Бүсийн төвүүд

Чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэх, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх бодлогыг хөдөө орон нутагт хэрэгжүүлж , хот хөдөөгийн хооронд мэдээллийг солилцоог дэмжих үүднээс 1997 онд НҮБ-ын хөгжлийн Хөтөлбөрийн хүрээнд зургаан аймагт Хэвлэлийн Хүрээлэнгийн салбар төвийг байгуулсан юм.

Бүсийн төвийн үйл ажиллагааны чиглэл

Орон нутгийн сэтгүүлчдийг Улаанбаатарт болж буй сургалтад хамруулах, бүсийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулж орон нутагт сургалт зохион явуулах замаар хөдөөгийн сэтгүүлчдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх

Орон нутгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын мэдээллийг эрэн сурвалжлах ажилд дэмжлэг үзүүлэх, хот, бүс хоорондын мэдээлэл солилцоог эрчимжүүлэх

Орон нутгийн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон мэргэжлийн байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллахад туслалцаа үзүүлэх

Баруун бүсийн төв Ховд хотноо төвлөрч, Баян-Өлгий, Ховд, Увс аймгийг хамарна. Баруун хойд бүс Мөрөн хотод төвлөрч, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай аймгийг хамарна. Төвийн бүс Арвайхээр хотод төвлөрч, Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийг хамарна. Зүүн бүс Өндөрхаан хотод төвлөрч, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийг хамарна. Хойд бүс Дархан хотноо төвлөрч, Дархан-Уул, Орхон, Булган, Сэлэнгэ аймгийн хамарна. Өмнөд бүс Даланзадгад хотноо төвлөрч, Дундговь, Өмнөговь, Говь-Сүмбэр, Төв аймгийг хамарна.