Монголын хэвлэл мэдээлэл Өнөөдөр 2018 он

2018-04-25

“Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” мониторингийн 19 дэх жилийн тайлан танд хүрч байна. 2017 оны хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоон мэдээлэл бүхий уг судалгааны мэдээллийг бүрдүүлэх ажил 2018 оны 01 дүгээр сараас эхэлж 2018 оны 4 дүгээр сар хүртэл дөрвөн сарын турш үргэлжиллээ. Энэ хугацаанд Харилцаа
Холбооны Зохицуулах Хороо, Монголын сайтын холбоо, шуудан компаниудын ирүүлсэн мэдээлэл болон Хэвлэлийн Хүрээлэнгийн өөрийн бааз дээр үндэслэн Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж буй 300 гаруй, орон нутагт ажиллаж буй 100 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллийг нэгтгэлээ.

Судалгааны мэдээллийг бүрдүүлэхдээ 30–35 асуулт бүхий анкетыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл тус бүрт илгээсэн. Улаанбаатар хотод байршиж буй хэвлэл мэдээллийн байгууллагын тухайд холбогдох албан тушаалтантай биечлэн уулзаж болон зарим тохиолдолд цахим шуудангаар, утсаар мэдээллээ авсан болно. Хөдөө орон нутгийн байгууллагуудаас мэдээлэл авахдаа цахим шуудан, утсаар ярилцлага хийх аргыг голчлон ашиглав.

2018 оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол улсын хэмжээнд 434 мэдээллийн хэрэгсэл /сонин, сэтгүүл, радио, телевиз, мэдээллийн сайт/ тогтмол ажиллаж байсан бөгөөд эдгээрийн 92 хувь нь буюу 402 нь мониторингийн судалгаанд хамрагдаж мэдээллээ ирүүлсэн болно.

Монголын хэвлэл мэдээллийн өнгө төрх, хөгжлийн явцыг илтгэдэг тус мониторингод оролцож мэдээллээ ирүүлсэн нийт хэвлэл мэдээллийн байгууллагууддаа талархал илэрхийлье. Тус мониторингийн мэдээлэлд үндэслэн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх олон төрлийн судалгаа, сургалт, үйл явдлууд зохион байгуулагдаж Монгол улсад төдийгүй олон улсын хэмжээнд хэлэлцүүлэг өрнөж буйг харж болно. Та бидний хүч, хөдөлмөрөөр Монголын хэвлэл мэдээллийн салбар цэцэглэн хөгжих болтугай.

 


Дэлгэрэнгүй мэдээллийг

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас