Монголын хэвлэл мэдээлэл Өнөөдөр 2014 он

2014-01-19

“Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” мониторингийн судалгааны мэдээлэл бүрдүүлэх ажил 2013 оны 12 дугаар сараас эхэлж 2014 оны 5 дугаар сарыг хүртэл үргэлжиллээ. Энэ хугацаанд Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Монголын сайтын холбоо, Мэдээллийн сайтуудын ассоциаци, шуудан компаниудын ирүүлсэн мэдээлэл болон Хэвлэлийн Хүрээлэнгийн өөрийн бааз дээр үндэслэн Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй 350 орчим, орон нутагт ажиллаж буй 160 орчим хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдээлэл бүрдүүллээ.

Судалгааны мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл тус бүрийн онцлогийг харгалзсан 30 – 35 асуулт бүхий анкетыг ашиглан бүрдүүлсэн. Улаанбаатар хотод байршиж буй хэвлэл мэдээллийн байгууллагын тухайд холбогдох албан тушаалтантай биечлэн уулзаж, зарим тохиолдолд цахим шуудангаар мэдээллээ авч байв. Харин хөдөө орон нутгийн байгууллагуудаас мэдээлэл авахдаа цахим шуудангаас гадна утсаар ярилцлага хийсэн болно.

Судалгааны мэдээллийг бүрдүүлэхэд Хэвлэлийн Хүрээлэнгийн зургаан судлаач ажилласан бөгөөд Австрали улсын сайн дурын мэргэжилтэн Аннабел Боуер арга зүйн зөвлөгөө өгч ажилласан юм.

Судалгааны тайлан нь бүтэц, агуулгын хувьд өмнөх жилүүдийн тайлантай адилхан хэдий ч мэдээлэл бүрийн дор тайлбарыг бичин оруулж, зарим харьцуулсан график, дүрсийг нэмж өгсөнөөрөө уншигчдад ойлгомжтой, хэрэглэхэд хялбар болголоо.

Аливаа судалгааны мэдээллийг бүрдүүлэхэд тулгардаг хүндрэл бэрхшээл уг ажлыг тойроогүй бөгөөд зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд ялангуяа хөдөө орон нутгийнхантай холбогдож чадахгүй байх тохиолдол гарч байв. Түүнчлэн судалгаанд оролцохоос татгалзах, үнэн бодит мэдээллээ өгөхөөс зайлсхийх тохиолдол гарч байлаа. Гэсэн хэдий ч судалгааны багийн зүгээс судалгааны ач холбогдлыг ойлгуулах, өгсөн мэдээллийн үнэн бодит эсэхийг хянаж нягтлах, давхар баталгаажуулах зэргээр олон нийтэд чанартай мэдээллийг хүргэхээр хичээн ажилласан болно.

Энэ удаагийн тайланд мониторингийн хүрээнд цуглуулсан мэдээллээс гадна дараах хоёр судалгааны дүнгээс оруулав. Эдгээр нь:

– “Хэвлэл мэдээллийн хэрэгслийн ашиглалтын байдал”. 2013 оны 11 дүгээр сард үндэсний хэмжээнд 1200 хүнийг хамруулан явуулсан санал асуулгын судалгааны дүн

– “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”. 2014 оны 1 дүгээр сард Улаанбаатар хотын 700 өрхийн дунд санал асуулга, тэмдэглэгээний хүснэгтийг ашиглан явуулсан судалгааны дүн зэрэг болно.

 


Дэлгэрэнгүй мэдээллийг

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас