Хэвлэлийн Хүрээлэнгээс 1999 оноос хойш жил бүр эрхлэн гаргаж буй “Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” мониторингийн тайлан 21 дэх жилдээ танд хүрч байна. 2019 оны хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоон мэдээллийг бүрдүүлэх ажил 12 дугаар сараас эхэлж 2020 оны 3 дугаар сар хүртэл дөрвөн сарын турш үргэлжиллээ. Бидэнтэй хамтран ажиллаж, мэдээллээ цаг тухайд нь ирүүлсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудад болон тоон мэдээллийг нягтлан шалгахад тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Монголын сайтын холбоо, шуудан компаниудад гүн талархал илэрхийлье.
2019 онд хэвлэл мэдээллийн салбар хэрхэн өөрчлөгдсөнийг баримтжуулахын тулд тухайн жилд үйл ажиллагаа явуулсан хэвлэл мэдээллийн бүх байгууллагад судалгааны асуулгыг илгээв. Улаанбаатар хотод байршиж буй хэвлэл мэдээллийн байгууллагын тухайд холбогдох албан тушаалтантай биечлэн уулзаж болон зарим тохиолдолд цахим шуудангаар, утсаар мэдээлэл авлаа. Хөдөө орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдээлэл авахдаа цахим шуудан, утсаар ярилцлага хийж, анкетын дагуу шаардлагатай тоо баримтыг бүртгэсэн болно.
Тийнхүү мэдээлэл бүрдүүлсний үр дүнд Монгол улсын хэмжээнд 502 мэдээллийн хэрэгсэл /сонин, сэтгүүл, радио, телевиз, мэдээллийн сайт/ тогтмол ажиллаж байсан бөгөөд эдгээрийн 85 хувь нь буюу 426 нь мониторингийн судалгаанд хамрагдаж мэдээллээ ирүүлсэн болно. Судалгаанд хамрагдаагүй хэвлэл мэдээллийн байгууллагуудын дийлэнх нь мэдээллийн сайтууд байв.
Дэлгэрэнгүй мэдээллийг
Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас