Монголын хэвлэл мэдээлэл олон нийтийн хүлээлтийг хэрхэн хангаж буйг тандах зорилго бүхий судалгаанууд нь хэвлэл мэдээллийн нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, мэргэжлийн ажлынх нь чанарын үнэлэмж болдог. 2015 онд явуулсан судалгаагаар судалгаанд оролцогсдын 57 хувь нь Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид ёс зүйтэй ажиллаж чадаж байна гэж үнэлсэн бол 2017 онд энэ үнэлгээ 8 хувиар буурсан байх жишээтэй. Түүнчлэн 2019 онд ахлах ангийн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар өсвөр үеийнхний 40 орчим хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ, мэдээлэлд шүүмжлэлттэй ханддаг болсныг харуулсан байна.