Хөтөлбөрийг нээж MACSS төслийн захирал У.Мандах, IREX-н хөтөлбөрийн ахлах Лаурен Жавинс, Хэвлэлийн Хүрээлэнгийн захирал М.Мөнхмандах үг хэллээ.
Хөтөлбөрийн нээлтэд хэвлэл мэдээлэл, иргэний нийгэм, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төлөөлөгчид оролцлоо.
Хэвлэлийн Хүрээлэнгээс сэтгүүлч, хэвлэн нийтлэгч, иргэний нийгмийн идэвхтнүүдэд чиглэсэн “Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үндэсний тэтгэлэгт хөтөлбөр” -ийг өнөөдөр нээлээ. Энэхүү үйл ажиллагааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сангийн “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.
Монгол Улсад эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх, эрэн сурвалжлах сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд уг хөтөлбөрийн зорилго оршино.
Хөтөлбөрт хамрагдсан хүмүүс эрэн сурвалжлах сэтгүүлчдийн чадавхыг бэхжүүлэх цуврал сургалтад суух, IJ lab-д ажиллах, интерактив уулзалт, хэлэлцүүлэгт оролцох, менторын удирдлага зөвлөмжөөр эрэн сурвалжилсан бүтээлийн судалгаа хийх, бүтээлийн тэтгэлэг авах болон хууль эрх зүйн иж бүрэн дэмжлэг хүртэх боломжоор хангагдана.