Монголын хэвлэл мэдээлэл Өнөөдөр 2017 он

2017-05-29

“Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” мониторингийн 18 дахь жилийн тайлан танд хүрч байна. 2016 оны хэвлэл мэдээллийн хэрэгслийн статистик мэдээлэл бүхий уг судалгааны мэдээллийг бүрдүүлэх ажил 2017 оны 01 дүгээр сараас эхэлж дөрвөн сарын турш үргэлжиллээ. Энэ хугацаанд Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Монголын сайтын холбоо, шуудан компаниудын ирүүлсэн мэдээлэл болон Хэвлэлийн Хүрээлэнгийн өөрийн бааз дээр үндэслэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 300 орчим, орон нутагт ажиллаж буй 100 орчим байгууллагаас мэдээлэл цуглууллаа.

Судалгааны мэдээллийг бүрдүүлэхдээ 30 – 35 асуулт бүхий анкетыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл тус бүрт илгээсэн. Улаанбаатар хотод байршиж буй хэвлэл мэдээллийн байгууллагын тухайд холбогдох албан тушаалтантай биечлэн уулзаж болон зарим тохиолдолд цахим шуудангаар, утсаар мэдээлэл авсан болно. Хөдөө орон нутгийн байгууллагуудаас мэдээлэл авахдаа цахим шуудан, утсаар хийх ярилцлагыг голчлон ашиглав.

2017 оны нэгдүгээр улирлын байдлаар Монгол улсын хэмжээнд 446 мэдээллийн хэрэгсэл /сонин, сэтгүүл, радио, телевиз, мэдээллийн сайт/ тогтмол ажиллаж байсан бөгөөд эдгээрийн 90 хувь нь буюу 396 нь мониторингийн судалгаанд хамрагдсан болно.

Монголын хэвлэл мэдээллийн өнгө төрх, хөгжлийн явцыг илтгэдэг тус мониторингод оролцож мэдээллээ ирүүлсэн нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархал илэрхийлье. Тус мониторингийн мэдээлэлд
үндэслэн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх олон төрлийн судалгаа, сургалт, үйл явдал зохион байгуулагдаж Монгол улсад төдийгүй олон улсын хэмжээнд хэлэлцүүлэг өрнөж буйг харж болно. Та бидний хүч, хөдөлмөрөөр Монголын хэвлэл мэдээллийн салбар цэцэглэн хөгжих болтугай.

 


Дэлгэрэнгүй мэдээллийг

Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээлэл судалгааны албанаас