Хэвлэлийн Хүрээлэн нь ХБНГУ-ын Дойче Велле Академитай хамтран “Open data” төслийг хэрэгжүүлэв. Төслийн хүрээнд олон улсын нээлттэй өгөгдлийн өдрийг Монголд анх удаа тэмдэглэсэн бөгөөд өдөрлөгийн үеэр сэтгүүлч, иргэний нийгмийн төлөөлөгчдөд нээлттэй өгөгдлийн тухай мэдээлэл хийж, Монголд нээлттэй өгөгдлийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг танилцуулсан юм. “Open data” буюу “Нээлттэй өгөгдөл” төслийн хүрээнд их хэмжээний тоон мэдээллийг ашиглаж сэтгүүл зүйн эрэн сурвалжилсан бүтээл бэлтгэх чадавхийг дээшлүүлэх цогц хөтөлбөрийн хүрээнд Дата сэтгүүл зүйн таван сургалт, бүтээлийн хэлэлцүүлэг гурван удаа зохион байгуулав. Хэвлэлийн Хүрээлэнгийн багш нар төслийн зөвлөх Р.Ритцтэй хамтран “Дата сэтгүүл зүйн удиртгал”, “Дата өгөгдлийг дүрсжүүлэх нь”, “Дата анализ” зэрэг сургалтыг хамтран зохион байгуулснаас гадна Үндэсний Статистикийн хороо болон МУИС-ийн багш нартай хамтран статистикийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх арга зүйн нэмэлт сургалтуудыг тус тус зохион байгуулсан. Төслийн явцад сургалтанд оролцсон дөрвөн баг дата сэтгүүл зүйн бүтээл бэлтгэх тэтгэлэг авч, хоёр сар гаруйн хугацаанд сэдвээ судалсны үр дүнд Дата сэтгүүл зүйн дөрвөн бүтээл бэлтгэж, төслийн төгсгөлийн шатанд олон нийтэд танилцуулсан. Төслийн хаалтын үйл явдлыг “ИЛ МЭДЭЭЛЛИЙН ДАЛД УЯЛДАА” сэдвийн хүрээнд дата сэтгүүл зүй сонирхогч, дэмжигч, санхүүжүүлэгч зэрэг 60 гаруй хүний оролцоотой зохион байгууллаа.
“ИЛ МЭДЭЭЛЛИЙН ДАЛД УЯЛДАА” хэмээх энэхүү үйл явдлаар Монголын сэтгүүл зүйд дата сэтгүүл зүйн орон зай байгааг, үүнийг хөгжүүлэхийн тулд сэтгүүл зүйг дэмжих олон талын оролцоо шаардлагатайг харуулсан. Мөн энэ арга хэмжээний үеэр нээлттэй өгөгдлүүдийг нэг дор цуглуулж, байршуулсан “Open Data” портал сайтыг олон нийтэд танилцуулж албан ёсоор нээв. Уг сайтад төр засгийн 15 байгууллагын 199 дата мэдээллийн линк бий.