The Press Institute of Mongolia

Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клуб

Хэвлэлийн Хүрээлэнгийн санаачилгаар Байгаль орчин, аялал жуучлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Швейцарийн хөгжлийн агентлаг (SDC), Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага (FAO) хамтран “Ногоон дэлхий клуб“-ыг “Сэтгүүлчид ногоон дэлхийн төлөө” уриан дор 2009 оны 6-р сараас эхлэн ажиллуулж байна.
Клубийн зорилго нь Монголын байгаль орчны асуудлыг сурвалжлах цар хүрээг өргөжүүлэн сайжруулах, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэн мэргэшүүлэх юм. Ингэснээр олон нийтийн мэдлэгийг дээшлүүлж, байгаль орчинд аюултай хүчин зүйлсийг бууруулахад нөлөөлөлөх ач холбогдолтой болно.

Монголчууд байгаль орчны талаарх мэдээллээр цангаж буйг 2011 онд 500-аас дээш өрх айлаас авсан Хэвлэлийн Хүрээлэнгийн судалгаанаас үзэж болно. Судалгаанд оролцогчдын 60 хувь нь байгаль орчны мэдээлэл авахыг хүсдэг, ийм мэдээллийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзсэн бол 5 хүн тутмын нэг нь мэдээлэл хангалттай авдаг гэжээ.

Хүмүүс мэдэээллээр цангаж байгаа хэдий ч сонин хэвлэлийн материалын 1,7 хувь, телевиз болон радиогийн 1,3 хувь нь байгаль орчны асуудлыг сурвалжилдаг гэж Хэвлэлийн Хүрээлэнгийн 2006 оны судалгаагаар гарсан байна.
Сэтгүүлчид ихэвчлэн байгалийн гамшиг, яаралтай нөхцөл байдал, хүний буруутай үйл ажиллагааны тухай бичиж байна. Байгаль орчны тухай маш олон сэдэв, асуудал байгаа боловч сэтгүүлчдийн мэдлэг, туршлага дутмаг учир хангалттай бичдэггүй хэмээн судлаачид үзжээ.
Тиймээс байгаль орчны сэтгүүлчдийн клубийг үүсгэн байгуулсан бөгөөд энэхүү клубээр дамжуулан сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлж, олон нийтэд хүргэх мэдээллийн чанарыг сайжруулахыг зорьж байгаа юм.
Тус клуб нь гишүүддээ байгаль орчинд тулгамдсан асуудлаарх сүүлийн үеийн мэдээллээр тогтмол хангах, хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах сургалт, уулзалт, аялал, сурвалжлага, шилдэг бүтээлийн уралдаанд оролцуулах, гадаад дотоодын мэргэжилтнээс зөвлөлгөө авах, дотоодын болон олон улсын хурал зөвлөлгөөнийг сурвалжлах зэрэг олон боломжийг нээж өгдөг. Өнгөрсөн хугацаанд бид дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, ус болон ойн асуудал, цөлжилт, биологийн төрөл зүйл, экосимтемийг хамгаалах, уул уурхайн гэх мэт байгаль орчны тулгамдсан олон асуудлыг хөндөж, эдгээр асуудлаар сэтгүүлчдийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор нийт 60 гаруй сургалт, дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлэг, аялалд сэтгүүлчдээ хамруулсан. Түүнчлэн байгаль орчны тулгамдсан асуудлуудыг сэтгүүл зүйн мэргэжлийн өндөр түвшинд хөндөж улмаар уг асуудалд олон нийт болон шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулахад сэтгүүлчдийг зоригжуулан урамшуулах зорилгоор сэтгүүлзүйн Шилдэг бүтээлийн уралдааныг хоёр удаа зохион байгуулсан.

Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх
“Ногоон дэлхий клуб”
Утас: 7011-3476, 350002

Түгээх: