Сэтгүүлч-Сэтгүүл зүйн тухай: ХАЙДАВЫН УЯНГА

2020-07-01 77

Хэвлэлийн Хүрээлэнгээс өөрийн блог талбарт мэргэжлийн сэтгүүлчдийн хөдөлмөрийн үнэ цэн, ажлын онцлогийг өгүүлэх “Сэтгүүлч-Сэтгүүл зүйн тухай” буланг нээж байна. Анхны зочноор бид Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн “ЦАХИУР” уралдааны 2018, 2019 оны тэргүүн шагналт сэтгүүлч Хайдавын Уянгыг урилаа.

Албан тушаал: “Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч
Сэтгүүлчээр ажилласан туршлага : 15 жил
Twitter: @Uyanga_khaidav

Эзэмшсэн мэргэжил, төгссөн сургууль?

Хувийн сургуулиудын “эрин үе”-д Монгол хэл, бичгийн дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. Сургууль маань одоо татан буугдсан ч тухайн үед өөрийн гэсэн хичээлийн болон дотуур байртай, сайн багш, олон оюутантай, хувийн сургуулиуд дундаа чанартайд тооцогддог байлаа. Манай ангийнхан нэрт сэтгүүлч, доктор, профессор С.Дан-Аажав, Бажуудайн Ганбат нараар сэтгүүл зүйн онол, практик заалгаж, өнөө цагийн тод өнгө болсон Пүрэвхүүгийн Батхуяг, Баасангийн Номинчимэд нарын сэхээтнүүдээс номын дуу сонссон азтай хүмүүс.

Анх сэтгүүлч болж байсан цаг үетэй өнөөдрийн сэтгүүл зүйг харьцуулбал ямар ялгаа ажиглагддаг вэ?

2003 онд сургуулиа төгссөн. Сэтгүүлчдийн хийдэг ажил, сэтгүүл зүйн хүлээсэн үүргийн хувьд өөрчлөгдсөн зүйл их биш байх. Харин бусад хүчин зүйлс, үнэлэмжийн хувьд нэлээд өөрчлөгдсөн шүү. Биднийг төгсөж байхад хэвлэл мэдээллийн хэрэгсэл цөөхөн, сэтгүүлч бэлтгэдэг сургууль олон байлаа. Өдөр тутмын “Өнөөдөр”, “Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Үнэн” сонин, өргөн нэвтрүүлгийн таван суваг л байсан санагдана. Сайт өнөөгийнх шиг олон байгаагүй, оронд нь “шар” гэгддэг долоо хоног тутмын сонинууд олон байсан. Тэд олны танил хүмүүсийн хувийн амьдралын талаарх элдэв мэдээллээр дуулиан шуугиан дэгдээж, массын анхаарлыг татдагаараа өнөөгийн зарим сайт, олон нийтийн сүлжээтэй төстэй юм уу даа.

Гэхдээ уншигчдын олонх нь тэдний мэдээлэлд эргэлздэг, харин өдөр тутмын сониныг баталгаатай эх сурвалж гэж үзэх итгэл нь өндөр байсан. Ямар ч байсан мэргэжлийн сэтгүүл зүй үнэ цэнээ алдаагүй, харьцангуй хүчтэй байсан санагддаг. Боловсон хүчин хангалттай олноороо төгсдөг, хэвлэл мэдээллийн байгууллага цөөхөн байсан нь хүч тарамдахгүй байх, чадварлаг сэтгүүлчдээ шилж сонгож ажиллуулах боломжийг редакцуудад олгодог байж. Бас хэвлэл мэдээллийн байгууллагад итгэх олон нийтийн итгэл, үнэлэмж ингэтлээ унаагүй, реклам сурталчилгаа явуулах ганц урсгал нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл байсан нь тэднийг хүчирхэг байлгах гол багана байсан болов уу. Одоо бол редакцуудад санхүүгийн асуудлаас гадна боловсон хүчний асуудал нэлээд тулгамдаж байна.

Сэтгүүлчид, мэргэжлийн редакцууд үүргээ гүйцэтгэж, хийх ажлаа хийсээр байгаа ч олон нийтийн үнэлэмж суларсан болохоор ч юм уу.

Сэтгүүлч хүний баримталвал зохих зарчим, саад болдог зүйлс?

Би үнэний, хүчгүйн талд байх юмсан гэж боддог. “Сэтгүүлч хүн үнэнийг, олон нийтийн эрх ашгийг хамгаалах “хоточ нохой” байх ёстой…” гэж багш нар маань заасан. Тэр нь итгэл үнэмшил болсон. Хүн өөрөө мэргэжилдээ үнэнч, ёс зүйтэй, үнэт зүйлтэй, бүр аргаа барлаа гэхэд өөрийнхөө нэрийг боддог бол өөр хэн саад болох вэ дээ.

Ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

Өдөр тутмын сонины ажил “Өглөөний шуурхай”-гаас эхэлдэг. Шуурхайдаа сууж, өмнөх дугаарынхаа алдаа, оноог ярилцан, шинэ дугаараа төлөвлөөд, тухайн өдрийнхөө нийтлэл, ярилцлагыг бэлтгэх ажилдаа орно. Асууж сураглаж, утсаар ярьж, чааталж, хүнтэй уулзаж, янз янзын эх сурвалжаас цуглуулсан мэдээллээ боловсруулж, бичих ажил ихэвчлэн үдээс хойш эхэлнэ. Орой 20.00 цагийн үед “нүүрээ буулгаад” харих нь эртэд тооцогдоно доо. Дугаар удирдах, томоохон ярилцлага хийх өдөр 22:00–23:00 цаг хүргэх тохиолдол ч цөөнгүй.

Ойрын үед төвлөрч ажиллаж буй сэдэв, асуудлын тухай?

Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд ажилладаг алтны уурхайд дэлбэрэлт болж, гурван залуу хүнд гэмтсэн. Тэр осол юунаас болсон талаар мэдээлэл их бүрхэг байгаа. Энэ талаар нэлээд анхаарч сурвалжилна. Мөн хавдрын өвчлөлийн талаар асуудал хөндсөн цуврал сурвалжилга хийхээр төлөвлөсөн. Үүний хажуугаар уншигчдадаа ч, өөртөө ч таашаал өгөх аятайхан ярилцлага хийх юмсан гэсэн бодол бий. Мөн цаг үеийн асуудлаар бичих шаардлага гарна. Өдөр тутмын сонины сэтгүүлч өдөр бүр л ажилтай шүү дээ.

Амжилт дагуулсан нийтлэл , үр дүнгийх нь талаар нэрлээч гэвэл?

Сэтгүүлчид хууль зөрчсөн үйлдлүүдийг олж харж, илчлээд, мэргэжлийн ёс зүйгээ баримталж, тууштай явах юм бол ямар нэг үр дүнд заавал хүрдэг. Том, жижиг ямар нэг хэмжээгээр үр дүн дагуулсан материалыг алийг тэр гэх вэ. Тэднээс тухайн оныхоо шилдэг бүтээлээр шалгарсан гурван сурвалжилга маань санаанд тод байна. 2017 онд хийсэн “Бөөн цагаан нуурын бөөн эмгэнэл” цуврал сурвалжилгын маань үр дүнд “Улаан ном”-д бүртгэгдсэн, дархан цаазтай ирвэс, аргаль, угалзын идээшилдэг үзэсгэлэнт байгальд, голын голдирол өөрчлөн алт олборлох гэж байсан компанийн хууль бус үйл ажиллагааг зогсоож, газрыг нь хамгаалалтад авсан. Энэ цувралаараа МСНЭ-ийн “Монгол Улсын 2017 оны шилдгийн шилдэг сэтгүүлч”-ээр шалгарч байлаа.
2018 онд “Хувьсан өөрчлөгдсөөр буй үнэн буюу цианидын хэргийн буруутан хэн бэ” цуврал сурвалжилгаараа алт олборлогч компани аюулгүй ажиллагааны горим зөрчиж, химийн хорт бодис алдан, ажилтнуудаа хордуулсан хэрнээ хууль, хяналтын байгууллагын дүгнэлтийг өөрийн талд гаргуулахаар хөөцөлдөж явааг баримттайгаар гаргаж тавьсан. Уг компани ажилтнуудаа утаанд хордсон гэсэн цуурхал тараагаад, тэр нь бүтэлгүйтэхэд хоолны хордлого гэсэн онош гаргуулахаар холбогдох албаныхантай уулзаж явсан байдаг юм. Энэ бүхнийг нь цаг тухайд нь гаргаж мэдээлсний үр дүнд компани цианид алдсанаа хүлээж, ажилчдаа гадаад, дотоодод эмчлүүлэн, нөхөн олговор өгсөн.

“Хувьсан өөрчлөгдсөөр буй үнэн буюу цианидын хэргийн буруутан хэн бэ” цуврал маань 2018 онд Балдорж шагналын шилдэг 10-ын тэргүүн, МСНЭ-ийн сонины шилдэг сэтгүүлч, Хэвлэлийн Хүрээлэнгээс тодруулдаг эрэн сурвалжлах шилдэг бүтээлийн “Цахиур” уралдааны нэгдүгээр байрт шалгарч байсан.

“ЦАХИУР-2019” Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн шагнал гардуулах ёслолын үеэр

Өнгөрсөн онд “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутаг луйварчдын өгөөш болж байна” цуврал сурвалжилгаараа мөн Балдорж шагналын шилдэг сурвалжилгын шагнал, МСНЭ-ийн сонины шилдэг сэтгүүлч, эрэн сурвалжлах сэтгүүлчдийн “Цахиур” уралдааны нэгдүгээр байрыг хүртсэн. Уг сурвалжилгаар Хамарын хийд орчимд олгосон нүүрсний ашиглалтын лицензийг тойрсон эргэлзээтэй, хардлага төрүүлэм асуудлуудыг эрэн сурвалжилсан. Хамарын хийд бол монголчуудын түүх, соёлын өвийг тээсэн, сүслэн биширдэг, аялал жуулчлалын томоохон төв. Энэ утгаар нь тэнд уурхай ажиллахыг эсэргүүцэж эхэлсэн сурвалжилга маань сүүлдээ луйврын шинжтэй, зохион байгуулалттай хэмээн хардаж болохуйц нөхцөл байдал байгааг ил болгосон. Ингээд тэдний хууль, шүүхээр гаргуулсан илт хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулснаар энэ лицензийг улсад болон орон нутагт хохиролгүй, эзэмшиж буй хүмүүст нь нөхөн төлбөр төлөхгүйгээр цуцлах гарц байгааг сурвалжилгаараа санал болгосон. Хамарын хийдийн тусгай хамгаалалттай газарт нүүрсний уурхай ажиллах гэж буй асуудалд гомдол гаргах эрх бүхий этгээдийн хувьд Хамарын хийдийн ловон лам С.Борхүү хууль шүүхийн байгууллагаар явж, би “Өнөөдөр” сониндоо мэдээллийг нь гарган, бие биенээ танихгүй, хоорондоо ямар ч холбоогүй хэрнээ хувь хувийнхаа итгэл үнэмшлээр хоёр талд тэмцсэн маань үр дүнд хүрч, лицензийг цуцлах шийдвэрийг холбогдох байгууллага гаргасан.

Эх сурвалжаа хамгаалж нууцлах уу? Эсвэл нээлттэй байх ёстой юу?

Би бол нууцалдаг. Надад итгэж мэдээлэл өгсөн хүний ажил амьдралтай холбоотой асуудал ч үүсэж мэдэх учраас.

Сошиал хаягаа хувийн орон зай гэж үздэг үү эсвэл сэтгүүлчийн талбар гэдгээр ашигладаг уу?

Хувийн орон зай, хувь сэтгүүлчийн талбар гэж үздэг. Тодорхой хэмжээгээр хүмүүс намайг сэтгүүлч гэж мэддэг, бичсэн зүйлийг маань сэтгүүлчийн ажил, албан ёсны мэдээлэл гэж хүлээж авах магадлалтай учраас хувийн орон зай гэж бодсон ч шүүлтүүртэй байхыг хичээдэг.

Сонины сэтгүүлч байхын давуу ба сул тал?

Бодож бичих, илүү ул суурьтай байхыг сонин шаарддаг. Хүмүүс хүний яриаг сонсоод буруу байсан ч зөв болгоод ойлгочихдог. Харин бичихэд найруулгын болон логикийн багахан алдаа ч маш тод харагддаг. Түүнийг нь бариад хэн ч, юу ч гэж шүүмжилж болно шүү дээ. Энэ нь эргээд сэтгүүлчдээ маш үнэтэй чадварыг суулгадаг. Сайн бичиж чадах нь сэтгүүлч гэдэг мэргэжлийг эзэмшиж, энэ ажлыг хийж яваа хүний том давуу тал.

Сул тал гэвэл сонины сэтгүүлчид тэр бүр олны танил, “од” болоод байдаггүй нь юм болов уу. Ялангуяа сошиалын мэдээлэлд бөмбөгдүүлж байгаа энэ үед сонинд юм бичсэнээс фэйсбүүкээр лайв хийсэн нь дээр гэж үзэх залуус олон болсон нь ч үүнтэй холбоотой шиг санагддаг.

Салбарт хөл тавьж буй шинэ, залуу сэтгүүлчдийн гаргадаг нийтлэг алдаа, тэдэнд өгөх таны зөвлөгөө?

Би хүний алдаа, оноог дүгнээд, шүүмжилж, зөвлөөд байх хэмжээний хүн нь биш. Зүгээр л дүү нартаа “Ажил мэргэжилдээ дуртай, хайртай, гоё юм хийх тэмүүлэлтэй байхад бүх зүйл болно. Хөдөлмөрлөсөн хүнийг бурхан заавал шагнадаг” гэж хэлдэг.

Баярлалаа.
Ярилцсан Б.Туул