Америкийн ард түмний дэмжлэгээс бүрдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас санхүүжүүлж, Азийн сан болон Олон улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX) болон Хэвлэлийн Хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад Хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийг бэхжүүлэх MACSS төслийн хүрээнд хийгдэж буй “Vibrant Information Barometer” (VIBE) судалгааны арга зүйг танилцуулах уулзалт боллоо.
IREX болон АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас мэдээллийн орчин, чанартай мэдээллийг хэрхэн бүтээж ашиглаж байгааг судлах, олон улсын хэмжээнд харьцуулах боломжтой өгөгдлийг бий болгох зорилгоор “VIBE” судалгааны арга зүйг боловсруулжээ.
МАСSS төслийн хүрээнд Хэвлэлийн Хүрээлэн Монгол Улсын мэдээллийн орчныг үнэлэх судалгааг хэрэгжүүлэн ажиллах болно.
Ангилал: Мэдээ
-
Хэвлэлийн Хүрээлэнгийн Удирдах Зөвлөлийн ээлжит хурал боллоо
Тус хурлаар Хэвлэлийн Хүрээлэнгийн 2024 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тайлан, төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, хоёрдугаар улирлын төлөвлөгөө, төсвийг батлав. Нэгдүгээр улиралд тус Хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан урт, богино хугацааны сургалт найм, уулзалт, хэлэлцүүлэг гурвыг зохион байгуулж, таван төрлийн судалгааг хэрэгжүүж, ном, гарын авлага хоёрыг боловсруулж хэвлэв. Эдгээр ажлыг Хэвлэлийн Хүрээлэнгийн өөрийн санхүүжилтээр болон Internews/Earth Journalism Network, ЮНЕСКО, Хүүхдийг Ивээх Сан, Азийн сан / АНУ-ын ОУХА, IREX, зэрэг түншлэгч байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ. 2024 оны хоёрдугаар улиралд IREX/USAID-ийн дэмжлэг бүхий Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээс гадна VIBE Мэдээллийн орчны барометр судалгааны ажлыг зохион байгуулна. Мөн ЮНЕСКО-гийн дэмжлэгтэйгээр Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх хуульчдын сүлжээг бэхжүүлэх цуврал ажил хэрэгжүүлэхээс гадна 25 дах жилдээ хэрэгжиж байгаа Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр судалгааны тайланг эрхлэн гаргана. Эдгээр болон бусад 18 төрлийн ажлыг хоёрдугаар улиралд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг Удирдах зөвлөлөөс дэмжиж, тодорхой ажлууд дээр зөвлөгөө, чиглэл өгөв.
-
2024 оны ОЛОН УЛСЫН ЭХ ДЭЛХИЙН ӨДӨРТ нэгдэхийг урьж байна
Өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд дэлхий даяар найман тэрбум тонн хуванцар үйлдвэрлэсэн бөгөөд үүний 90.5 хувийг дахин боловсруулаагүй, байгаль дэлхийд шингэж байна. Бид эрүүл, аюулгүй дэлхий дээр амьдрахыг хүсвэл хуванцарын үйлдвэрлэлийг дор хаяж 60 хувиар бууруулах шаардлагатай. Тиймээс дэлхийн 193 орны нэг тэрбум хүн энэ жилийн Эх Дэлхийн өдрийг ХУВАНЦАР ба ЭХ ДЭЛХИЙ сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.
Байгаль орчны сэтгүүлчдийн “Ногоон дэлхий” клубын гишүүд “Earthday-2024” өдөрт нэгдэж, “ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ЭХ ДЭЛХИЙ” уулзалтаар Монгол орны нөхцөл байдлыг ярилцах гэж байна. Тус уулзалтад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын хэлтсийн дарга Б.Ганзориг, хог хаягдлын менежементийн “Өнгө нэм” төслийн менежер Д.Наранцэцэг, Vintage соёл түгээгч О.Энхзул нар оролцоно. Мөн энэхүү үйл явдлын үеэр Интерньюс хөтөлбөрийн дэмжлэгтэй Байгаль орчны сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөрийн олон улсын гэрчилгээ гардуулах ёслол болно.
2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 11.00 цагт Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн Төвд. -
“Сонгуулийн үеийн аюулгүй байдал” сэдэвт онлайн сургалт, хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
2024 оны 4-р сарын 18, 19)-нд, 09.30-13.00 цагт болно (ZOOM app)
Олон нийтийн эрх ашгийн төлөө дуу хоолой болж явдаг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, иргэний нийгмийн идэвхтнүүд, сошиал медиа нөлөөлөгчдөд зориулсан энэхүү сургалт, хэлэлцүүлгээр сонгуулийн үеэр цахим орчны, бие махбодын болон сэтгэлзүйн аюулгүй байдлаа хэрхэн хангах талаарх мэдлэг ойлголтыг түгээх болно. Сургалт хэлэлцүүлгийг Олон Улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX)-ийн экспертүүд, дотоодын мэргэжилтэн, сургагч багш нар удирдан явуулна.
Түүнчлэн, цахим орчинд худал мэдээлэл тараах, үзэн ядах үг хэллэг ашиглах гэх мэт технологиор дамжсан жендэрт суурилсан хүчирхийллийн тухай ойлголтыг өгч, ийм нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаарх мэдлэгийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрсдэлийг үнэлэх, аюулгүй байдлаа шалгах зэрэг олон улсад туршигдсан аргачлалыг хуваалцах юм.
Энэхүү сургалт, хэлэлцүүлгийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилт, Азийн сангийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулж байна.