The Press Institute of Mongolia

“Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг хэрхэн багасгах вэ” сэдвээр Жендерийн Үндэсний Хорооноос мэдээлэл хийлээ

Жендерийн Үндэсний Хорооноос Монгол улсын ерөнхий сайдын захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө(2024-2027)”-г Хэвлэлийн хүрээлэнгийн ажилтнуудад танилцууллаа.
Тус хорооны Ажлын албаны эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг мэдээлэл өгөхдөө монгол эрэгтэй, эмэгтэй хүний наслалтын зөрүү сүүлийн жилүүдэд тасралтгүй нэмэгдэж, 9.6 хувь болсон нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр байгааг дурдаад үүнд эрүүл мэндийн салбар дангаараа үүрэг хүлээх бус олон салбар дундын нягт хамтын ажиллагаа чухал болохыг хэлсэн юм. Түүнчлэн наслалтын зөрүүг багасгахад Засгийн газар тодорхой ямар ажлууд хийхээр төлөвлөж буйг, үүнийг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах боломж, шийдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.
ЖҮХ-ноос эрэгтэйчүүдийн эрүүл мэндээ үл хайхрах буруу хандлагыг өөрчлөх, иргэн хүн бүрд бага балчираас нь эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, хорт зуршлаас зайлсхийх зэрэг нийгмийн эрүүл мэндийг дэмжих чиглэлд сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн салбарын байгууллагын үүрэг оролцоо их гэдгийг онцлов.
Монгол эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлд амьдралын буруу хэв маяг, архи, тамхины хэт их хэрэглээ, стресс бухимдал, нийгэм соёлын ялгаатай байдал, улс төр, эдийн засгийн сөрөг нөлөөлөл зэрэг нь голлох шалтгаан болж байгаа аж.

Түгээх: