хэвлэлийн Хүрээлэн

“ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА” ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Хэвлэлийн Хүрээлэн нь сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчид, иргэний нийгмийн байгууллагуудад чиглэсэн үндэсний эрэн сурвалжлах сэтгүүл зүйн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын хэмжээнд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжих, эрэн сурвалжлах сэтгүүлчид болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой.
Хоёр дахь удаагийн сургалтад Хэвлэлийн хүрээлэнгийн сургагч багш нараас гадна Дани улсын сэтгүүл зүйн багш, сэтгүүлч Ларс Моллер, сэтгүүл зүй судлаач, доктор А.Оюунгэрэл, Machine Learning UB-үүсгэн байгуулагч Б.Билэгсайхан нар хичээл орж, оролцогчдод үнэтэй зөвлөгөө, мэдээлэл хуваалцлаа.
Тухайлбал багш А.Оюунгэрэл нь 11 удаагийн Пулицерийн шагналт СИАТЛ ТАЙМС СОНИН-ы жишээг лекцээр өгөв. СИАТЛ ТАЙМС СОНИН нь Америкийн баруун хойд нутагт хамгийн өндөр стандартад зориулагдсан зарчимч, чанартай, хараат бус, олон нийтэд үйлчилдэг сэтгүүл зүйгээр үйлчилдэг. Тэд уншигчдад өөр хаанаас ч олохгүй, орон нутгийн өвөрмөц, онцгой, гүн гүнзгий нөлөөллөөрөө үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг түүхүүдийг өгүүлдэг.
Хөтөлбөрийн тухайд:
Америкийн ард түмний дэмжлэгээс бүрдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сан, Олон Улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX)-ээс хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд энэхүү хөтөлбөр хэрэгжиж байна.
Хөтөлбөрт эрэн сурвалжлах сэтгүүл зүйн цуврал сургалт, IJ lab дадлага, интерактив уулзалт, хэлэлцүүлэг, менторинг, бүтээлийн тэтгэлэг, хууль эрх зүйн иж бүрэн дэмжлэг зэрэг багтана.
Тэтгэлэгт хөтөлбөр ирэх 10 дугаар сар хүртэл үргэлжилнэ.

Түгээх:
technologi.site