СЗДК нь хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй, мөн өөр мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн хүмүүсийг сэтгүүл зүйн салбарт мэргэшүүлэх зорилготой зургаан сарын сургалт юм.
Уг сургалтыг 1996 оноос хойш жилд нэг удаа тасралтгүй зохион байгуулж, нийт 26 удаагийн төгсөлтөөр 500 гаруй хүнд сэтгүүл зүйн мэдлэг, чадварыг эзэмшүүлж, мэргэшүүлээд байна.
Энэхүү сургалтын явцад сэтгүүл зүйн бичлэгийн үндсэн төрөл зүйл, эрэн сурвалжлах сэтгүүл зүй, дата сэтгүүл зүй, хөгжлийн сэтгүүл зүй, хэл найруулга, сэтгүүлзүйн ёс зүй болон эрх зүйн мэдлэг олгоно. Мөн гэрэл зураг авах, сонины эх бэлтгэх, аудио болон видео эвлүүлэг хийх, цахим орчинд мэдээллийг нягтлан шалгах, Интернэтэд ахисан түвшний судалгаа хийх, ухаалаг утсаар контент бүтээх, нийгмийн мэдээллийн сүлжээг сэтгүүл зүйд ашиглах чадварыг хөгжүүлнэ.
Сэтгүүлзүйн дээд курсийн сургалтын хөтөлбөрийг Данийн Сэтгүүл зүйн сургуультай хамтран боловсруулж, Монголын сэтгүүл зүйн орчин нөхцөлд нутагшуулсан юм. Өнгөрсөн жилүүдэд НҮБ-ийн нэгдсэн хөтөлбөр, UNESCO зэрэг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр хөтөлбөрийн агуулга, заах барилыг олон улсын чиг хандлагад нийцүүлэн шинэчилсэн тул орчин цагийн сэтгүүл зүйд зайлшгүй мэдэх шаардлагатай агуулгыг бүхэлд нь хамарсан байдгаараа онцлог юм.