мэдэгдсэн байх ёстой.

5.3.Гүйцэтгэх захирал дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ. Үүнд:

а) ХХ–гийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, Зөвлөлд ажлаа хариуцан тайлагнана,

б) Эрх зүйн харилцаанд ХХ–г төлөөлнө. (Тодорхой асуудлаар Гүйцэтгэх захирлын төлөөлөх эрхийг Зөвлөлийн шийдвэрээр хязгаарлаж болно),

в) Зөвлөлөөс тогтоосон эрх хэмжээний хүрээнд буюу Зөвлөлтэй байгуулсан гэрээний дагуу ХХ–гийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулна.

г) Санхүүгийн болон үндсэн ажлын төлөвлөгөө, төсвийг улирал, бүтэн жилээр боловсруулан, ХХ-гийн үндсэн зорилтын болон жилийн ажлын төлөвлөгөөний биелэлтийг зохион байгуулж Зөвлөлд тайлагнана,

е) ХХ-гийн үйл ажиллагааг санхүүжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, арвижуулах, үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх ажлыг зохион байгуулна,

ж) Ажлын албыг өдөр тутам удирдаж, ажилтныг ажилд томилж (хөдөлмөрийн гэрээ байгуулж)‚ чөлөөлнө,

з) Зөвлөлөөс даалгасан буюу бүрэн эрх олгосон бусад асуудал.

5.4.Гүйцэтгэх захирал нь хувийн ашиг сонирхлын үүднээс ХХ-гийн нэрийг ашиглан гэрээ хэлцэл хийхийг хориглоно. Хуурч мэхлэх, хайхрамжгүй хайнга хандах зэрэг хууль бус үйл ажиллагааны улмаас ХХ-д болон бусад этгээдэд хохирол учруулбал Гүйцэтгэх захирал уг хохирлыг биечлэн хариуцна.

5.5.Гүйцэтгэх захирал нь Зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд орж болохгүй.

6. ХХ-ГИЙН САНХҮҮЖИЛТ, ОРЛОГО, ТҮҮНД ТАВИХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ

6.1.ХХ-ийн орлого дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

  1. Иргэд, аж ахуйн нэгж байгууллага, гадаад дотоодын донор байгууллагын  хандив тусламж
  2. Албан ба албан бус боловсролын үйлчилгээнээс олсон орлого
  3. Судалгааны шинжилгээний ажилд зориулсан санхүүгийн тусламж
  4. Мэргэжлийн ном товхимол, хэвлэмэл бүтээгдэхүүн борлуулснаас олсон орлого
  5. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэх үүднээс явуулсан аж ахуйн үйл ажиллагаа, төлбөрт үйлчилгээний орлого
  6. Зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө

6.2. ХХ-ийн санхүүгийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хянан шалгалт хийх мэргэшсэн аудиторын компанийг шаардлагатай үед Удирдах Зөвлөл сонгож болно. Аудитор нь үйл ажиллагаандаа Монгол улсын Аудитын тухай хуулийг дагаж мөрдөнө.

6.3. Аудитор нь жилд нэгээс доошгүй удаа, тогтсон хугацаанд санхүүгийн хөндлөнгийн шалгалт хийнэ.

6.4. Аудиторын компаниар үйлчлүүлэх тухай гэрээг Гүйцэтгэх захирал байгуулна. Гэрээг цуцлах асуудлыг Зөвлөлд танилцуулснаар Монгол Улсын Иргэний болон Аудитын тухай хуулиудад заасан үндэслэл, журмын дагуу Гүйцэтгэх захирал шийдвэрлэнэ.

6.5. ХХ нь орлогоо зөвхөн Дүрэмд заасан зорилгоор хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулна.

6.6.ХХ-гийн орлогоос ногдол ашиг хуваарилах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хөрөнгийн баталгаа гаргах, зээлдүүлэх, ашиглуулах, хандивлах, ивээн тэтгэх, барьцаанд бариулах, тэдгээрийн төлбөрийг төлөх, хуулиар хориглосон үйл ажиллагааг санхүүжүүлэх зэргийг хориглоно.

6.7.Зөвлөлийн дарга, гишүүн, Гүйцэтгэх захирал, ажилтнууд ХХ-гийн эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагааг явуулахыг хориглоно.

6.8.ХХ нь Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд эд хөрөнгө, хандив өгөхийг хориглоно.

6.9. Үүсгэн байгуулагч, үйлчлүүлэгч, дэмжигчдээс ХХ-д шилжүүлсэн буюу хандивласан хөрөнгө нь ХХ-гийн өмч болно. ХХ нь хандивласан хөрөнгийг орлогод авч, хандивлагч бүрээр хөрөнгийн тоо хэмжээг тусгайлан бүртгэнэ.

6.10.ХХ нь хандивласан хөрөнгийг хүлээн аваад түүний зориулалт, тоо хэмжээний талаар хандивлагчид тодорхойлолт гарган өгч болно.

6.11.Тодорхой зориулалт зааж хандивласан хөрөнгийг зөвхөн уг зориулалтын дагуу зарцуулж, энэ тухай хандивлагчид мэдэгдэнэ.

6.12.Үүсгэн байгуулагч, үйлчлүүлэгч, дэмжигчид нь ХХ-гийн үйл ажиллагаанаас үүссэн үүргийг хариуцахгүй бөгөөд ХХ нь тэдгээрийн үүргийг хариуцахгүй.

6.13. Зөвлөлийн гишүүн, ХХ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллагч нь ХХ-гийн өмнө сонгууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад бусдад учруулснаас бусад гэм хорын хариуцлагыг ХХ хүлээхгүй.

6.14.ХХ-гийн нягтлан бодох бүртгэлийг хөтлөх, санхүүгийн тайлан тэнцэл гаргах ажлыг Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн хууль болон түүнтэй холбоотой бусад хууль тогтоомжийн дагуу явуулна.

6.15.ХХ-гийн санхүүгийн жил жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд эхэлж арван хоёрдугаар сарын 31-нд дуусна. ХХ-гийн санхүүгийн анхны жил ХХ албан ёсоор бүртгүүлсэн өдрөөс эхэлж, сүүлийн жил нь ХХ-г татан буулгасан өдөр дуусна.

6.16.Элэгдэл хорогдлын шимтгэл, бусад шимтгэл, хураамж, татвар, төлбөрийг төлсний дараа үлдсэн орлогыг ХХ-г бэхжүүлэхэд зориулан зарцуулна.

7. ДҮРЭМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ

7.1. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхын  саналаар гаргасан шийдвэрийг ээлжит ЕЧ-д итгэмжлэл/мандат бүхий оролцогчдын дөрөвний гурван хувь нь дэмжиж баталснаар энэхүү Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэр хүчин төгөлдөр болно

8. ХХ-ГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДУУСГАВАР БОЛГОХ

8.1.ХХ-г өөрчлөн байгуулах буюу татан буулгах тухай Зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхоор баталсан саналыг ээлжит ЕЧ-д итгэмжлэл/мандат бүхий оролцогчдын дөрөвний гурван хувь нь дэмжиж‚ ээлжит бус ЕЧ-д оруулан хэлэлцүүлэхэд түүнд оролцогч итгэмжлэл/мандат бүхий төлөөлөгчдийн дөрөвний гурван хувь нь баталснаар ХХ-г өөрчлөн байгуулах буюу татан буулгах тухай шийдвэр хүчин төгөлдөр болно.  ХХ-г өөрчлөн байгуулах буюу татан буулгах ажиллагааг Монгол Улсын Иргэний хууль болон Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулна.

8.2.Татан буулгах ажиллагааг Зөвлөлийн шийдвэрт заасан журмын дагуу томилогдсон Татан буулгах комисс гүйцэтгэнэ.

8.3.ХХ-г татан буулгах үед нэхэмжлэгчдийн шаардлагыг хангасны дараа үлдсэн эд хөрөнгийг Зөвлөлийн шийдвэрээр ХХ-гийн дүрмийн зорилготой ижил төстэй үйл ажиллагааг санхүүжүүлэх буюу тийм үйл ажиллагаа эрхэлж буй төрийн бус байгууллагад шилжүүлнэ.

8.4.ХХ-г татан буулгах тухай Зөвлөлийн саналыг энэхүү Дүрмийн 7.1 дүгээр зүйлд заасан ёсоор ЕЧ баталснаас хойш 21 хоногийн дотор нийтэд мэдээлж, Хууль зүйн яаманд бичгээр мэдэгдэн, бүртгэлээс хасуулснаар ХХ-гийн үйл ажиллагааг дуусгавар болсонд тооцогдоно.