хэвлэлийн Хүрээлэн

“ХАМТЫН ЭРЭН СУРВАЛЖИЛГА – 2024” ҮНДЭСНИЙ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЖИЛИЙН ШИЛДЭГ БҮТЭЭЛҮҮДИЙГ ЗАРЛАЛАА

“Хамтын эрэн сурвалжилга -2024” үндэсний тэтгэлэгт хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа Хэвлэлийн Хүрээлэнд боллоо. Энэхүү хөтөлбөрийг Америкийн ард түмний дэмжлэгээс бүрдсэн АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сан, Олон Улсын судалгаа, солилцооны хүрээлэн (IREX)-ээс хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь” (MACSS) төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид эрэн сурвалжлах сэтгүүл зүйн дөрвөн багц цуврал сургалтад хамрагдаж, IJ lab дадлага, менторын дэмжлэгтэй судалгаа хийж, бүтээл туурвихад шаардлагатай арга зүй, туршлагыг эзэмшлээ. Мөн интерактив уулзалт, хэлэлцүүлэгт оролцож, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээлийн тэтгэлэг хүлээн авсан юм.
Арга хэмжээний үеэр Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлор, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн захирал Томас Крэхан, Хэвлэлийн Хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) М.Мөнхмандах, Олон улсын судалгаа, солилцооны хүрээлэн /IREX/-гийн Хэвлэл мэдээллийн зөвлөх Ж.Оюунцэцэг нар үг хэлж, хөтөлбөрийн үр дүн, ач холбогдол болон оролцогчдын амжилтыг онцоллоо.
Хөтөлбөрийн оролцогчид хагас жилийн хугацаанд эрэн сурвалжлах сэтгүүл зүйн онцлог арга барилд суралцаж, хамтын судалгаа хийсэн нь эрэн сурвалжлах ажлын чанарыг дээшлүүлэхэд ихээхэн нөлөөлсөн байна. Ингэснээр орон нутгаас болон нийслэлээс сонгогдсон нийт 15 сэтгүүлч нийгмийн чухал асуудлуудыг гүнзгийрүүлэн судалж, бүтээлээ нийтэлжээ.

Хөтөлбөрийн шилдэг бүтээлүүд:

  • “LINE PEN” баг: “Туслах багшийн чадамжийн гэрчилгээ худалдаж авч байжээ”, “Бодлогоос гээгдсэн туслах багш”
  • “ДАРХЛАА” баг: “Эрүүл мэдийн даатгалын санг ингэж тонодог”
  • “МОНГОЛ ОЙ” баг: “Хөнөөлт шавжтай тэмцэх судалгаа, төсөв хөрсөн дээр буухгүй байна”
  • “ХӨДӨЛМӨР” баг: “Авто засварын газрууд дахь вьетнам “боолууд” ”
  • “ДААТГАЛ” баг: “Даатгалын компанийн далд жор”

Хаалтын үеэр оролцогчид төслийн хүрээнд хийгдсэн шилдэг бүтээлийг тодруулж, цаашид эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр хэрхэн хамтран ажиллах санал бодлоо хуваалцсан юм. Мөн зохион байгуулагчид болон дэмжигчид уг тэтгэлэгт хөтөлбөрийн амжилтыг тэмдэглэж, цаашид дараагийн тэтгэлэгт хөтөлбөрт илүү олон сэтгүүлч, иргэний нийгмийн идэвхтнүүд оролцож, Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн салбарыг бэхжүүлэхэд хамтран ажиллахыг уриаллаа.

Түгээх: