ҮЙ ОЛНООР САМУУРУУЛАХ ЗЭВСЭГ

Цахим орчин нэлэнхүйдээ шуугиан цухалдааны талбар гэлтэй санагдах үе бий. Энд хүмүүс санаатай хийгээд санаандгүй байдлаар бусдад мэдээлэл дамжуулж, тэр бүртээ өөрийн үзэл бодлыг дайж, дэмжиж эсвэл эсэргүүцэж үй олон сэдэв, үйл явдал дунд живнэ.

Саяхан л хүмүүс шахмал түлшнээс айж, олны танил дуучин эрийн хар тамхины хэрэгт эгдүүцэж, тэтгэврийн зээлгүй хөгшдийг хөөрхийлж, ямааг өрөвдсөн дуучин эмэгтэйг муулж, Австралийн ард түмний төлөө залбирч суугаад хэдхэн долоо хоногийн дараа корона вирусийг “илрүүлж” өдөр бүр ямар нэг шинэ сенсацаар давалгаалж ирсэн. Тэр бүрт шинэ тутам ойлголт, үг хэллэг хэрэглэж, “солонгон ааш”, “хөлдүү төмс”-ний цаад утгыг хэний ч тайлбаргүйгээр ойлголцож жуумалзана. Товчхондоо бол улс даяараа сошиал ертөнцөд амьдарч, бидний нийгэмд өдөр бүр юу болж өнгөрч буйг алган дээрээ харах мэт санагдана. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сошиал яриа хөөрөөг шүүрч сурвалжилна, сэтгүүлчид энэ хавиас эх сурвалжаа ангуучилна, улстөрчид чухам энд л шуугисан асуудлыг асуудал гэж үзнэ.

Бид Фэйсбуук, Инстаграмд үргэлж аятайхан зургаа тавьж, хошин марзан, мэргэн цэцэн үгсээрээ уралддаг. Гэвч хүн бүрийн амьдрал нүүр номон дээрх шиг биш, ёс суртахуун ярьсан болгон амьдрал дээр хүний дээд нь байдаггүйг цөөн хэд нь л ойлгоно. Үлдсэн ихэнх хэсэг нь сошиал амьдралд бодитоор уусч, үнэн, худал нь ялгагдахгүй мэдээлэл, үзэл бодол, сэтгэгдлээс бүрэн хамаарч, сүлжээнд донтсон байдалтай нэлээд хэдэн жилийн нүүр үзэж байна. Технологийн дэвшил бидэнд мэдээллийн урсгалыг нээж, дэлхий ертөнцийг илүү ойр болгож, хүн бүхэнд үг хэлэх, өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох өргөн боломжийг өгсөн мэт боловч үнэн чанартаа тийм биш гэдгийг хэдэнтээ судалж, дүгнэснийг хамтдаа сонирхоё.

by Hunter Langston

Нэг. Туйлшрал

Хүн ер нь хүссэн зүйлээ л харж, сонсдог. Хагас лонх дарсыг өөдрөг үзэлтнүүд “бараг дүүрэн”, гутранги хүмүүс “хоосон шахуу” гэж хардагтай адил. Олон зүйлийн сонголт байх үед ч хүн хүссэнээ зорин байж олно, бусдыг нь анзааралгүй орхино. Сошиал сүлжээний алгоритм энэ л зарчмаар ажилладаг. Анхаарал хандуулж хэдэн хором зарцуулсан сурталчилгаа, Гүүглээр хайсан түлхүүр үг, нээж үзсэн сайт, видео бичлэгийг чинь Фэйсбуук төвөггүй цээжилж аваад тэр дороо л ижил төрлийн агуулгыг санал болгож эхэлнэ. Хэний ямар пост дээр лайк, зүрх дарж, сэтгэгдэл үлдээж байна вэ, тэр л найзын мэдээлэл чиний хуудаст өдөр бүр харагдана.

Нүүр номд завсрын өнгө гэж бараг үгүй, хасах цэнэг хасах руугаа, нэмэх цэнэг нэмэх рүүгээ туйлширна. Энэ л жамаар бид нэгэнт үүсгэсэн өөрийн туйл дотроо хөмөрсөн тогоон дор мэт ажин түжин оршино. Ялангуяа нийгэм даяар хэлэлцэж буй онц чухал асуудал өрнөх үед нийгмийн сүлжээ дундыг баримталсан дуу хоолойг сулруулж, эсвэл бүр үгүй болгож чаддагийг АНУ-ын Стэнфордын Их сургуулиас хэрэгжүүлсэн судалгаагаар тогтоосон байдаг. Тэтгэврийн зээлийг тэглэх тухай, шинэ Корона вирусийн тархалттай холбоотойгоор хил хаах тухай сошиал постуудын ихэнх нь нэг бол эрс эсэргүүцсэн, эс бөгөөс эрс дэмжсэн байсныг зарим хүн анзаарсан л болов уу. Сайн муу аль алийг нь эрэгцүүлсэн, дундаж байр суурь мэр сэр гарч ирмэгц хүн бүр өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж, олон юм ярих нөхрийг барьж иднэ. Тэгээд ч маргаантай асуудлын талаар олонхийн бодлыг сөрж, эсрэг санаа илэрхийлэх хүн тийм ч олон биш. Өөрөөр бодож буйгаа их л сайндаа дэргэдэх хүндээ хэлнэ, эс бөгөөс хязгаарлагдмал хүрээнд хуваалцана, үгүй бол чимээгүй л өнгөрнө. Германы улс төр, мэдээллийн харилцааны судлаач Элизабет Нёлле Нойманы Spiral of Silence (Чимээгүйн эрчлээ) онолын дагуу, санаа бодол нь олонхийнхоос зөрж буй хүн нийтийн дунд бодлоо илэрхийлэхээс зайлсхийх нь ердийн үзэгдэл. Ялангуяа сошиал ертөнцөд эсрэг бодолтой хүнийг хэрцгийгээр гадуурхаж таних танихгүй хүн хэлэх хэлэхгүй үгээр булшлах боломжтой учир Чимээгүйн эрчлээ үйлчилж, тэр чинээгээрээ туйлшрал хүчээ авна. Хамгийн аймшигтай нь юу вэ гэвэл, ихэнх иргэн, тэр байтугай хэвлэл мэдээллийнхэн ч сошиал сүлжээний алгоритм, Чимээгүйн эрчлээний онол болон ер нь мэдээллийн урсгал, үйл явцын талаар үндсэндээ ямар ч ойлголт үгүй. Тэд өөрийнх нь сошиал хаягаар зөвхөн өөрт нь таалагдах, санал нийлэх агуулга ирэх магадлал хамгийн өндөр байдгийг тэр бүр бодож эрэгцүүлэхгүй. Түүнчлэн ямар нэг шалтгаанаар өөрт таалагддаггүй, үзэл бодол зөрдөг хүнийг найзын тооноос хасч, блоклох, эсвэл угаасаа найз болохгүй байх сонголт үргэлж байдаг учир өөрийн хүлээн зөвшөөрөхүйц, өөрт таатай, мэдээллийн хязгаарлагдмал орчин буюу өөрийн гэсэн бөмбөлөгийг бий болгож, таалагдахгүй бүхнээ санаатай, санамсаргүйгээр шүүрдэн зайлуулсаар өнөөх туйлаа улам л бэхжүүлнэ.

Хоёр. Улс төрийн хөөс буюу цахим цэргийн хүч

Саяхныг хүртэл мэдээлэл авах, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлана гэдэг бол цензурдэх, мэдээллийг нуун дарагдуулахтай холбоотой байлаа. Тэгвэл орчин үед иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж, зөвхөн өөрт ашигтай “үнэн”-ийг бий болгох арга боломж дэлхий дахинаа улам боловсронгуй болж буйн тухай Оксфордын Их Сургуулийн шинэхэн судалгааны тайланд нийтэлсэн байдаг. Хорин нэгдүгээр зуунд мэдээллийн эрх чөлөөг хязгаарлахын тулд их хэмжээний, ямар ч хяналтгүй, эмх замбараагүй мэдээлэл дунд иргэдийг живүүлэх, чиг баримжаагаа мэдэхээ байтал зөв буруу нь мэдэгдэхгүй утга агуулгаар бөмбөгдөх арга газар авч байна. Нэг дуулианаар нөгөө дуулианыг дарж, олны анхаарлыг гол асуудлаас холдуулдаг мэдээллийн дайны энэ орчинд хүмүүс хэр баргийн юманд цочирдохоо больж буй нь айдас төрүүлмээр. Дээр дурдсан судалгаанаас харахад, дэлхийн 70 гаруй оронд Засгийн газар, улс төрийн тоглогчдын оролцоотойгоор мэдээллийн урсгалыг зохион байгуулалттайгаар хянаж залах дараах аргыг түгээмэл ашиглаж буй аж:

– Засгийн газар, улс төрийн тодорхой хүчнийг дэмжсэн ухуулга сурталчилгааг түгээх

– Сөрөг хүчин, өрсөлдөгч талыг дайрч давшлах, нэр төрийг нь гутаах кампанит аян өрнүүлэх

– Яриа хэлэлцүүлгийг чухал асуудлаас холдуулж анхаарлыг сарниулах

– Хагарал, туйлшралыг дэмжих

– Хувь хүн рүү давших, сүрдүүлэх аргаар идэвх оролцоог бууруулах

Засгийн газар, улс төрийн хүчний оролцоотой буюу тэдний даалгавраар цахим гуйвуулга, худал, бүрэн бус, гуйвуулсан мэдээлэл түгээдэг этгээдүүдийг cyber troops буюу цахим цэргүүд хэмээн нэрлэдэг. Тийнхүү цахим цэргийн хүчээр Интернэт, нийгмийн мэдээллийн сүлжээнд иргэд, олон нийтийг зохион байгуулалттайгаар төөрөгдүүлэх үйл ажиллагааг 2017 онд 28 оронд явуулж байсныг судалгаагаар тогтоосон бол 2018 онд 48, 2019 онд 70 оронд ийм үйл явц бүртгэгджээ.

Ямар арга ашигласнаас үл хамаараад мэдээллийн гуйвуулга нь тодорхой асуудлын мөн чанар, утга агуулгыг хөөсрүүлэн далдалж, олон нийтийн анхаарлыг хүссэн зүгтээ залуурдан чиглүүлэх боломжийг олгодог. Тийм ч учраас мэдээллийн орчныг бохирдуулж, олон нийтийг төөрөгдүүлэх үйл ажиллагааг аль нэг орны улс төрчдийн эрх мэдлийн төлөөх тэмцэлд төдийгүй, улс орны нөхцөл байдалд гаднаас нөлөөлөх зорилгоор ч цөөнгүй зохион байгуулж буй талаар цөөнгүй судалгааны мэдээлэл бий.

Жишээлбэл Оросын Интернэт Судлалын Агентлагаас АНУ-ын иргэдийг вакцины асуудлаар өөр хооронд нь зөрчилдүүлж, бодлого шийдвэрт үл итгэх хандлагыг бий болгох зорилгоор вакциныг дэмжсэн болон эсэргүүцсэн жиргээний “аян” зохион байгуулж ирснийг Жорж Вашингтоны Их Сургуулийн судлаачид илчилсэн. Түүнчлэн АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлж 2019 оны хавар нийтэлсэн “Үй олноор самууруулах зэвсэг” (“Weapons of Mass Distraction”) хэмээх судалгааны тайланд 2018 оны 11 дүгээр сард Иран улсаас дэлхийн 15 улсад хуурамч мэдээлэл түгээж ухуулга явуулах зорилго бүхий 70 гаруй веб сайт ажиллаж байсныг баримтжуулжээ. Энэхүү тайлангаас хуурамч мэдээллийн сэтгэл зүй, зэр зэвсэг, тулгамдаж буй асуудал, тэмцэх арга боломж, санал санаачилгын талаар өөр бусад олон баримт, мэдээллийг олж унших боломжтой.

Хэвлэл мэдээллийн үүрэг

Нийгмийн сүлжээний туйлшрал, бохирдсон мэдээллийн урсгалыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл эсэргүүцэхийн ялдамд дэмжих нь бий. “Иргэд Фэйсбуук, сэтгүүл зүй хоёрыг ялгахгүй байна” хэмээн гомдоллон шүүмжлэх сэтгүүлч цөөнгүй. Тэгсэн хэдий ч тэд нийгмийн сүлжээний мэдээллийг олон нийтийн санаа бодол хэмээн эндүүрч, өдрийн мэдээний сэдвийг сошиалд олонтаа яригдаж буй асуудлаас сэдэвлэх нь цөөнгүй. Тэнд ямар ч асуудлыг хар, цагаанаар нь шүүгээд, угаагаад, мушгиад тавьсан байх хандлага давамгайлах учир тэр л угаасан мэдээллийг анхаарлын төвд авч ирж, бодит ертөнцийг байгаагаас нь улам л жижиг, улам л хязгаарлагдмал хүрээнд зааглах давхар шүүлтүүрийг бий болгоно. Манай томоохон гэгдэх өдөр тутмын бараг бүх сонин, телевиз, сайтууд “хэн юу жиргэв” булантай, зарим нь жиргээнээс эшлэл авч мэдээнд оруулна. Гэтэл Монголын Интернэт хэрэглэгчдийн дөнгөж дөрөв орчим хувь нь Твиттерийг идэвхтэй ашигладаг. Өөрөөр хэлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл жиргээнээс мэдээллийн сэдэв шүүрдэж, нэмэлт судалгаагүйгээр эх сурвалж болгон ашигласнаар өрөөсгөл мэдээллийн урсгалыг дэмждэг төдийгүй, нийгмийн цөөнхөөс бүрдсэн жиргээний баатруудыг мэдээллийн түгээмэл эх сурвалж болгох нь олон ургальч дуу хоолойг улам бүр хязгаарладаг.

Нөгөө талаар, сошиал орчинд шуугиж буй сэдвийг хэвлэл мэдээллийнхэн тоохгүй өнгөрөхөд ихээхэн бүтээлч сэтгэлгээ, зүрх зориг, илүү их хөдөлмөр шаардана. Мөн сонин уншиж, телевиз үздэг хүмүүсээс илүү олон хүн нийгмийн сүлжээнд шаагилдаж буй учир тэндэхийн яриа хөөрөөг алгасч өнгөрөх нь зах зээлийн орчинд амьдрах гэж тэмцэж буй хэвлэл мэдээллийнхэнд төдийлөн ашигтай бус. Гэхдээ л бохирдсон, янз бүрийн нөлөөнд гажсан мэдээллийн орчноос хялбар аргаар мэдээ шүүрдэх ажлыг хязгаарлахгүй бол сэтгүүл зүйн салбар бот, трол, хөөсрөл, туйлшралын давалгаанд хараат бус байдлаа өдөр өнгөрөх тусам алдсаар байх эрслүүд тулгарч байна.

Интернэтийн ачаар сэтгүүлчид мэдээллээ илүү олон хүнд хүргэх, өөр хорондоо болон үзэгч, сонсогч, уншигчидтай шууд харьцах, тэдний санаа бодлыг тандах, хүссэн мэдээллээ илүү богино хугацаанд хайж олох зэрэг олон давуу талыг эдэлж байгаа.

Энэ л боломжийг ашиглаж, сошиал сүлжээний эрчлээсэнд автахгүйгээр, “бүх нийтээр самуурулах зэвсгийн” дамжуулагч эд нь болж хувиралгүй, мөнөөх “хоточ нохойн” үүргээ мэдээллийн шинэ талбарт давхар гүйцэтгэхээс өөр аргагүй болоод байна. Өөрөөр хэлбэл, орчин үед эрх мэдлийг хянана гэдэг нь мэдээллийн мөн чанар, зорилго, эх үүсвэрийг давхар хянах тухай, мэдээллийн бохирдол, гуйвуулгаас иргэд, олон нийтийг хамгаалах шаардлага үүсэж байна.

Сэтгүүл зүй нь хүчтэй, хэвлэл мэдээлэл нь хараат бус нийгэмд хуурамч мэдээлэлд итгэх иргэд харьцангуй цөөн байх нь ойлгомжтой. Тиймээс бусдад аливаа мэдээллийн бохирдолд өртөж, дамжуулж давалгаалж, шуугиан цухалдаанд автахгүй байх боломжтой.