Шведийн Олон Улсын Хөгжлийн Хамтын Ажиллагааны Байгууллага, ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол” төслийн хүрээнд “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН СУУРЬ БОЛОВСРОЛ – ШААРДЛАГА ХЭРЭГЦЭЭ, ОРЧИН НӨХЦӨЛ” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, ЮНЕСКО-гийн Үндэсний Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, ХХЗХ-ны Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хөгжил, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Т.Батболд, ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү, Үндэсний номын сангийн бодлогын зөвлөлийн дарга Т.Баярлах нар болон бусад төлөөлөл оролцож мэдээллийн суурь боловсролд хамаарах асуудлаар салбар тус бүрд хэрэгжүүлж буй ажил, өнөөгийн нөхцөл байдлаа танилцуулж санал бодлоо солилцсон юм. Мөн энэхүү төслийн хүрээнд “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний форум”-ыг Монголд анх удаа зохион байгуулав. Форумд төрийн болон болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн төлөөлөл, дунд сургуулийн багш, албан бус сургалтын байгууллагын төлөөлөгч нийт 100 гаруй хүн оролцож, Монголд хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг хөгжүүлэхийн ач холбогдол, хэрэгцээ шаардлага, нөхцөл байдал, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв.