СЭТГҮҮЛЧДЭД САНАЛ БОЛГОХ КИНО: “Three Identical Strangers”

Жил гаруйн өмнө Америкт мэргэжил дээшлүүлэх боломж тохиож, 18 орны сэтгүүлч, сэтгүүл зүйн багш, судлаачидтай хамтдаа нэг зун суралцсан юм. Хөтөлбөрт цуг оролцсон Мальта бүсгүй: “Өнөө орой ямар нэг кино үзэцгээх үү?” гэж бусдаасаа асууж билээ. Ихэнх нь сонирхож, дэмжиж байсан ч кино театрын өмнө товлосон цагтаа ирэхэд бид хоёроос өөр хүн байсангүй. Ингээд нэгэнт амьдарч буй хотынхоо кино театрыг зорьж ирснийх хамгийн эхний үзвэрийг сонгосон нь киноны дараа гарч ирээд гурван цаг гаран ярьж суухад хүргэсэн юм.

Дундад тэнгисийн сэтгүүл зүйн багш бүсгүйтэй хамт үзсэн энэ кино бол CNN-ийн найруулагч, Британи гаралтай Тим Уардлын “Three Identical Strangers” буюу утгачилбал “Үл таних гурван ихэр” нэртэй 2018 оны зун нээлтээ хийсэн баримтат кино байв. Киноны гол агуулга бүхэлдээ 1995 онд Нью Йорк Таймс сонинд эрэн сурвалжлах сэтгүүлч Лауренс Райтын нийтлүүлсэн “Давхар нууц” өгүүлэл дээр суурилж, төрснийхөө дараахан гурван өөр гэр бүлд үрчлэгдсэн ч хожим нь бие биенээ олсон ихэр ахан дүүсийн сонирхолтой боловч гунигтай хувь тавиланг харуулсан юм.

Бобби Шафран, Эдди Галланд болон Дэйвид Кёлман нар. Зургийг: Neon films

Үйл явдал 1980 оны эхэн үед өрнөнө. Хүүхэд үрчлэлийн Луйс Вайс агентлагаар дамжиж, 18 жилийн өмнө гурван гэр бүлд үрчлүүлсэн Еврей гаралтай ихэр залуус санамсаргүй байдлаар нэгнээ олж авна. Дэйвид Кёлман, Эдди Галланд, Бобби Шафран хэмээх царайлаг, мэдрэмжтэй, хөгжилтэй залуус тухайн үедээ маш богино хугацаанд Америкийн хэвлэл мэдээллийн одод болж гялалзжээ. Тэдний түүх хуурай өвсөнд дүрэлзэх гал мэт хурдтайгаар л түгж байлаа. Тэд ижил охидод татагддаг, ижил тамхи татдаг, ижил сонирхолтой гэх мэтээр олон хоног шуугьсны эцэст энэ гурван залуу Америк үзэгчдийн хайртай хөвгүүд болж амжив. Тэдний оролцоогүй ТВ нэвтрүүлэг, гараагүй сонин сэтгүүлийн нүүр Америкт бараг үлдээгүй бөгөөд тэр ч байтугай тухайн үеийн шинээр төрж буй супер од Маддонагийн анхны бүрэн хэмжээний видео кинонд хүртэл дүрээ үлдээж амжжээ.

Мадоннагийн клипний хэсгээс

Энэ бүх дуулиан шуугианы ард нэг л том асуудал хүүхдүүдийг өргөж авсан эцэг, эхийн санааг зовоож байсан нь “Яагаад ихэр хөвгүүдийг гурван өөр айлд үрчлүүлэх болов? Яагаад салгах болов? Яагаад өргөж авсан эцэг эхэд нь тэднийг ихэр гэдгийг огт хэлээгүй вэ?” гэсэн асуулт байв. Энэ асуултын эрэлд эцэг эхчүүд хамт гарч, хүүхэд үрчлэлийн Луйс Вайс агентлагт хандсан ч тодорхой үр дүнд хүрч чадаагүй аж. Гэхдээ удалгүй эрэн сурвалжлах сэтгүүлчдийн оролцоотойгоор нууц задарна. Гурван ихрийг тус тусад нь өөр айлд үрчлүүлсэн нь тохиолдлын зүйл огт биш, харин ч хүүхдийн бие бялдрын болон хөгжил төлөвшлийн үйл явцыг хянах судалгааны объект болгох зорилготойгоор үрчлүүлсэн болох нь тодорхой болно. Тэднийг олон жилийн хугацаанд үрчлэгдсэн хүүхдийн нөхцөл байдлыг хянах нэрийн дор судалж ирсэн болж таарна. Өөрөөр хэлбэл хүний хөгжил, төлөвшилтөд амьдарч буй орчин нөхцөл нөлөөлдөг үү, эсвэл төрөлхийн байгалийн өгөгдөл чухал уу гэдгийг харьцуулж тогтоохоор судалж ирсэн байжээ.

Үнэнтэй нүүр тулах нь ихрүүдийн, тэдний гэр бүлийнхний хувьд ч маш хэцүү байна. Хэдийгээр хэвлэл мэдээллээр тэд үргэлж аз жаргалтай, олон зүйлээр ижил мэт гарах боловч бодит байдал тэс өөр байлаа. Тэд энэхүү судалгааны үр дүнг бүтнээр нь олж үзэхээр, яагаад тэднийг “туршилтын туулай” болгож ирснийг мэдэхээр хөөцөлдөх боловч нууц судалгааны тайлан хэзээ ч албан ёсоор олны хүртээл болж хэвлэгдээгүй аж.

Киноны бодит үйл явдал 1980-аад онд өрнөж, түүнээс хойш ихрүүдийн судалгааны талаарх өгүүлэл 1995 онд Нью Йорк Таймс сонинд нийтлэгдэж, улмаар баримтат кино 2018 онд нээлтээ хийх хүртэл хугацаанд судалгааны үр дүнг хэн ч олж үзээгүй юм. Луйс Вайс агентлаг татан буугдсан, судалгааг төрийн зарим оролцоотойгоор санхүүжүүлсэн, судалгаа хийж эхлэх 1960-аад оны үед энэ бол тийм ч том ёс зүйн асуудал биш байсан, судалгааны эх баримтууд Йелийн Их сургуульд нууцын статустай хадгалагдаж байгаа, нэг биш хэд хэдэн ихэр хүүхдийг судалгаанд хамруулсан гэхээс илүү тоймтой мэдээлэл үгүй.

Кино бүхэлдээ аливаа шинжлэх ухааны туршилтад бусдыг оролцуулахад ёс зүйн асуудал хэчнээн чухал болохыг бодит түүхээр харуулна.

Энэ киноноос сэтгүүлчид юу сурч болох вэ?

1. Таны анх олж харсан мэдээлэл үргэлж “анхных” хэвээрээ байдаггүй. Ихрүүдийн хоёр нь түрүүлж уулзаж, орон нутгийн хэвлэлд гарснаар гурав дахь нь тэднийг олдог. Тэр болтол хэн ч үүнийг таамаглаагүй. Түүх ингэж эргэх нь мэдээний сэтгүүлчдийн хувьд хамгийн түрүүнд олж авахын төлөө уралдах “мэдээ” үнэхээр мөн байв. Гэхдээ гурван ихэр уулзсан ч “Яагаад энэ хүүхдүүдийн хувь заяа ингэж төөрөх болов?” гэдэг асуулт шинэ сэдвийг төрүүлж байна. Иймд мэдээлэл үргэлж шинэчлэгдэж, өөрчлөгдөж байдаг, дараа дараагийн шинэ сэдэв юу байж болох вэ гэдгийг түрүүлж олж харах нь чухал.

2. Шуугиан сенсаацийг бүх хүн хөөж, олон нийт “хөөсөрч” байхад ч хэн нэгэн үйл явдлыг “өөр өнцөг”-өөр харж болдог. Тийм ээ, онц сонирхолтой, олны анхаарал татах үйл явдал өрнөж байна. Хүн бүр, сэтгүүлчид ч мөн адил үйл явдлын соньхон байдалд өөрийн мэдэлгүй автана. Ихэнх сэтгүүлч гурван ихрийг л тойрон эргүүлдэж байлаа. Та нар ижил үйлдэл хийдэг үү? ямар охин таалагддаг вэ? ямар хувцас өмсдөг вэ? ямар машинд дуртай вэ? гэхчлэн тэднийг өөр өөр орчинд өсөж, биенээ олсон “ижил”, “ихэр” хүмүүс гэдгийг нь харуулахыг оролдоно. Гагцхүү ганц нэгхэн хүн л тэдний түүхийг огт өөр өнцгөөс олж харж чадсан байдаг.

3. Эх сурвалж, нас, сэтгэхүй, орчин нөхцлөөс хамаарч өөрчлөгдөх боломжтой. Танд өнөөдөр хэлсэн үг яриа, үзэл бодол маргааш өөрчлөгдөж болно. Энэ кинонд ч мөн адил, дөнгөж эргэн уулзсаныхаа дараахан “бид бүх талаараа ижилхэн” гэж яриа өгч суух ихэр залуус, үнэндээ огт өөр хүмүүс гэдгээ цаг хугацаа улиран өнгөрөх тусам мэдэрч, түүнийгээ ч хүлээн зөвшөөрч эхэлдэг. Иймд аливаа эх сурвалжийн үзэл бодол, хандлага цагийн аясаар өөрчлөгддөг гэдгийг сэтгүүлчид хэзээ ч мартаж үл болно.

4. Та ул суурьтай, нотолгоотой мэдээллийг олж авахыг хүсвэл үнэхээр уйгагүй байх хэрэгтэй. Мэдээлэл авах журам, дүрмийг мэдэж авах, дагах, хүсэлт гаргах, шаардлагатай бол очиж уулзах зэрэг боломжит бүхий л арга хэмжээг авах хэрэгтэй. Гурван ихрийн оролцсон судалгааны үр дүн хэзээ ч нийтлэгдээгүй. Судалгааг эхлүүлсэн хүн байхгүй, судалгааны хүрээнд цугларсан олон мянган баримт бичиг, аудио, видео бичлэг нууцын зэрэглэлтэйгээр Йелийн Их сургуулийн зооринд 2066 онд хүртэл хаалттай байхаар хадгалаатай. Зөвхөн эрх бүхий цөөн тооны хүн л эрдэм шинжилгээний зорилгоор түүнд нэвтрэх боломжтой. Ихрүүд судалгааны тайлантай албан ёсоор танилцах хүсэлтээ гаргаж, үүнд нь сэтгүүлчид ч тусалж олон жил уйгагүй хөөцөлддөг. Баримтат киноны баатрууд болон кино баг 2018 онд буюу кино бараг бэлэн болох үед уг баримт бичигтэй танилцах зөвшөөрлийг эцсийн дүнд олж авч чадсан боловч киноны өгүүлэмжид шууд нөлөө үзүүлэхгүй гэж үзсэн тул цөөн дүрс бичлэгээс бусад баримтыг огт ашиглаагүй байна. Харин ах дүүсийн хувьд сэтгүүлчдийн хамтын тэмцлийн дүнд олж авсан өөрсдийн хувийн бичлэг, зураг дүрс, бичгээр үйлдсэн тайланг албан ёсоор хүлээн авснаар өөрсдийгөө “судалгааны амьтан” гэх хүлээснээс одоо л ангижирч, эрх чөлөөтэй болсноо мэдэрч байгаагаа мэдэгдсэн байдаг.

5. Бодит түүхийг бодит хүмүүс л илүү ярьж өгнө. Кинонд гоёчлох, гангалах зүйл юу ч үгүй. Түүхийг бодит хүмүүс өөрсдөө ярьж өгнө. Баримтат киноны найруулагч Тим Уардли “Бид ихрүүдэд тохиолдсон шударга бус түүхийг дагасан нь энэ бүтээл төрөх гол хүчин зүйл болсон” гэж нэг ярилцлагадаа дурдсан. Ихрүүд, тэдний ойр дотнын хүмүүс, тэр бүү хэл Необаурны ихрүүдийн судалгааны үндсэн багт ажиллаж байсан туслахууд, сэтгүүлчид гэх мэт олон талт эх сурвалжийн яриа, CNN болон бусад хэвлэл мэдээллийн архивд үлдсэн бичлэг, дүрс уг киноны гол түүхийг өгүүлнэ. Энэ кино нь бодит хүн төвтэй түүхийг өгүүлж чадсан, тиймдээ ч түүхийг өгүүлэх ур чадвараараа Америкийн Sundance кино наадмын шагналыг хүртсэн байна.

6. Үр нөлөө нэгдүгээрт. Анх ихрүүдийн судалгааны түүхийг 1995 онд Нью Йорк Таймс сонин нийтэлснээс хойш Луйс Вайс агентлагаар дамжиж үрчлэгдсэн зарим ихрүүд биенээ олсон байдаг. “Үл таних гурван ихэр” кино 2018 онд нээлтээ хийх үед уг киног үзсэн Мишил Мордкоф өөрт нь ижил зүйл тохиолдсон байж магадгүй хэмээн үзэж, шалгаснаар өөрийнхөө ихрийг олсон нь түүх одоо ч үргэлжилж буйг, үр нөлөө цаашид ч гарах боломжтойг харуулж байна.

Эцэст нь, Мальта бүсгүй бид хоёр киноноос гарч ирээд юу ярьсан бэ? гэвэл санамсаргүй үзсэн энэ кино үнэндээ сэтгүүл зүйтэй ямар их холбоотой болохыг, киноноос сэтгүүлчид юу сурч болохыг нэгэндээ өөр өөрийн өнцгөөр тайлбарлав. Дээрх сургамжууд зөвхөн миний санаа гэхээсээ бид хоёрын ярилцсан зүйлс гэвэл илүү зохино. Мэдээж, бид киног үзсэн хүн бүрийн нэгэн адил хүний хөгжил төлөвшилд төрөлхийн өгөгдөл чухал уу, амьдарч буй орчин нөхцөл нөлөөлдөг үү, хүн төрөлхтний сайн сайхны төлөө шинжлэх ухааны судалгаанд золиос хэрэгтэй юу гэх зэргээр маргалдсан.