The Press Institute of Mongolia

ГАДААД МЭДЭЭ БЭЛТГЭДЭГ СЭТГҮҮЛЧ, ОРЧУУЛАГЧ, ТОЙМЧДОД ЗОРИУЛСАН ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

Хэвлэлийн Хүрээлэнгээс Сэтгүүл зүйн инновац хөгжлийн үүр төвтэй хамтран гадаад мэдээ бэлтгэдэг сэтгүүлч, орчуулагч, тоймчдод зориулсан хөтөлбөр эхлүүллээ. Энэхүү хөтөлбөрийг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “ГАДААДЫН АВТОРИТАР НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХАД СЭТГҮҮЛ ЗҮЙН ҮҮРЭГ ОРОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ” төслийн хүрээнд зохион байгуулж байна.
Сүүлийн жилүүдэд олон улсын мэдээ, нийтлэл бичдэг сэтгүүлчдэд зориулсан сургалт тогтмол хийгдэхгүй байгаа бөгөөд нөгөө талд олон улсын нөхцөл байдал, бүс нутгаас дэлхийн хэмжээнд нэлээд өөрчлөгдөж байна. Иймд шинэ залуу тоймчид, сэтгүүлчдэд энэ талаар мэдлэг, мэдээлэл өгөх шаардлагатай байна.
Хөтөлбөрийн хүрээнд цуврал хоёр сургалт, гурван уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургалтаар сэтгүүлч, орчуулагч, тоймчдын хамтын ажиллагааг дэмжих, олон улсын мэдээний олон ургалч байдлыг хангах, аюулгүй байдал, олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад сэтгүүл зүйн үүрэг оролцоог дэмжих зорилготой.
Сургалтын агуулгыг нарийвчилбал гадаадын зарим түгээмэл эх сурвалжийн редакцын бодлогын талаарх ойлголтыг дээшлүүлэх, авторитар нөлөөлөл, мэдээллийг гуйвуулах арга технологи, баримтыг нягтлан шалгах хэрэглүүр, Хятад улсын талаарх нээлттэй мэдээллийн эх сурвалж болон тэдгээрийн онцлог зэргийн тухай шинэ мэдлэг өгөх, Монголын уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд түгээж буй гадаад мэдээний зарим жишээ кэйсийг хэлэлцэх, Монгол улсын гадаад бодлого, харилцааны зарим асуудлаар холбогдох мэргэжлийн хүмүүстэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүлэх, улмаар гадаад мэдээний сэтгүүлчдийн үндэсний сүлжээ байгуулах асуудлыг хэлэлцэж байна.
Дараагийн сургалт энэ сарын 27-нд болох бөгөөд Атлантын Зөвлөлийн Глобал Хятадын төвийн судлаач, сургагч багш Нива Яу хичээлийг удирдан явуулна.
Лавлах утас: 88098020, 97070709

Түгээх: