The Press Institute of Mongolia

2024 ОНЫ ОЛОН УЛСЫН ЭХ ДЭЛХИЙН ӨДӨРТ БАЙГАЛЬ ОРЧНЫ СЭТГҮҮЛЧИД НЭГДЛЭЭ

Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд дэлхий даяар найман тэрбум тонн хуванцар үйлдвэрлэсэн бөгөөд үүний 90.5 хувийг дахин боловсруулаагүй, байгаль дэлхийд шингэж байна. Бид эрүүл, аюулгүй дэлхий дээр амьдрахыг хүсвэл хуванцрын үйлдвэрлэлийг дор хаяж 60 хувиар бууруулах шаардлагатай. Тиймээс дэлхийн 193 орны нэг тэрбум хүн энэ жилийн Эх Дэлхийн өдрийг ХУВАНЦАР ба ЭХ ДЭЛХИЙ сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубийн гишүүд “Earthday-2024” өдөрт нэгдэж, “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ЭХ ДЭЛХИЙ” сэдвээр Монгол орны нөхцөл байдлыг ярилцлаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын хэлтсийн дарга Б.Ганзориг, хог хаягдлын менежментийн “Өнгө нэм” ТББ-ын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Н.Амгалан-Эрдэнэ, минималист, найруулагч Ц.Нямдулам нар оролцлоо.

Өнөөдөр дэлхий дахинаа нэг минут тутамд нэг сая гялгар уут, жилд нийтдээ 500 тэрбум гаруй гялгар уут үйлдвэрлэгдэж байна. Үйлдвэрлэлийн энэ эрчээр явбал 2050 он гэхэд 12 тэрбум тонн хуванцар хаягдал хогийн цэг дээр хаягдах болно.

Дэлхий нийтээр хүн төрөлхтөн, эх дэлхийн сайн сайхны төлөө 2040 он гэхэд бүх хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 60 хувиар бууруулахыг “Эх дэлхийн өдөр-2024”-өөр шаардаж эхэллээ. Хуванцаргүй ирээдүйг хойч үедээ үлдээх нь эцсийн зорилго юм.

Түгээх: